Месенжерээр нэг ийм мессеж тархаж байх юм. "Мөнгөтэй охидын хувьд эрчүүдийн баяр, мөнгөгүй охидын хувьд цэргийн баяр". Тэгээд гайхаад юун баяр билээ гээд бодлоо. Тэгсэн чинь цэргийн баяр болж байгаан байна шд. Дараа нь нөгөө мессежийг дахиад уншлаа. Тэр мессежээр бол би мөнгөгүй охин болж таарваа. Мөнгөгүй нь ч мөнгөгүй л дээ, гэхдээ охин билүү гэж гайхаад явж шээлээ. Босоогоороо эвлэгхээн шээчихлээ шүү би. Тэгэхээр би эр юм байна гэж бодлоо.
За энэ ч яахав. Харин энэ "Эр"-чүүдийн баярын тухай ярилцъя. Ер нь яагаад энэ эрчүүдийн баяр болчихсон юм болоо?
Социализмын үед их дээд сургуулиудад цэрэгжилтийн хичээл гэж ордог байсан юм. 45 хоног буу зэвсэгтэй харьцаж, гэнэт дайн болвол бид яах уу гээд эрчүүдээ бэлтгэл офицер болгож, эмэгтэйчүүдээ бэлтгэл сувилагч болгодог байсан юм билээ. Энд тэнд, хөдөө баахан бункер барьж, дайн болоход дотор нь орж хоргодоно гээд. Сонирхолтой нь энэ бункерууд хойд зүг рүүгээ огт байдаггүй, зөвхөн урд байдаг хэдэн аймгуудад байдаг. Учир нь дайсан тэндээс л ирнэ. Улсын хил хойшоогоо даваад гарахад, тэр нь бидний эх орон, ивээлдээ авах ах нар байдаг байсан болохоор тэр.
Энэ бүхнээс болоод нийтээрээ цэрэг, дээд боловсролгүй хэдэн хүн, дээр нь малчид л цэрэг биш. Тухайн үедээ ч гайгүй болоод байсан юм шиг байгаан. Малчид нь олон байсан болохоор. 3-р сард төрсөн цэрэг эмэгтэй 3-р сард "трипл" баярладаг байсныг тооцохгүй бол нэг их назгайрсан баяр энэ тэр гэж болдоггүй гайгүй байсан юм шиг байгаамаа.
Зах зээлд орлоо. Чөлөөт эдийн засагтай боллоо. Худалдаа наймаа эрхлэгчид бараагаа өөрсдийн хүссэнээрээ сурталчлах эрхтэй болоод, янз янзын санаа гаргах хэрэг болсон юм шиг байгаамаа. Тэгэнгүүт энэ Валеньтин малентинаас эхлээд хаа хамаагүй соёлын баярыг хаа хамаагүй тайлбарлаж, хямдрал гэж юм зарлаад бараа борлуулах арга сэджээ.
Эхний хэдэн жилдээ ч гайгүй байж байгаад, сүүлдээ шинэ үеийнхэн гэж хэрэгтэй хэрэггүй, худлаа үнэн янз бүрийн юманд тархи нь угаагдаад, идээний дээж архи, ширээний чимэг архи гэж хөлчүүрхэцгээгээл.
Чингис нэртэй архийг хэр их ууна, тэр хэмжээгээрээ Чингис ах шиг болчих юм бодоцгоогоол, "хараа" хардаа архи байна гэж баясцгаагаал. Баяр гэхээр архи ууна, архи уухын тулд баяр хайна. Ерөнхий сайд нь ч БАЯР, ерөнхийлөгч нь ч энхБАЯР.
Цэрэг татлага болохоор хараа муутай, хөл хугархай, 2 хүүхэдтэй, уушгины багтраатай гээд бүгд л өвчин зовлонтой болцгооно. 3 сарын 18-н болохоор дайн болсон бол буу үүрээд гүйх л байсан юм гэнэ. Хужаа гэхээр нөгөө баахан тахир дутуу хүмүүс чинь Тайсон байсан ч цохиод унагаая гээд бяр чадал нь дийлдэхгүй, мань мэт нь хамаагүй ойртож болохгүй аймшигтай хүчирхэг улсууд болцгооно.
Ингэж хэллээ гээд хоосон толгойгоороо удирдсан гараараа эх орончын цээжээ балбасан улсуудад бариулж идүүлнэ л дээ. Гэхдээ яахав, үнэн үг өөрөө хэн хэлснээс хамааралгүй үргэлж сайхан байдаг хойно.
Аа нээрээ тийн бүх цэргүүддээ Цэргийн баярын мэнд хүргэе.
Өвлийн өвгөн
4 months ago
No comments:
Post a Comment