Зээ цаана чинь Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлээд бөөн юм болж байна. Бодвол бүгд л үзэж баясцгааж байгаа байлгүй. 4 жилд нэг удаа дэлхий нийтийг нэг зүйлд анхаарлыг нь хандуулдаг хөлбөмбөг гэж гайхамшигтай спорт шүү.
Энэ удаагийн дэлхийн аваргын онцлог нь энэ тэр гээд балай юм жаал ярьчий. Африк тивд, тэр тусмаа Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болж буйгаараа ихээхэн онцлогтой билээ. Тэртээ 15 жилийн өмнө, 1995 онд Rugby гэж спортын дэлхийн аваргыг зохион байгуулж байсан улс. Тэр үед ӨАБНУ-ын багийг бүгд л амархан хожчихно гэж байсан боловч, Ерөнхийлөгч Нелсон Мандела ид шидийн увидасын хүчээр, нутагтаа болсон дэлхийн аваргын тэмцээнд Өмнөд Африкчууд түрүүлсэн билээ. Ид шид, увидас энэ тэр гээд юун сүрхий юм биччихэв ээ. Заза тэр яахав, хүн бүхэн таавар хэлж, баг дэмжиж байгаа үед өөрийнхийгөө бас бичье.
Би бээр 1994 онд Роберто Бажо гэгч Итали эрийг дэмжиж анх дэлхийн аварга үзэж байлаа. Харамсалтай нь нөхөр Бажо маань 11 метрийн цохилтыг хаалган дээр дахиад 2 хаалга тавиад ч гоол орохооргүй цохиж, Бразилийн шигшээ багт хожигдож байсан юм. Ямартай ч үүнээс хойш үргэлж Италийг дэмждэг үнэнч фен нь. Гэхдээ 98, 2002, 06 гэсэн онуудад болсон дэлхийн аваргаар Роналдо гэгч Бразилийн гайхамшигтай довтлогчийг дэмжиж Бразилийг ялахад нь баярлаж, хожигдоход нь уйлж байлаа. Ямартай ч 2002, 2006 оны дэлхийн аваргат дэмждэг 2 баг маань түрүүлж намайгаа баярлуулсан юм.
Харин энэ жил Роналдо байхгүй, Бразил сонин биш. Харин Месси гээч нас, нуруу туруугаараа надтай адилхан өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн оргил болсон тэр залууг дэлхийн аварга авч, Пеле Марадона нарын зиндаанд хэлэгдэх тоглогч болчихоосой гэж туйлын их хүсэж, Аргентиныг дэмжиж сууна.
За тэгээд бусад багуудын хувьд гэвэл, Испани Португал хоёр хожигдвол баярлана. Бас Англи гэж заяагүй хэдэн нөхөр байна. Энэ 3 багийг их сайндаа хэсгээсээ гараад хожигдоно гэж тааж, бас горьдож байна. Бас Голланд адилхан. Хүмүүсийн хамаг горьдож дэмждэг багуудыг эрт хасагдуулах сонирхолтой сонин нөхөр байна уу?
Энэ жилийн хувьд харж, найдаж, битүү морь болчих вий гэж байгаа 2 баг нь, ӨАБНУ, Хойд Солонгос.
Хойд Солонгосын тамирчдыг заримдаа өрөвдөөд байдаг юм. Өчигдөр Бразилтай тоглож байгаа тоглолт нь сайхан л байна лээ. Гэхдээ хөөрхий тэр 9 дугаартай Жүн Тае Сэ гэж залуу гүйэ мөн өрөвдөлтэй байнаа. Муу хогнууд чинь хөөрхийг гоол хийхгүй бол ирэхээр нь буудна гэсэн байхаа. За ямартай ч Хойд Солонгос үхлийн хэсгээс 2-оор гарах болтугай.
Өмнөд Африк эзэн баг, муу тогловол онцгүй. Тэгээд ч тэдэнд ялан дийлэх хүсэл аль ч багаас илүү байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүн чадаж байгаагаасаа илүүг бүтээхийн төлөө зорих сайхан. 95 онд Мадиба, Регбигийн шигшээгээ итгэхэд бэрх амжилтанд хүргэсэн. Энэ удаа тэд аварга болдоггүй юмаа гэхэд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Заза тэгээд бөмбөг бөөрөнхий, юу ч болоо билээ. Бүгдээрээ дэлхийн аваргын тоглолтоо сайхан үзэцгээгээрэй.
Өвлийн өвгөн
4 months ago
No comments:
Post a Comment