Монголын түүх. Цаадах чинь гэнэт аймар том сэдэв барьж аваад бичих гэж байна гэж бодож байна уу айн. Үгүй шүү. Огт мэддэггүй юмныхаа талаар бичих гэж байна.
Анх блог хөтөлж эхэлсэн чинь хүмүүс надаас ямар түүхийн ном унших уу гэж их асууж эхэлсэн. Мэдэхгүй юм чинь юугаа санал болгох вэ. Монголын нууц товчоо, Алтан товч, Чингис хааны цадиг, Нүүдэл суудал гэсэн номнуудыг эргүүлж тойруулж харж байсан. Бүр жоохон байхдаа Монголын нууц товчоог уншиж байлаа. Тухайн үедээ түүхийн ном биш үлгэрийн ном уншаад байна л гэж бодож байсан юм. Чоно буга 2 эвцэлдээд хүүхэд төрүүлээд, тэгээд монголчууд бий болоод. Гэнэт нэг нүдтэй үлгэрийн хүүхэлдэйн дээр л гардаг "мангас" гараад ирнэ. Тэгж байтал бидний бахархдаг Тэмүүжин маань эцгээ алдана, дараа нь энд тэнд янз бүрийн юмнуудаас нуугдана, зугтана. Үүний өмнө нь билүү хойно нь ч билүү ах дүү нараа ална. Энэ номыг үлгэрийн ном шиг санагдуулсан нэг шалтгаан нь Алунгоо гэж бүсгүй гэртээ зүгээр хэвтэж байгаад жирэмсэн болдог хэсэг.
Тэмүүжин маань том болноо. Жамуха гэж андтай болно. Жамуха энэ 2 нийтдээ 3 удаа анд барилцдаг байхаа. Барилцах болгондоо тэврэлдэнэ, 2 биенээ үнсэнэ, нууц товчоон дээр байдаг үгийг яг санадаггүй ээ. Гэхдээ л тэр үгийг уншихаар мань 2 хүн нэг л эвгүй л юм хийгээд байх шиг байдаг юм.
Үүнээс хойш бөөн дайн тулаан. Баахан л юм болдог юм. Сүүлдээ харин Жамуха: Тэнгэрт 2 нар байдаггүй шиг, газарт 2 хаан байх учиргүй гэж хэлээд Тэмүүжингээс цаазын ял сонсдог. Тэр жил Жон Ленноны фен хэн билээ дээ, 2 Леннон байж болохгүй гээд Ленноныг алж байсан. Харин Жамуха өөрийгөө алуулж байдаг бас л сонирхолтой философи. За тэгээд Монголын нууц товчоо гэж нэг иймэрхүү, нийт 13 бүлэгтэй билүү. Сүүлийн 13 дахь бүлэгт нь Чингис хаан гардаггүй. Цаадах чинь зохиолын 12-р бүлэг дээр нас барчихдаг юм. Ер нь би хувьдаа түүхийн ном унших аймаар дургүй. Уул нь бид эх түүхээ мэдэж байх ёстой л доо. Агуу байсан үеэрээ бахархах ч ёстой. Гэхдээ өнөөдрийн энэ түүхээрээ бахархаж байгаа нь нэг л биш санагдаад байдаг юмаа.
Эрт дээр үед бурхан амьтдад нас тарааж л дээ. Эхлээд хүнийг дуудаад чамд 35 нас өглөө гэж. Гэтэл нөгөөх нь 35хан уу гээд чамлажээ. Бурхан гайхаад, заза тэгвэл түр хүлээж бай гэжээ. Дараа нь илжгийг дуудаад 35 нас гэтэл нөгөөх нь би тэгээд бүхэл бүтэн 35 жил ачаа үүрч хүнд зодуулах юм уу ихдэж байна гэж.
Бурхан нохойг дуудаад 35 насаа өгтөл угаадас идэж ийм удаан амьдрах юм уу гэжээ. Сармагчинг дуудаад өгтөл модонд дүүжлэгдэж, хүн амьтны элэг доог болж 35 жил амьдарч чадахгүй гэжээ.
Ингээд Бурхан бүгдийг нь цуглуулаад хүнд үндсэн нас 35, илжигний 15, дараа нь нохойны 15, тэгээд сармагчингийн 15 насыг ав гэжээ. Үүнээс хойш хүн гэж амьтан 35 хүрснээсээ хойш 50 хүртлээ илжиг шиг зүтгэж, дараа нь нохой шиг хуцдаг болж, сүүлд нь хүүхэд нохойн доог болж дуусдаг гэдэг яриа бий.
Ер нь эргэн тойрон дахь хүмүүсээ ажиглаад байхад жаахан хүүхэд ирээдүй ярьдаг. Би том болоод... гэж байгаал ярьж өгнө. Харин том хүн өмнөх ажлаа л хийнэ. Хөгшчүүл дандаа дурсамжаа ярина. Намайг залуу байхад гээл эхэлнэ дээ. Харин яг үүнийг хүн дээр биш нийт улсын хэмжээнд авч үзэхэд Монголчууд бид яг хөгшин хүн шиг болчихжээ. Эрт дээр үед бид чинь тийм байлаа, Чингис хаан маань тэгж байлаа гээл онгирох сайрхах зүйл дэндүү ихтэй. Яг л амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өнгөрөөж буй, түүнийгээ хэтэрхий сайн мэдэж буй хөгшин шиг л.
Өнгөрсөн баларснаа ярихаа болиод ирээдүйнхээ талаар ярьж мөрөөдөцгөөе өө. Чингис хаан дэлхийн талыг эзэлж байсан гэж хэлээд хэн ч өнөөдөр биднээс айхгүй, Пифагорын теоремыг эхлээд монгол хүн нээсэн гэж хэлээд хэн ч бидэнд юу ч төлөхгүй.
Мөрөөдөлтэй улс орон хөгждөг, дурсамж нь мөрөөдлөөсөө ихсэхээрээ улс сөнөдөг гэдэг.
Өвлийн өвгөн
4 months ago
3 comments:
Тээр нэг жил хэдүүлээ гоё байж билээ.
Одоо ч тийм цаг ирэхээсээ өнгөрсөн дөө... этр хахаха
nice blog :) iim blogto bsniig chn mededgui bsim bn,
Goyo bichsen bna.
Post a Comment