Шинийн 4-ний өглөө. Унтаж байтал аав өрөөнд орж ирээд өнөөдөр овоон дээрээ очно шүү гэж хэллээ. Юун овоо билээ гэж бодож байна уу?
3 жилийн өмнө байхаа. Аав "Овоо ажиллагаа" зохион байгуулсан юм. Уулын ёроолоос шуудайнд чулуу хийгээд дээшээ мацаал. Тэнэг уул чинь дээрээ чулуугүй, заавал доороос нь зөөсөн юм. 25-ын шуудайгаар 2 яваад, за одоо болий ингэж байхаар намайг алаад өг гэж байж нэг дуусгасан юм. 2 шуудай чулуу өчүүхэн юм болдог юм байна лээ. Гэхдээ одоо жижигхэн ч гэсэн, сүсэг бишрэлгүй ч гэсэн өөрийн гэсэн овоотой хөөн би гэхээр гоё байдийн.
Овоон дээрээ гарчихаад буцахдаа, "Далай ээж" зах руу явлаа. Гадаа нь очтол нэг үлээвэр хөгжим сонсогдоод байнаа. Хаанаас дуугараад байгаан бол гэж бодонгоо яваад ортол үүдэнд нэг хүн тоглож байна. Тэр хүн 2 хөлгүй тэргэн дээр суучихсан, зүүн гар нь тохойноосоо доошоо байхгүй, буруу хараагүй бол баруун гарынх нь хуруунууд нь дутуу байх шиг. Харахад бас л эвгүй шүү. Хажуугаар нь явсан зарим хүмүүс өрөвдөөд мөнгө өгөөд л.
Харин би тэр хүнийг огт өрөвдөөгүй. Би тэр хүнээр бахархсан. Хүн амьдрахын төлөө яаж тэмцэж байгааг харах үнэхээр сайхан, бас бахдалтай байдаг.
Түүнд босоод явъя гэвч хөл байхгүй, юм хийе гэсэн ч ганц бүтэн гар нь хуруу дутуу. Гэтэл тэр өөрт нь байгаа хагас дутуу хэдэн эрхтнээр хийж болох зүйлийг хийж, гуйлга ч гэсэн гуйж байна. Зүгээр намайг өрөвдөөч гэж тэнд суугаагүй, хөгжим тоглож байна. Заримдаа нарыг хүртэл үгээр илэрхийлэх боломжгүй байдаг гэдэг шиг, энэ хүнийг гайхаж биширч магтаж хэлэх ч үг олдохгүй байна.
Гэтэл бид өнөөдөр ямар байна? Найз нөхөд минь намайг хаялаа гэж гоншигноно, анхны хайр бүтэлгүй боллоо гэж уйлна, тэгээд болоогүй заримдаа намайг яах гэж төрүүлсэн юм гэж эцэг эхээ хараана.
Хэдэн жилийн өмнө Оскарын шагнал авсан богино хэмжээний хүүхэлдэйн киног үзэж байсиймаа. Польшид байсан юм болохоороо, польш хүүхэлдэйн кино гэж их л сонирхож үзсэн юм. Киноны гол философи нь "Амьдрал яг тамхи шиг, тамхийг ишинд нь тултал татах хэрэгтэй" гэдэг. Гол дүр нь их азгүй нөхөр, заяа нь хаясан амьтан гэж хэлдэгдээ, яг тийм амьтан. Гэхдээ тэглээ гээд мань эр гутарч байсангүй, хүн л юм хойно сургуульд сурна, ажил хийн, авгай авна гэх мэт. Хүүхэдтэй болдог эсэхийг нь санадаггүйээ. Эцэст нь хөгшчүүлийн асрамжийн газар очно. Өөрийг нь гээд хүн ирнэ гэж бусад зөнөцөн хөгшчүүлийн адил хүлээнэ. Ямар ч л байсан тэрээр үхэх хүртлээ "амьдарч" чадаж л байгаан.
Хүүхэлдэйн кино :
Зарим нь агуу болж төрдөг
Зарим нь агуу болж төлөвшдөг
Харин заримд нь хэзээ ч ийм боломж олддоггүй... гэж төгсдөг.
Энэ үгийг өөртөө үргэлж хэлдэг байлаа. Гэвч өнөөдөр л утгыг нь ойлгож байх шиг. Олонх хүн агуу байж чаддаггүй. Зарим хүмүүс өөрсдийнхөө нөр их хөдөлмөрөөр агуу болдог гэж ойлгодог байлаа. Гэхдээ энэ дутуу л ойголт байна. Өнөөдрийн тэр хүн аугаа ихийг бүтээх боломжгүй, агуу болж төрж чадаагүй, нэг бодлын азгүй хүн. Төлөвших ч хэцүү, агуу болох боломж ч үгүй юм шиг. Гэвч тэр өөрийнхөө тэр их тэсвэр хатуужлаар, амьдралыг хайрлах хайраар өөрөө өөртөө агуу ертөнцийг бий болгож чадсан л хүн юм.
Тиймээ, амьдрал гэж энэ тамхийг ишинд нь тултал татъя.
Өвлийн өвгөн
4 months ago
No comments:
Post a Comment