Saturday, January 29, 2011

Бидний "бодит" амьдрал

Энд нэг печень /жигнэмэг/ байнга авч иддэг юм аа. Идэх болгондоо, идэж дууссаныхаа дараа энэ ер нь дотроо хэдэн ширхэгтэй юм бол оо? гэж бодно. Байгаа бүтнээ тоолохоос залхуурна. Харин сая нэгийг задлаад тавган дээр тавихад яагаад ч юм уутан дотроосоо 2,3,4,5,6 гэж гарч ирээд өрчихөв. Одоо л тоог нь мэддэг хэрэг гэж бодоод (2+6)*5/2 =20 гээд гаргаад ирлээ.


Гэтэл гэнэт 4-р ангид байхад болсон явдал санаанд оров. Багш тооны хичээл дээр 1-ээс 100 хүртэлх тооны нийлбэр ол гэсэн юм. Хүүхдүүд эхнээс нь нэмж эхэллээ, харин би Гауссын томьёог мэддэг байлаа. Нээх удалгүй хариуг нь хэлтэл багш гайхаад яаж олчихов, /багш Гауссын томьёог мэддэггүй/ гээд олсон аргаа тайлбарла гэтэл надад тайлбарлах арга олддоггүй. Учир нь би үүнийг Гауссын томьёо гэж мэддэггүй, өмнө 1-ээс 10 хүртэл тооны нийлбэр олохдоо ийм уялдаа байгааг олж харсан байсан юм. Багшаа энэ зүгээр л хамгийн их тоог нь 1 дээр нэмээд нийт тооныхоо талаар үржүүлэхээр гараад ирдэг юм гэхээс өөр юм хэлж чадахгүй байлаа.

Энэ түүх надад дандаа нэг юм бодогдуулдаг юм. Дэлхий ертөнц хөгжөөд л, шинэ нээлтүүд гараад л байдаг...

Бага байхдаа ангийнхантайгаа учиргүй пентиум процессор, рам, хард энэ тэр гээд л, яг юу байдгийг нь мэдэхгүй ч тоо нь өсөх тусам сайн л гэж мэдэхээс цаашгүй. Бидний өнөөдрийн амьдрал яг л ийм байдаг. Бид 50 жилийн өмнөх хүний төсөөлөө ч үгүй зүйлийг хэрэглэдэг, бас "мэддэг". Мэддэг гэдэг үгийг хашилтанд хийсэн учир нь яг одоо халаасанд чинь эсвэл ширээн дээр чинь, эсвэл гартаа атгаж байгаа гар утсаа та мэдэх үү? Хэрэглэж мэдэх ч яг юу болохыг нь мэдэх үү? Би лав мэдэхгүй гэж хариулна, учир нь мэдэхгүй юм чинь.

20 жилийн өмнөх бага ангийн багш нар, 18-р зуунд төрсөн хүний олж нээсэн томьёог мэдэхгүй байсантай адил. Бидний энэ ертөнц оршин байгаа хүмүүсээсээ үргэлж түрүүлж явдаг юм шиг санагддаг. Тиймдээ, аливаа зүйл яаж ч муудаж байсан сайжрах тийшээгээ явдаг гэдэг хэлц бий болсон болов уу? эсвэл шал өөр зүйлийг хольж хутгаад байна уу?

Ямартай ч хүний нийгмийн харилцааг философи, хөгжлийг математик авч явдаг л үнэн байх. Хаа байсан эртний Грекийн Сократын үзэл, Аристотелийн улс төрийн онол бидний өнөөгийн нийгмийн тогтолцооны суурь болж, математикийн шинжлэх ухаан бидний "өнөөдөр"-өөс 400 жилээр түрүүлж яваа гэдгээс тодорхой болов уу?

Ер нь тэгээд одоо 21-р зуун гараад нилээн хэдэн жилийн нүүр үзчихлээ, бид яах ёстой вэ? яаж амьдрах ёстой вэ? Бүх зүйлийг мэддэг чаддаг болж "тэнэг" биш байдлаар амьдрах уу? Өлссөн хүний аяганд хоол хийж өгч өөртөө хоол олж идэх байдлаар явах ёстой юу? Чи тоонд дургүй ч, тоо боддог хүн байдаг болохоор дэлхий ертөнц хөгждөг гэдэг зарчмаар, өлсөхгүй хооллож, даарахгүй хувцаслаж өөрийгөө болгох уу?

Өнөөдрийн 4-р ангийн хүүхэд, 14-р зууны үеийн бүх нээлтээс илүүг мэддэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр өнөөдрийн амьдрал өчигдрийнхөөс хэцүү. Үүнийг Мур /Moore/ гэж нөхөр тодорхойлсон байдаг. Нэг жилийн дотор нэгж талбайд ноогдох транзисторын тоо 2 дахин нэмэгдэнэ гэж. Энэ онол бүхий л зүйл дээр хэрэгждэг. Жишээ нь өнөөдөр авч байгаа хамгийн сайн үзүүлэлттэй писи чинь жилийн дараах хамгийн сайнаас 2 дахин муу, эсвэл жилийн дараа өнөөдөр авч байгаа писитэй ижил нь 2 дахин хямд болсон байна.

Энэ талаар нэг хүнтэй ярихад тэрээр, энэ жил 5 ном уншсан бол дараа жил ядаж 10 ном унших хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжлөөс хоцорно, учир нь мэдээллийн хэмжээ үнэндээ 2-оос олон дахин нэмэгдэж байна гэж хариулж байсан. Мөн, мэдлэг 6 сарын дотор 2 дахин нэмэгддэг гэсэн үг ч байдаг.

Эцэс төгсгөлгүй цикл болсон хүний нийгэм үнэндээ улам хийсвэр болж байна даа. Уул нь хүн гэдэг амьтан бусад амьтадтай адил ус уугаад, өлсөхгүй хооллоод байхад л хорвоогийн жамаараа оршин тогтноод эцэслэнэ шүү дээ. Хүн бусад амьтдаас ялгаатай болохоор хөгжил гэгч хийсвэр зүйл рүү яваад байна уу эсвэл хөгжил хүнийг улам хийсвэр зүйл рүү тэмүүлэх тэмүүллийг бий болгоод байна уу?

Бид одоо идэх гэж амьдраад байна уу, амьдрахын тулд идээд байна уу?

Сайхан хоол идэх үедээ идэх гэж амьдраад байгаа юм шиг санагдана, өлссөн үедээ юу ч хамаагүй ходоод руугаа чулуудахад амьдрах гэж идэж байгаа юм шиг санагдана...

2 comments:

хи сара said...

goy bichleg boljee, haayaa ch bodogddog l iin, buh ym engiinluugee ergeed yavdag bol, daanch science technology hogjil butsaad humuustee heregtei bgaa bolhoor ch yaaltai, medehgui ee zov tiisheegee l yavjiigaa bh gj nadaal alhaad l bgaa bhdaa hun turulhtun, bi ch odoohondoo enjoying the ride kkk

Mendee黒川 said...

Hoo yostoi saihan bichjee^^
Jiliin daraa bi lav 2dahin ih iddeg bolnoo kk