Уул нь би Элбэгдоржийн төлөө саналаа өгмөөргүй л байгаа юм. Гэхдээ сонгууль болох өдөр санал хураах байран дээр очиж, Ц.Элбэгдорж гэдэг хүний нэрийг дугуйлах шалтгаан надад байна.
Тэртээ өнгөрсөн зууны эхний хагаст манай улс иргэдээ мянга мянгаар хэлмэгдүүлэн хороож байсан гэдэг. Тэр үед амьдарч үзэж хараагүй болохоор уншсан сонссоноороо л хэлж байна. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн хэлмэгдэгсийн үр удам.
Хэдэн жилийн өмнө эмээ маань аавыгаа цагаатгуулах гээд ээжээр хамаг хөөцөлдөх ажлыг нь хийлгэж байлаа. Хөдөө байдаг хөгшин хүн болохоор хотод тэр зүйлүүдийг хөөцөлдөх хэцүү. Тэгээд ээж маань нэлээн удаан хөөцөлдөж байж өвөөгөө буруугүй гэж цагаатгуулсан. Цагаатгахдаа төрөөс 1 сая төгрөг өгч байсан. Тэр үед эмээ маань аавыгаа цагаатгуулаад, сая төгрөг авахдаа үгээр хэлэхийн аргагүй баярлаж байсан. Түүнд сая төгрөг чухал байгаагүй. 6хан настай байхад нь чирүүлээд зодуулаад явсан аав нь эргэж ирээгүй. Эргэж ирээгүй эцэг нь ямар ч гэм буруугүй байсан гэдгийг нотлуулсандаа л баярласан.
Энэ бүгдийг хэн хийсэн юм бэ? Монгол Ардын Хувьсгалт Нам. Тухайн үедээ, одоо ч тэр энэ нам ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй. Тэдний тайлбар нь тэр үед бид байгаагүй гэж хэлдэг. 10 жилийн сурагч би энэ үгэнд нь итгэсээн. Тэр үед тэд ч , би ч байгаагүй. Биднээс огт өөр хүмүүс үйлдсэн нүгэл. Гэвч өнгөрсөн 7 сарын 1-нд тэд миний итгэлийг алдсан. Хэн байх нь хамаагүй, МАХН гэдэг нэрийн дор байдаг хүмүүс л ийм байдаг юм байна гэдэг ойлголтыг надад өгсөн. Өнгөрсөн зуунд тэд хэлмэгдүүлж "цэвэрхэн" үйлддэг байсан бол энэ зуунд тэд шөнө болохоор буугаа бариад гардаг болж. Бид их хэлмэгдүүлэлтийг, 2008 оны 7-р сарын 1-нтэй хамт мартаж болохгүй.
Ийм учраас би МАХН-с нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхгүй. Ийм учраас би МАХН-с нэр дэвшигчийг дахин Монгол улсын ерөнхийлөгч гэдэг нэрийн дор хармааргүй байна. Ийм учраас би Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгнө.
Энэ удаагийнхаа бичлэгийг түүхийн музейн урд байдаг хөшөөний доорх бичгээр төгсгөе.
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун!!!
Өвлийн өвгөн
4 months ago
No comments:
Post a Comment