Friday, June 17, 2011

Сайн уу :D

Сайн уу хүмүүс ээ?
Зун цаг ирж байна, манай энд ямар цаг агаар өөрчлөгдөх биш :p
Ойрдоо блог млог байхгүй болжээ. Уул нь ганц 2 юм бичиж эхлээд хаячихсан, драфтад байж байгаа л юм байна.
Сүүлийн 3 сар сагсан бөмбөгийн тухай бичсээр блог руугаа бараг орсон ч үгүй.
Юм бичих гэхээр сагс л бодогдоод :D Юу хаана бичсэн юм бол гэж сонирхсон хүн gool.mn ийн сагсан бөмбөгийн нийтлэлийн хэсэг рүү ороод үзээрэй. Бичсэн хэдэн юм байгаа.
"Аз" болж NBA-н энэ улирал дуусч би нэг юм амьсгаа авлаа :p
Одоо шалгалтандаа бэлдэнэ дээ. Шалгалтанд бэлдээд ганц 2 ном эргүүлэхээр жаал жуул элий балай юм бодогддог юм, тэр үедээ блогтоо бичиж байнаа :D Read more

Saturday, May 7, 2011

..........

Бид зургуулаа, гурван эрэгтэй, гурван эмэгтэй. Нэг эмэгтэй маань надаас нилээн дүү, өсвөр насны охин. Харин нөгөө хоёр нь надаас нилээн хэд эгч улсууд. Тэдний үеийн ах хүү энэ хоёрыгоо эргүүлэх санаатай. Танд яг аль нь таалагдаад байгаа юм гэхээр, аль нь ч хамаагүй ээ гэсэн хачин хариулт өгнө. Үлдэх нэг маань насаар надтай ойролцоо, ах ч байж мэдэх юм. Хачин жигтэй залуу, сониуч, хүмүүстэй хялбархан яриа өдөж, энэ тэрийг солилцож чаддаг.
Бид зургаа нэг л мэдэхэд нийлчихсэн, найзууд шиг гэхээр арай биш. Нэг тийм хамт олон болчихсон байлаа.
Гэнэт бороо орж, аянга цахиж, хүчтэй шуурга дэгдэв. Цаг уурын мэдээгээр ийм юм болно гэж байсан гээд тоосон шинжгүй шилэн аягатай жүүснээсээ соруулаар сорох нөгөө залуу бас л сонин харагдана. Яг энэ үед эргэн тойронд хүмүүс сандралдана. Учир нь далайн шуурга эхэлж аюултай болон ус бидэн рүү хүчтэй давалгаална. Нэг мэдэхэд л тэнд аюулгүй гэж бие биедээ хэлэн зургуулаа гүйлдлээ. Гэвч усан онгоц живэхэд хөлгийн хаана байх тийм ч чухал биш хэмээн ах хүү тамхиа асаан хээв нэг хэлж байгаа нь өнөөх хоёр эгчид лут эр хүн болж харагдах гээд байгаа ч юм шиг.
Аюул тулгарах үед хамгийн сул дорой нэгнийг дэргэдээ байлгаж хамгаалах гэж оролддог зөнгөөрөө охины гараас чанга атгаснаа өөрөө ч мэдсэнгүй. Яг энэ үед онгоцны тавцан дээр хүчтэй давалгаан ус гарч ирэн буцахдаа биднийг хамт авч явав. Тэрхэн хоромд бид яагаад өдий болтол тавцан дээр л байгаад байсан юм болоо гэж бодогдов.
Усан дунд орон эргэлдсээр л, харин гэнэт бид усанд биш зүгээр л эргэлдээд байгаагаа мэдлээ. Эргэхээ болих мөчид бид нэгэн хотын төв талбайн яг голд бүгд хоёр хөлөөрөө буулаа. Би өөрийнхөө ямар хувцастай байсныг мэдэхгүй, харин бусад маань яг л 19 дүгээр зууны хүмүүс шиг хувцастай харагдаж байлаа. Хот ч гэсэн, яг л 19 дүгээр зууны европын нэгэн хот, хүмүүс нь ч гэсэн. Тэд биднийг бүчихгүй ч хаа нэгтээ холоос, ер бусын ч гэмээр замаар ирсэн гэдгийг мэдэж байлаа. Хотын хүмүүсийн харц нь их сонин, ямар нэг зүйл горьдсон ч гэмээр юм шиг. Энэ үед бидний нэг болох дэрэвгэр цагаан даашинзтай охин Алиса гайхамшгийн орон руу хүрэхдээ туулайны хойноос дагаж гүйдэг шиг хүмүүсийн дундуур гүйн алга боллоо. Хойноос нь юу ч хэлж амжилгүй алдчихав. Харин үлдсэн бид хэд бие бие рүүгээ гайхан харсаар. Би одоо ч гэсэн "найзуудынхаа" нэрийг огт мэдэхгүй, яаж яваад нийлчихсэнээ санахгүй байна. Гэтэл манай жигтэй залуу, энэ газар надад нэг л хэвийн бус санагдаад байна гэсээр нөгөө охин шиг хүмүүсийн дундуур алхаад алга болов. Би бас л хаашаа, яах гэж, юу гээд асууж амжилгүй л явуулчихав. Энэ үед хүмүүсийн дундаас дэрэвгэр даашинзтай, 19 дүгээр зууны баячуудын эхнэр болов уу гэмээр авгай нар инээмсэглэсээр бидний хажууд гарч ирлээ. Маш уриалгахнаар манай нөгөө гуравтай мэндчилэн танилцаад, надтай инээмсэглэн мэндлээд нөгөө хэдийг маань аваад явчихав.
Эргэн тойрноо ажиглаад, ямартай ч хүмүүсийн дунд ороод юу байгааг сонирхохоор шийдлээ. Халаасандаа гараа хийдэг зуршлаараа хийтэл, гар утас байна. Орчинтойгоо харьцуулбал нилээн сонин парадокс. Нэг ч хүний дугаар байхгүй, ажилладаг эсэх нь мэдэгдэхгүй, ер нь тэгээд утас эсэх нь ч эргэлзээтэй. Гэвч эргэн тойрон маань илүү сонирхолтой байсан тул буцааж халаасандаа хийн алхлаа.
Гэтэл шаргал үстэй өндөр нэгэн эмэгтэй өөдөөс бүжиглэх гүйх хоёрын дундуур хүрч ирэн хоёр гарыг маань барин дуулах ярих хоёрын заагаар "Чи л надад туслах ёстой" гэсэн утгатай юм хэллээ. Үнэнийг хэлэхэд надад гуйлга гуйж байгаа юм шиг санагдаад гараа угз татан явах хэрэгтэйгээ хэлээд холдов. Хэд алхаад эргээд хартал бүсгүйн нүд "Чи миний хэлснийг ойлгосонгүй дээ" гэсэн шинжтэй харагдав.
Үнэхээр оньсого шиг байна. Энэ олон хүнтэй газар яг л зах шиг, гэвч юу зарж байгааг нь хайсаар бүтэн өдрийг өнгөрөөв. Хаана ирснээ, юу болоод байгаа талаар ойлгож байгаа нэг ч зүйл алга надад.
Булан тойрон эрх ямбыг үзүүлсэн хэсэг хүн гарч ирсний дотор ямбатай авгайчуултай цуг явсан манай гурав харагдлаа. Би ч бөөн баяр тэдэн рүү гүйх шахам очтол, бүгд эелдэг мэндчилээд оройн хоол идэхээр явж буйгаа хэллээ. Хоол гэж хэлэх үед нь л шууд өлсөж эхлэв. Ресторан руу явах хооронд, манай хоёр эгчийн нэг, залуудаа биеэ үнэлдэг байсан болов уу гэж таагаад байгаа эгчтэй ярилцав.
-Энэ хот гэхэд жижигхэн, тосгон гэхэд их соёлжсон газар байна. Яг ажил гэхээр зүйл хийдэг хүн байхгүй, хийдгүүд нь мөнгө олох гэж хийдэггүй. Дэлгүүрийн худалдагч чамаас мөнгө авахгүй, өгье гэсэн ч эднийд мөнгө гэдэг ойлголт байхгүй. Сонирхолтой нь хотоос гарах зам би өдөржин явахдаа олж харсангүй. Машин байх шинжгүйг чи харсан байх, морь, тэрэг гээд аль нь ч байхгүй. Сонин газар боловч надад их таалагдаж байна, зөв хүмүүстэйгээ ч олж танилцлаа гэж байна.

Хоолны газар ороод ширээний ард суух зуур хүмүүс ярилцана. Үнэн хэрэгтээ би тэдний юу ярьж байгааг огт ойлгохгүй байлаа. Магадгүй анхаарлаа өөр зүйлд хандуулаад сонсохгүй байсан ч байж болох юм. Ямартай ч манай ах хүү аль хэзээний английн сурвалжит гаралтай хүн шиг болчихсон, над руу нүдний шилнийхээ дээгүүр харан, гаансаа баагиулан, чи ч залуу байгаа болохоор их сониуч байх нь аргагүй гээд юу ч болсон шинжгүй сууна.
Энэ бүхэн надад огт таалагдахаа болилоо. Уучлаарай гэж ширээний ард буй хүмүүст хандан хэлээд гарч одов. Хоолны газраас гараад зүүн тийшээ харвал тавиад метрийн цаана буй нэгэн аркийн эргэн тойронд насны хувьд ойролцоо, гэхдээ байр байдал нь бусад хүмүүсээс нилээн ихэмсэг шинжтэй залуучууд харагдлаа. Эргэлзэж тээнэгэлзэх юу ч үгүй шууд л тэр зүг рүү чиглэн аркаар ортол, ямар нэг юмны клуб шинжтэй газар байв.
Урагшаа алхах тусам хөл бадайрна, ялангуяа эргэн тойрон дахь хүмүүсийн өлсгөлөн харц жихүүцэл төрүүлнэ. Харин яг энэ үед манай жигтэй залуу хүмүүсийн дунд харагдлаа. Бөөн баяр түүн рүү очин, энэ юун учиртай газар вэ гэвэл, тэрээр нөгөө эгчийн хэлснээс эвгүй зүйлүүдийг хэлэв.
- Хаана байгааг чинь хэлэхийн өмнө, эргэн тойрноо сайн ажиглахыг хүсье. За за чамд хялбарчилж өгье. Ам руу нь хар!
Бүх хүний ам руу нь ээлж дарааллуулан харлаа. Бүгд адил, ярзайсан шүднүүд, урт соёо.
-Яг вампир шиг харагдаж байна.
-Аанхаан, яг зөв.
-ЮУ?!
-Тийм ээ тэд цус сорогчид.
Миний хувьд айх сандрах шууд зэрэгцэв. Амнаас үг гарахгүй, юу асуухаа, яах аа ч мэдэхгүй түгдчин сандарч эхлэв. Харин нөгөөх маань, тайван бай. Тэд бид хоёрыг яах ч үгүй, гэхдээ одоохондоо.
-Тэгээд хэзээ?
-Өнөө шөнө.
-Өнөө шөнө өө?
-Тийм ээ, гэхдээ үгүй ч байж магадгүй.
-Юу гэсэн үг вэ?
-Чамд би олж мэдсэн зүйлээсээ хэлж өгье. Энэ газрыг цус сорогчид захирдаг. Би энд залуучуудынх нь клубт орчихоод байж байна. Манай нөгөө гурвын уулзаж байгаа хүмүүс бас цус сорогчид, гэхдээ гэрийн эзэгтэй нар гэх юм уу даа. Харин жинхэнэ удирдагчид нь зөвхөн "хоолны шөнө" л гарч ирдэг.
-Хоолны шөнө өө?
-Тиймээ, тэд сардаа нэг удаа хэсэг хүмүүсийг сонгон авч хооллодог. Өнөө шөнө бол хоолны шөнө.
-Юу ч хэлэхээ мэдэхээ байн хэсэг зогслоо. Чи энэ бүгдийг яаж мэдэж авсан юм? Хоол болдог хүмүүс нь хаана байгаа юм?
-Чиний өдөржин явсан газар тэр хүмүүс чинь л байлаа. Чи эргээд сайн бодвол, манай бяцхан охин цус сорогч хүүхдүүдийг дагаад гүйсэн юм. Жирийн зүйл харсан бол тэр тийм хурдан алга болохгүй. Би харин эднийг олж харсан юм. Хамгийн сүүлд чи ганцаараа үлдээд хаачихаа мэдэхээ байсан учир нь хэн ч чамайг сонирхоогүй. Хүмүүс мэдээж сонирхсон л байгаа. Гэхдээ тэд чамтай ярихаас эмээж байгаа.
-Яагаад?
-Бид хэд бүгдийн анхаарлын төвд байгаа. Харин чамтай хэн нэгэн ярих юм бол тэр цус сорогчдын анхааралд өртөнө. Тэдний анхааралд өртөнө гэдэг хүсэх зүйл биш болохыг чи өөрөө бодоод олчих байх.
Өдөржин яваад юу ч олж мэдэж чадаагүй, тэр бүсгүй яагаад тийм сонин байдлаар ярилцсаныг нь одоо л ойлгов.
-Чи энэ бүгдийг яаж мэдэж авсан юм?
-Энэ клубынхнээс.
Түүний энэ үг дотор жихүүцэл төрүүлэх шиг болов. Яаж ярьж чадаж байнаа?

Надад одоо яаж өөрсдийгөө амьд үлдээх вэ? гэдэг асуулт л тулгарав. Тэд өнөө шөнө хэсэг хүмүүсээр хооллоно. Тэр нь бид зургаа бол яах вэ?
Хамгийн түрүүнд бяцхан охиноо олох хэрэгтэй юм шиг санагдлаа. Гараад ийш тийшээ харав, дэмий л горьдлого. Тэгээд шууд нөгөө хоолны газрыг зүглэлээ. Дотор нь нөгөө хэд чалчсаар, манай гурав идэн, нөгөө хэд нь халбага сэрээгээ зүгээр л хөдөлгөнө.
Ах хүүг шууд татан ярилцах хэрэгтэй байна гэж хэллээ. Түүний царай хүрэнтээд, уучлал эрэн ширээний араас өндийв. Бие засах өрөөний ойролцоо очоод, манай хүн учиргүй зандран:
-Чи яаж байна, юу болоод байгаа юм?
-Тайван бай, би танд тийм ч таатай бус зүйл дуулгах гэж байна гээд, мэдсэн бүгдээ ярьж өгөв.
Түүний нүдэнд айдас хуран, ээрч эхлэв.
-Та гол нь тайван байх хэрэгтэй, нөгөө хоёртоо хэл. Айж сандарч болохгүй шүү. Би сая хажууханд буудалд өрөө авчихлаа. Тэнд намайг хүлээж байгаарай гээд түлхүүрээ өгөв. Тэрээр юу ч хэлэлгүй толгой дохин бид хоёр саллаа.
Миний хувьд зургаа дахийгаа олох чухал байв. Хүн их цугласан нөгөө талбай дээрээ очлоо. Гэтэл хаанаас ч юм тэрээр гүйгээд гараад ирэв. Гайхан түүнийг харвал юу болоод байгааг гадарласан бололтой.
-Яасан, юу болсон?
-Тэр хүүхдүүд, муухай хүүхдүүд, бишээ аймар хүүхдүүд байна лээ гээд өөр юм хэлсэнгүй.

Үдэш бид өрөөндөө цуглацгаав. Харанхуй болох мөчид бүгдийнх нь айдас улам нэмэгдэв. Ганц том ортой өрөө болохоор тавуулаа шахцалдан хэвтэнэ. Үнэн хэрэгтээ айсан улсуудад харин ч сайхан байв. Манай жигтэй залуу харин цонхны хажуу дахь буйдан дээр тухлан, шилэн аяганд хийсэн мөстэй ямар нэг юм шимэн тамшаална. Тэгснээ гэнэт, та хэд айх хэрэггүй ээ. Өнөө шөнө лав бидний ээлж биш.
-Чи яаж мэдэж байгаа юм?
-Тэдний хувьд бид шинэ хүмүүс, үнэхээр сонирхолтой байгаа.
Би үүнд итгэхийг хүссэн боловч, айдас дийлээд байлаа.

Гадаа нэгэн эмэгтэйн орь дуу тавин уйлах дуунаар сэрэн харвал өглөө болсон байв. Бид биш байлаа гэх бодлын хажуугаар юу болсон бол гэсэн бодол орж ирэн шууд л гарлаа. Хотын талбай дээр нэг эмэгтэй газар сөхрөн сууж уйлна. Дэргэдээ байх нэгнээс, яасан бэ гэж асуувал:
-Өглөө тэр гэртээ ганцаараа сэрсэн бололтой. Гэрийнхнээс нь нэг ч хүн байгаагүй гэж байна.
Хотынхон түүнийг хэсэг харж зогсож байгаад, тайвшруулж эхлэв. Ингээд бүгд эрэлд гарлаа. Хаагуур хайхаа, ер нь хайх талаар сайн ойлголтгүй би нөгөө хэдээ дагуулан бусад хүмүүсийг дагаад яваад л байлаа. Өдөр нар эгц дээрээс төөнөх үед олцгоов.
Бүсгүйн нөхөр, гурван охин, нэг хүү, гэрийн үйлчлэгч хоёр бүсгүйг бүгдийг нь нэг нүхэнд зэрэгцүүлэн хийсэн аймшигт дүр зургийг бид бүгд харцгаав. Хотынхон хоорондоо юу ч ярилгүй, яг л нэг хүн шиг бие биетэйгээ ойлголцон оршуулах ёслолыг чимээ гаргалгүй хийж дуусгав. Гашуудаж болохгүй, дуу авиа ч гаргаж болохгүй. Чимээ гаргасан нэгэн шууд золиос болсон түүх бий.
Үүний дараа бүгд байр байрандаа ирцгээн, юу ч болоогүй юм шиг амьдрал нь үргэлжилнэ. Харин манай жигтэй залуу хүмүүстэй ярилцан улам ихийг олж мэдэхийг оролдоно. Хэдэн өдрийн дараа тэрээр гэнэт бид эднийг алах хэрэгтэй гэж шууд хэлэв. Миний нүд орой дээр гаран,
-Яаж тэр үү? Эд чинь кинон дээр гардаг цус сорогчдоос шал өөр юм. Өдөр нартайд юу ч болоогүйм шиг явдгаас эхлээд
-Тийм болохоор л би хэдэн өдөр мэдээлэл цуглууллаа. Бид үүнийг хурдхан ярьж төлөвлөгөөгөө гаргахгүй бол тэд удахгүй гараад ирнэ. Хооллосноосоо хойш хоёр долоо хоног тэд хаашаа ч гардаггүй юм байна. Бидэнд одоо гурав хоног үлдсэн гэж хэлэхийг хоолны газар сууж байсан бусад хүмүүс сонирхон,
-Чамд ямар төлөвлөгөө байгаа юм? гэвэл өөр нэгэн,
-Бидний хувь заяа энэ, чи битгий биднийг бүгдийг нь алуулах гээд бай! гэвэл манай жигтэй найз маань урьдын адил тайван, өөртөө итгэлтэй байдлаар,
-Миний олж авсан хамгийн чухал мэдээлэл бол, хооллохоос гурав хоногийн өмнөөс тэд өлсөж эхлэн, шокалад амандаа хайлуулан уудаг. Энэ үедээ тэд хамгийн сул дорой болж эхэлдэг...
Read more

Sunday, March 20, 2011

Статистикчдад дургүй байх нь

Статистикчид болон статистик гээч шинжлэх ухаанархуу юм яагаад ч юм хүмүүсийн мэдээлэл боловсруулах, тодорхой баримтад үнэлэлт дүгнэлт өгөхөд их ач холбогдолтой байдаг. Хүн бүхэн л статистик дүгнэлт, тоо баримт шаарддаг. Үнэндээ бол үүнгүйгээр, хов хоосон зүйл дээр бид дүгнэлт хийх ямар ч боломжгүй л дээ. Гэхдээ би эдэнд дургүй, учир нь тэд утгагүй зүйлүүдийг хооронд нь харьцуулж хүний ухамсарт нөлөөлөхийг оролддог.

Японы цацраг идэвхи, тэнд болж байгаа нөхцөл байдал, аюулын хэмжээг янз бүрээр тайлбарлахыг оролдоно. Хамгийн түгээмэл харьцуулалт нь мэдээж Чернобыл. Зарим монголчууд Улаанбаатарын утаатай харьцуулж байх юм? Тэмээ ямаа хоёрыг харьцуулах хэрэг бидэнд ер нь байна уу? Ямааны хоёр үүлдрийг хооронд нь харьцуулж байгаа бол өөр хэрэг. Харьцуулж болох зүйлсийг л хооронд харьцуулж байвал зүгээр биш үү нөхдөө?

Нилээн хэдэн жилийн өмнө дөө. Автомашин акулнаас аюултай гэсэн марзан тооцоо гаргасан байдаг. Жилдээ акуланд бариулж үхэж байгаа хүмүүс, машинаас болж амь насаа алдаж байгаа хүнтэй харьцуулахын аргагүй цөөхөн. Тэгэхээр бид машин унахаа больж, зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй харин акултай ус руу үсрэх нь илүү дээр болж байнаа даа?

Статистик тооцоог буруу зүйлд хэрэглэхэд харыг цагаан болгож харагдуулдаг.
Read more

Friday, March 18, 2011

Юу болоод байнаа, Японд?

Хэд хоногийн өмнө өглөө сэрээд, өглөө ч гэж дээ өдөр. Атлантын далайн яг төв хавьцааны цагаар амьдардаг болохоор ингээд хэзээ гэж хэлэхээ мэддэггүймаа. За тэр яахав...

Нүднийхээ нуухыг ч аваагүй нойрмог амьтан бусад өдрийн л адил писинийхээ ард суутал дүүтэйгээ холбоо барьсан уу цаана чинь Японд газар хөдлөлт, цунами гээд бөөн юм болж байна гэж ээж хэлж байх юм. Гайхаад гүүгэлдээд үзтэл нээрээ дэлхийн түүхэнд бичигдэх томуудыг нэг газар хөдлөлт болжээ. Хүн л болсон хойно таньж мэдэх хүмүүстэйгээ холбогдож зүгээр байгаа эсэхийг нь мэдлээ. Тэгээд өдөржин "японоор амьсгалав аа".

Тэгээд сүүлдээ учрыг нь ойлгохоо байж байна аа. Нөгөө нэг жижкээн арал чинь живэх гэж байгааму даа янз нь. Атомын цахилгаан станц нь дэлбэрээд, цацраг идэвхт янз бүрийн юм ялгараад хүмүүст нөлөөлөөд мутацлагдаад аймшгийн мутант болж байгаан байхаа. Япон найз охинтой болъё гэж боджээсэн чинь ингээд талаар өнгөрч байх шиг байна.

Зарим хүмүүс "Титаник" сүйрч байна л гэх юм. Би боддиймаа, хэрвээ Титаникийг япончууд бүтээсэн бол, үгүй ядаж япончууд дээр нь байсан бол сөнөхгүй гэж. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж манай нэг гоё үг байдаг даа. Япончууд ямартай ч амар мөхөх ард түмэн биш гэдэгт би итгэдэг.

Яахав дээ, байгаль эх хариугаа л авч байгаа биз. Атомын цахилгаан станц, ер нь атом цөмийн янз бүрийн юмнууд дэмий шүү гэдгийг дэлхий дахинд хэлж, бас япончуудыг хөөрхий халимнуудыг бага агнаарай та нар л гэж байгаа байлгүй дээ тэ?

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд арай л хэтрүүлээд байх шиг байх юм. Японд газар хөдөлсөн, цунами болсон, хэдэн зуун хүн үхсэн, атомын цахилгаан станцаас нь ямар нэг ялгарч байгаа нь үнэн. Түүнээс биш арал ч арай живчих гээгүйм шиг байгаамаа.

Довыг уул болгож ярьдагаа л больчих хэрэгтэйм шиг байгаан.
Read more

Sunday, March 6, 2011

Thank god i'm an agnostic, but...

Statement 1. There are lots of religions exists in a world and people follows only on of them or neither. Some of the "neither" people says no one needs a religion, straightforwardly they says it sucks. Other of "neither"'s: I don't care God exists or not, let say them "ignorants". Actually those "ignorants" knows all about religions and atheists. Simply they are opposite of "ignorant", but better to say them "ignorant".

Statement 2. In today's life technology grows so fast. But programming languages aren't. Because programming languages are half technology and half religion. Most of the programmers knows one programming language very well. But who knows many, he is good at this field, I mean in Information Technology. We call them "hackers". Hackers knows many religions, and here we use religion equivalent to programming language. I'd like to say again: hackers are best, because they knows all religions /actually knowing everything isn't possible, I just don't want to use that word "many" again/

Let's consider statement 1 and 2. Ignorants are like hackers and vice versa. Thank god i'm an agnostic, but make me agnostic of technology!
Read more

Saturday, February 26, 2011

Гарчиггүй, зүгээр л нэг юм бичмээр санагдав

Бага байхдаа тэнэг хүн ухаантай хүн гэж ер нь ямар хүнийг хэлдэг юм бол оо, ямар ялгаа байдаг юм бол гэхчлэн зүйлүүд их бодогддог байлаа. Ямартай ч ялгааг нь олохын тулд энэ хоёрын туйлыг нь олж тогтоох хэрэгтэй болно гэж эхэлж бодсон юм. Тэгээд ухаантай хүн гэхээр Эйнштэйн шиг царайтай хүн байх болов уу, харин тэнэг хүн гэдэг нь гудамжинд харсан ах хүү байлаа. Тэр нөхөр өмдөндөө шээчихсэн, солийчоод, шүлсээ гойжуулаад явж байдаг байсан юм. Хичээлээ тараад явж байхаад хааяа тааралдана. Эргэн тойронд нь юу болж байгаа түүнд хамаагүй ч юм шиг, бацаанууд шоолоол зарим нь дүрсгүйтэж очиж өшиглөнө. Нөхөр харин мэдсэн ч шинж байхгүй. Гэхдээ хичнээн тийм царай гаргасан ч түүний нүдэнд гомдлын шинж илэрч байх шиг харагддаг байсан юм. Хөөрхий дөө одоо байдаг ч юм уу бүү мэд.

Сүүлд оюутан болсон хойно манай сургууль дээр нэг нөхөр байдаг байлаа. Сургуулийн үүдэн дээр бохь зажлаал толгойгоо дэнжигнүүлээл зогсож байдаг. Нэр нь хэн билээ дээ мартчихаж, ямартай ч түүнийг мэддэггүй багш оюутан, ажилтан нэг ч байгаагүй юмдаг. Бүгд л энэ тэнэг, мэдрэл муутай...гээд янз бүрийн түүх ярина. Нэг удаа тэр нөхрийг ажиглаж жаал зогсов оо, гэтэл түүний нүдэнд нэг тийм доогтой харц байх шиг санагдсан юм. Хүмүүс түүнийг тэнэг мангар л гээд байдаг, гэтэл нөгөөх нь "хөөрхий эд нар намайг тэнэг гэж бодоол байж байдаг, өөрсдийнх нь байж байгааг" гэж боддог байсан бол яах уу? Хүний бодлыг мэдэх гэж оролдох сонирхолтой, тэр тусмаа сонирхолтой хүнийхийг олж мэдэх, бүр олж мэдэх гэж оролдох нь бүр ч сонирхолтой.

Сонирхолтой гэдэг нь жирийн нэгэн эсвэл усан тэнэгүүдийнх лав биш гэсэн үг. Хүний бодлыг олж мэдэхэд хамгийн онцгүй санагддаг нь харин дотуур тамиртай муу санаатай хүмүүс. Тийм хүмүүс цаанаа л нэг байж байгаа нь өөр, үг ээ зөөж ядаад .

Гэхдээ мэдээж хүн бүхэн муу санаатай байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Хэт гэнэн цайлган яваад байвал хүнд хулхидуулж дуусна даа? Эсвэл би хэтэрхий муу санаалаад байна уу? Гэхдээ энэ ч муу санаалах биш л дээ. Байж болох бүх боломжийг урьдчилан тооцоолох гэвэл илүү онох болов уу? Ингэхээр хэн ч муу санаагүй гэсэн ойлголтон дээр буух гээд байна уу даа?

Ямартай ч миний бодлоор ухаанаасаа хэтэрсэн муу санаатай хүнийг л муу санаат гэж хэлэх байх гэж бодох юм.
Read more

Thursday, February 17, 2011

Ягаан гариг дээр цэцэг ургадаггүй

Ойрдоо энэ "Ягаан гариг дээр цэцэг ургадаггүй" гэдэг үг их "сонсогдох" боллоо. Охид бие биенээ хайраа гэж дуудах нь олширлоо. Нөгөө гудамжинд залуучууд үнсэлцэхгүй байна, уйтгартай байна гэдэг шиг л мэдрэмж төрөх юм.

Энэ улсын эрчүүд нь алга болчихоо юу? Эсвэл хүүхнүүд нь эрчүүдээсээ толгой өндөр болоо юу? эсвэл эрчүүд нь тийм өчүүхэн болсон юм болов уу? Бүр эсвэл байгаль эх цаанаасаа, эсвэл бурхан гэж байдаг бол, тэр бидэнд эр хүйстэй үр заяахаа больсон юм болов уу?
Ингээд эрчүүдийн хомсдолд ороод эмэгтэйчүүд нь "цангаад" эхлэв үү? Хэдийгээр би далдын хүч, мухар сүсэгт итгэдэггүй ч гэлээ байгаль дээрх юмс бүхэн цаанаасаа зохицуулалттай байдаг гэдэгт итгэдэг. Хэрвээ аливаа зүйл буруу тийшээгээ хазайвал, энэ бол шууд хүний хүчин зүйлтэй салшгүй холбоотой гэдэгт гүн бат итгэдэг мунхаг нэгэн.
Би монгол залуутай амьдралаа холбохгүй, гадаад залуутай гэрлэнэ гэдэг үг сонсож байсан уу? Би лав зөндөө сонссон. Шалтгааныг нь асуухаар, архи уухаас өөр юм чадахгүй хүнээр яах юм гэдэг. Үнэн байж болох л юм. Гэхдээ үүний шалтгааныг өөр газраас эрэлхийлэх гэж оролдлоо.
Монгол залуучууддаа сүжиггүй болсон эдгээр бүсгүйчүүд юунаас болж ингээд байна? гэдэг асуулт гарч ирнэ. Хэрүүл хийе гэвэл, чи арчаагүйм болохоороо олигтой эртэй учирч яваагүй байлгүй дээ гээд хэлчихэж болох л байх. Гэхдээ цөөн хэдэн эмэгтэй ийм хандлагатай байсан бол ингээд цэг тавьж болох ч, үүнийг бичиж байгаа шалтгаан нь цөөн биш байгаад байгаа юм.
Тэгэхээр олигтой эр хүн шиг эр хүн ховордож л дээ. Олон хүн, эр хүн гэхээр булчин шөрмөс нь зангирсан зодоон цохион хийдэг хүнийг хэлдэг юм шиг ханддаг. Мэл Гибсон гэгчийн "Хатан Зүрхтэн" гэж киног үзээгүй хүн байхгүй байх. Тэр кинон дээр, "Чамайг сайн зодолдоно гэдэгт чинь огт эргэлзэхгүй байна, гэхдээ жинхэнэ эр хүн байхын тулд хүнээс арай өөр зүйл шаардагддаг юм шүү" гэж хэлдэг. Гоё үг шүү.
Ингээд эргэн тойрон дахь хүмүүсээ хардаа. Жинхэнэ эр хүн шиг хүн хэр олон байна? Орост сурсан улсууд мужик гээд байдаг даа. Жинхэнэ мужик ер нь бидний эргэн тойронд хэр их байна? Байхын хувьд бол байгаа ч, шалчига шалчига гэсэн юмнууд нь арай л олширчихсон юм шиг санагдах юм? Санал нийлэхгүй байж болох ч, алхам тутамд чинь ялихгүй юман дээр хэрүүл хийж явдаг "эрчүүд" тааралддаггүй гэж үү?
Тийм улсуудыг өнөөдөр зүгээр л "боожгойтнууд" гэж нэрлэвэл зүгээр ч юм шиг санагдах юм.
Боожгойтнуудаас болоод ягаан гаригийн иргэд олшроод байна уу даа гэж мөхөс би тунгаалаа.
Read more