Бид зургуулаа, гурван эрэгтэй, гурван эмэгтэй. Нэг эмэгтэй маань надаас нилээн дүү, өсвөр насны охин. Харин нөгөө хоёр нь надаас нилээн хэд эгч улсууд. Тэдний үеийн ах хүү энэ хоёрыгоо эргүүлэх санаатай. Танд яг аль нь таалагдаад байгаа юм гэхээр, аль нь ч хамаагүй ээ гэсэн хачин хариулт өгнө. Үлдэх нэг маань насаар надтай ойролцоо, ах ч байж мэдэх юм. Хачин жигтэй залуу, сониуч, хүмүүстэй хялбархан яриа өдөж, энэ тэрийг солилцож чаддаг.
Бид зургаа нэг л мэдэхэд нийлчихсэн, найзууд шиг гэхээр арай биш. Нэг тийм хамт олон болчихсон байлаа.
Гэнэт бороо орж, аянга цахиж, хүчтэй шуурга дэгдэв. Цаг уурын мэдээгээр ийм юм болно гэж байсан гээд тоосон шинжгүй шилэн аягатай жүүснээсээ соруулаар сорох нөгөө залуу бас л сонин харагдана. Яг энэ үед эргэн тойронд хүмүүс сандралдана. Учир нь далайн шуурга эхэлж аюултай болон ус бидэн рүү хүчтэй давалгаална. Нэг мэдэхэд л тэнд аюулгүй гэж бие биедээ хэлэн зургуулаа гүйлдлээ. Гэвч усан онгоц живэхэд хөлгийн хаана байх тийм ч чухал биш хэмээн ах хүү тамхиа асаан хээв нэг хэлж байгаа нь өнөөх хоёр эгчид лут эр хүн болж харагдах гээд байгаа ч юм шиг.
Аюул тулгарах үед хамгийн сул дорой нэгнийг дэргэдээ байлгаж хамгаалах гэж оролддог зөнгөөрөө охины гараас чанга атгаснаа өөрөө ч мэдсэнгүй. Яг энэ үед онгоцны тавцан дээр хүчтэй давалгаан ус гарч ирэн буцахдаа биднийг хамт авч явав. Тэрхэн хоромд бид яагаад өдий болтол тавцан дээр л байгаад байсан юм болоо гэж бодогдов.
Усан дунд орон эргэлдсээр л, харин гэнэт бид усанд биш зүгээр л эргэлдээд байгаагаа мэдлээ. Эргэхээ болих мөчид бид нэгэн хотын төв талбайн яг голд бүгд хоёр хөлөөрөө буулаа. Би өөрийнхөө ямар хувцастай байсныг мэдэхгүй, харин бусад маань яг л 19 дүгээр зууны хүмүүс шиг хувцастай харагдаж байлаа. Хот ч гэсэн, яг л 19 дүгээр зууны европын нэгэн хот, хүмүүс нь ч гэсэн. Тэд биднийг бүчихгүй ч хаа нэгтээ холоос, ер бусын ч гэмээр замаар ирсэн гэдгийг мэдэж байлаа. Хотын хүмүүсийн харц нь их сонин, ямар нэг зүйл горьдсон ч гэмээр юм шиг. Энэ үед бидний нэг болох дэрэвгэр цагаан даашинзтай охин Алиса гайхамшгийн орон руу хүрэхдээ туулайны хойноос дагаж гүйдэг шиг хүмүүсийн дундуур гүйн алга боллоо. Хойноос нь юу ч хэлж амжилгүй алдчихав. Харин үлдсэн бид хэд бие бие рүүгээ гайхан харсаар. Би одоо ч гэсэн "найзуудынхаа" нэрийг огт мэдэхгүй, яаж яваад нийлчихсэнээ санахгүй байна. Гэтэл манай жигтэй залуу, энэ газар надад нэг л хэвийн бус санагдаад байна гэсээр нөгөө охин шиг хүмүүсийн дундуур алхаад алга болов. Би бас л хаашаа, яах гэж, юу гээд асууж амжилгүй л явуулчихав. Энэ үед хүмүүсийн дундаас дэрэвгэр даашинзтай, 19 дүгээр зууны баячуудын эхнэр болов уу гэмээр авгай нар инээмсэглэсээр бидний хажууд гарч ирлээ. Маш уриалгахнаар манай нөгөө гуравтай мэндчилэн танилцаад, надтай инээмсэглэн мэндлээд нөгөө хэдийг маань аваад явчихав.
Эргэн тойрноо ажиглаад, ямартай ч хүмүүсийн дунд ороод юу байгааг сонирхохоор шийдлээ. Халаасандаа гараа хийдэг зуршлаараа хийтэл, гар утас байна. Орчинтойгоо харьцуулбал нилээн сонин парадокс. Нэг ч хүний дугаар байхгүй, ажилладаг эсэх нь мэдэгдэхгүй, ер нь тэгээд утас эсэх нь ч эргэлзээтэй. Гэвч эргэн тойрон маань илүү сонирхолтой байсан тул буцааж халаасандаа хийн алхлаа.
Гэтэл шаргал үстэй өндөр нэгэн эмэгтэй өөдөөс бүжиглэх гүйх хоёрын дундуур хүрч ирэн хоёр гарыг маань барин дуулах ярих хоёрын заагаар "Чи л надад туслах ёстой" гэсэн утгатай юм хэллээ. Үнэнийг хэлэхэд надад гуйлга гуйж байгаа юм шиг санагдаад гараа угз татан явах хэрэгтэйгээ хэлээд холдов. Хэд алхаад эргээд хартал бүсгүйн нүд "Чи миний хэлснийг ойлгосонгүй дээ" гэсэн шинжтэй харагдав.
Үнэхээр оньсого шиг байна. Энэ олон хүнтэй газар яг л зах шиг, гэвч юу зарж байгааг нь хайсаар бүтэн өдрийг өнгөрөөв. Хаана ирснээ, юу болоод байгаа талаар ойлгож байгаа нэг ч зүйл алга надад.
Булан тойрон эрх ямбыг үзүүлсэн хэсэг хүн гарч ирсний дотор ямбатай авгайчуултай цуг явсан манай гурав харагдлаа. Би ч бөөн баяр тэдэн рүү гүйх шахам очтол, бүгд эелдэг мэндчилээд оройн хоол идэхээр явж буйгаа хэллээ. Хоол гэж хэлэх үед нь л шууд өлсөж эхлэв. Ресторан руу явах хооронд, манай хоёр эгчийн нэг, залуудаа биеэ үнэлдэг байсан болов уу гэж таагаад байгаа эгчтэй ярилцав.
-Энэ хот гэхэд жижигхэн, тосгон гэхэд их соёлжсон газар байна. Яг ажил гэхээр зүйл хийдэг хүн байхгүй, хийдгүүд нь мөнгө олох гэж хийдэггүй. Дэлгүүрийн худалдагч чамаас мөнгө авахгүй, өгье гэсэн ч эднийд мөнгө гэдэг ойлголт байхгүй. Сонирхолтой нь хотоос гарах зам би өдөржин явахдаа олж харсангүй. Машин байх шинжгүйг чи харсан байх, морь, тэрэг гээд аль нь ч байхгүй. Сонин газар боловч надад их таалагдаж байна, зөв хүмүүстэйгээ ч олж танилцлаа гэж байна.
Хоолны газар ороод ширээний ард суух зуур хүмүүс ярилцана. Үнэн хэрэгтээ би тэдний юу ярьж байгааг огт ойлгохгүй байлаа. Магадгүй анхаарлаа өөр зүйлд хандуулаад сонсохгүй байсан ч байж болох юм. Ямартай ч манай ах хүү аль хэзээний английн сурвалжит гаралтай хүн шиг болчихсон, над руу нүдний шилнийхээ дээгүүр харан, гаансаа баагиулан, чи ч залуу байгаа болохоор их сониуч байх нь аргагүй гээд юу ч болсон шинжгүй сууна.
Энэ бүхэн надад огт таалагдахаа болилоо. Уучлаарай гэж ширээний ард буй хүмүүст хандан хэлээд гарч одов. Хоолны газраас гараад зүүн тийшээ харвал тавиад метрийн цаана буй нэгэн аркийн эргэн тойронд насны хувьд ойролцоо, гэхдээ байр байдал нь бусад хүмүүсээс нилээн ихэмсэг шинжтэй залуучууд харагдлаа. Эргэлзэж тээнэгэлзэх юу ч үгүй шууд л тэр зүг рүү чиглэн аркаар ортол, ямар нэг юмны клуб шинжтэй газар байв.
Урагшаа алхах тусам хөл бадайрна, ялангуяа эргэн тойрон дахь хүмүүсийн өлсгөлөн харц жихүүцэл төрүүлнэ. Харин яг энэ үед манай жигтэй залуу хүмүүсийн дунд харагдлаа. Бөөн баяр түүн рүү очин, энэ юун учиртай газар вэ гэвэл, тэрээр нөгөө эгчийн хэлснээс эвгүй зүйлүүдийг хэлэв.
- Хаана байгааг чинь хэлэхийн өмнө, эргэн тойрноо сайн ажиглахыг хүсье. За за чамд хялбарчилж өгье. Ам руу нь хар!
Бүх хүний ам руу нь ээлж дарааллуулан харлаа. Бүгд адил, ярзайсан шүднүүд, урт соёо.
-Яг вампир шиг харагдаж байна.
-Аанхаан, яг зөв.
-ЮУ?!
-Тийм ээ тэд цус сорогчид.
Миний хувьд айх сандрах шууд зэрэгцэв. Амнаас үг гарахгүй, юу асуухаа, яах аа ч мэдэхгүй түгдчин сандарч эхлэв. Харин нөгөөх маань, тайван бай. Тэд бид хоёрыг яах ч үгүй, гэхдээ одоохондоо.
-Тэгээд хэзээ?
-Өнөө шөнө.
-Өнөө шөнө өө?
-Тийм ээ, гэхдээ үгүй ч байж магадгүй.
-Юу гэсэн үг вэ?
-Чамд би олж мэдсэн зүйлээсээ хэлж өгье. Энэ газрыг цус сорогчид захирдаг. Би энд залуучуудынх нь клубт орчихоод байж байна. Манай нөгөө гурвын уулзаж байгаа хүмүүс бас цус сорогчид, гэхдээ гэрийн эзэгтэй нар гэх юм уу даа. Харин жинхэнэ удирдагчид нь зөвхөн "хоолны шөнө" л гарч ирдэг.
-Хоолны шөнө өө?
-Тиймээ, тэд сардаа нэг удаа хэсэг хүмүүсийг сонгон авч хооллодог. Өнөө шөнө бол хоолны шөнө.
-Юу ч хэлэхээ мэдэхээ байн хэсэг зогслоо. Чи энэ бүгдийг яаж мэдэж авсан юм? Хоол болдог хүмүүс нь хаана байгаа юм?
-Чиний өдөржин явсан газар тэр хүмүүс чинь л байлаа. Чи эргээд сайн бодвол, манай бяцхан охин цус сорогч хүүхдүүдийг дагаад гүйсэн юм. Жирийн зүйл харсан бол тэр тийм хурдан алга болохгүй. Би харин эднийг олж харсан юм. Хамгийн сүүлд чи ганцаараа үлдээд хаачихаа мэдэхээ байсан учир нь хэн ч чамайг сонирхоогүй. Хүмүүс мэдээж сонирхсон л байгаа. Гэхдээ тэд чамтай ярихаас эмээж байгаа.
-Яагаад?
-Бид хэд бүгдийн анхаарлын төвд байгаа. Харин чамтай хэн нэгэн ярих юм бол тэр цус сорогчдын анхааралд өртөнө. Тэдний анхааралд өртөнө гэдэг хүсэх зүйл биш болохыг чи өөрөө бодоод олчих байх.
Өдөржин яваад юу ч олж мэдэж чадаагүй, тэр бүсгүй яагаад тийм сонин байдлаар ярилцсаныг нь одоо л ойлгов.
-Чи энэ бүгдийг яаж мэдэж авсан юм?
-Энэ клубынхнээс.
Түүний энэ үг дотор жихүүцэл төрүүлэх шиг болов. Яаж ярьж чадаж байнаа?
Надад одоо яаж өөрсдийгөө амьд үлдээх вэ? гэдэг асуулт л тулгарав. Тэд өнөө шөнө хэсэг хүмүүсээр хооллоно. Тэр нь бид зургаа бол яах вэ?
Хамгийн түрүүнд бяцхан охиноо олох хэрэгтэй юм шиг санагдлаа. Гараад ийш тийшээ харав, дэмий л горьдлого. Тэгээд шууд нөгөө хоолны газрыг зүглэлээ. Дотор нь нөгөө хэд чалчсаар, манай гурав идэн, нөгөө хэд нь халбага сэрээгээ зүгээр л хөдөлгөнө.
Ах хүүг шууд татан ярилцах хэрэгтэй байна гэж хэллээ. Түүний царай хүрэнтээд, уучлал эрэн ширээний араас өндийв. Бие засах өрөөний ойролцоо очоод, манай хүн учиргүй зандран:
-Чи яаж байна, юу болоод байгаа юм?
-Тайван бай, би танд тийм ч таатай бус зүйл дуулгах гэж байна гээд, мэдсэн бүгдээ ярьж өгөв.
Түүний нүдэнд айдас хуран, ээрч эхлэв.
-Та гол нь тайван байх хэрэгтэй, нөгөө хоёртоо хэл. Айж сандарч болохгүй шүү. Би сая хажууханд буудалд өрөө авчихлаа. Тэнд намайг хүлээж байгаарай гээд түлхүүрээ өгөв. Тэрээр юу ч хэлэлгүй толгой дохин бид хоёр саллаа.
Миний хувьд зургаа дахийгаа олох чухал байв. Хүн их цугласан нөгөө талбай дээрээ очлоо. Гэтэл хаанаас ч юм тэрээр гүйгээд гараад ирэв. Гайхан түүнийг харвал юу болоод байгааг гадарласан бололтой.
-Яасан, юу болсон?
-Тэр хүүхдүүд, муухай хүүхдүүд, бишээ аймар хүүхдүүд байна лээ гээд өөр юм хэлсэнгүй.
Үдэш бид өрөөндөө цуглацгаав. Харанхуй болох мөчид бүгдийнх нь айдас улам нэмэгдэв. Ганц том ортой өрөө болохоор тавуулаа шахцалдан хэвтэнэ. Үнэн хэрэгтээ айсан улсуудад харин ч сайхан байв. Манай жигтэй залуу харин цонхны хажуу дахь буйдан дээр тухлан, шилэн аяганд хийсэн мөстэй ямар нэг юм шимэн тамшаална. Тэгснээ гэнэт, та хэд айх хэрэггүй ээ. Өнөө шөнө лав бидний ээлж биш.
-Чи яаж мэдэж байгаа юм?
-Тэдний хувьд бид шинэ хүмүүс, үнэхээр сонирхолтой байгаа.
Би үүнд итгэхийг хүссэн боловч, айдас дийлээд байлаа.
Гадаа нэгэн эмэгтэйн орь дуу тавин уйлах дуунаар сэрэн харвал өглөө болсон байв. Бид биш байлаа гэх бодлын хажуугаар юу болсон бол гэсэн бодол орж ирэн шууд л гарлаа. Хотын талбай дээр нэг эмэгтэй газар сөхрөн сууж уйлна. Дэргэдээ байх нэгнээс, яасан бэ гэж асуувал:
-Өглөө тэр гэртээ ганцаараа сэрсэн бололтой. Гэрийнхнээс нь нэг ч хүн байгаагүй гэж байна.
Хотынхон түүнийг хэсэг харж зогсож байгаад, тайвшруулж эхлэв. Ингээд бүгд эрэлд гарлаа. Хаагуур хайхаа, ер нь хайх талаар сайн ойлголтгүй би нөгөө хэдээ дагуулан бусад хүмүүсийг дагаад яваад л байлаа. Өдөр нар эгц дээрээс төөнөх үед олцгоов.
Бүсгүйн нөхөр, гурван охин, нэг хүү, гэрийн үйлчлэгч хоёр бүсгүйг бүгдийг нь нэг нүхэнд зэрэгцүүлэн хийсэн аймшигт дүр зургийг бид бүгд харцгаав. Хотынхон хоорондоо юу ч ярилгүй, яг л нэг хүн шиг бие биетэйгээ ойлголцон оршуулах ёслолыг чимээ гаргалгүй хийж дуусгав. Гашуудаж болохгүй, дуу авиа ч гаргаж болохгүй. Чимээ гаргасан нэгэн шууд золиос болсон түүх бий.
Үүний дараа бүгд байр байрандаа ирцгээн, юу ч болоогүй юм шиг амьдрал нь үргэлжилнэ. Харин манай жигтэй залуу хүмүүстэй ярилцан улам ихийг олж мэдэхийг оролдоно. Хэдэн өдрийн дараа тэрээр гэнэт бид эднийг алах хэрэгтэй гэж шууд хэлэв. Миний нүд орой дээр гаран,
-Яаж тэр үү? Эд чинь кинон дээр гардаг цус сорогчдоос шал өөр юм. Өдөр нартайд юу ч болоогүйм шиг явдгаас эхлээд
-Тийм болохоор л би хэдэн өдөр мэдээлэл цуглууллаа. Бид үүнийг хурдхан ярьж төлөвлөгөөгөө гаргахгүй бол тэд удахгүй гараад ирнэ. Хооллосноосоо хойш хоёр долоо хоног тэд хаашаа ч гардаггүй юм байна. Бидэнд одоо гурав хоног үлдсэн гэж хэлэхийг хоолны газар сууж байсан бусад хүмүүс сонирхон,
-Чамд ямар төлөвлөгөө байгаа юм? гэвэл өөр нэгэн,
-Бидний хувь заяа энэ, чи битгий биднийг бүгдийг нь алуулах гээд бай! гэвэл манай жигтэй найз маань урьдын адил тайван, өөртөө итгэлтэй байдлаар,
-Миний олж авсан хамгийн чухал мэдээлэл бол, хооллохоос гурав хоногийн өмнөөс тэд өлсөж эхлэн, шокалад амандаа хайлуулан уудаг. Энэ үедээ тэд хамгийн сул дорой болж эхэлдэг...
Өвлийн өвгөн
4 months ago
2 comments:
novel or dream? regardless,kino,ter dundaa twillight, vampire diary baga uz,keke :D
Наадуулыг чинь харин ёстой огт сонирхдоггүй дээ
Post a Comment