Найз гэж ер нь хэн юм бэ? Хүмүүс бүгд л найзтай байх сайхан гэдэг. Тэгсэн мөртлөө ямар нэг асуудал гарахад тэр нь дандаа л найзтай холбоотой байдаг. Баяр бахдал, амжилт бүтээл нь ч найзтай холбоотой байдаг.
Ер нь хүн төрснөөсөө хойш өөрөө сонгодог, эсвэл өөрийг нь сонгодог анхны зүйл нь найз юм шиг. Миний хувьд газар дээрх ганц найз, хэлхээтэй юм шиг хоёр найз гэдэг тодорхойлолтод тохирохоор олон ч найзтай байж үзсэн. Үнэхээр сайн байсан найзуудтайгаа өнөөдөр огт харьцахаа ч больж. Ихэнх тохиолдол нь ялгаатай хүмүүс нөхөрлөж, өөр өөрсдийнхөө зам мөрийг хөөцгөөжээ. Харин зарим нь найзын минь буруу. Ямар нэг юм болоход өөрөөсөө үргэлж бурууг хайж олдог боловч энэ тохиолдолд даанч олохгүй юм. Хулчгар нэгэнд нь хулчгарыг нь хэлээд холдож, хувиа хичээсэн нэгэнд нь арчаагүй гэдгийг нь, худалч нэгэнд нь худалчийг нь хэлээд явуулж. Ер нь аливаа зүйлд хүн, тэр тусмаа эр хүн зарчим баримтлах ёстой. Магадгүй энэ бичиж байгаа зүйлийг маань худалч, хувиа хичээсэн, хулчгар экс найзууд маань бүгд уншиж байж болох юм. Уншиж байгаа бол та нарт гэж хэлэхэд, энэ зан чанарууд чинь бага ч гэсэн гайгүй болсон байх, нийгмийн өмнө, бусдын өмнө тодорхой хариуцлага хүлээж сурсан гэдэгт найдаж байна. Үгүй ядаж бусдын өмнө хариуцлага хүлээж байхгүй бол өчүүхэн эрх ашиг чинь хохирно гэдгийг ойлгосон байлгүй дээ.
Гэхдээ нэг сонирхолтой нь хулгайч хүн 7 үеэрээ хулгайч байдаг, энэ бол генд шингэсэн, өвчин гэдэг. Мөн монгол хэлний худалч, хувиа хичээгч, хулгайч, хулчгар гэсэн энэ олон ХУ-нууд нь олдмол бус дандаа төрөлхийн шинж чанартай зүйлүүд байх юм.
Найз нар минь дээ, та нарын энэ олон хөгийн арчаагүй зангуудыг чинь би үргэлж уучилдаг, хэнийг чинь ч хэзээ ч үзэн ядаж байгаагүй. Та нарын нэг чинь, нийгмийн дунд биеэ авч явах, бусадтай харьцах харьцаа чинь үнэхээр муу байхад, би засч залруулж, бусдаас үргэлж өмөөрч хамгаалж ирсэн. Үүний маань төлөө баярлалаа гэж хэлэх нь битгий хэл, хангалтгүй байна гэж уурладаг байсан нь ч бий. Хүсээгүй байхад нь тусалсан миний буруу байсан байж болох гэж би чамайг зөвтгөе.
Өөр иймэрхүү байдлаар зөвтгүүлэх, би буруутай болж үлдэх олон хүн байгаа гэдгийг өөрсдөө мэдэж л байгаа байх.
Зарим нэг найздаа хандаж хэлэхэд, одоо сайхан харилцаатай байгаа найзууддаа шүү. Бид яагаад үерхэж нөхөрлөөд явдаг юм бэ? Яагаад гэвэл бид бие биенээ хайрладаг, бид бие биенээ хүндэлдэг, бид бие биендээ итгэдэг. Ингээд л болоо. Өөр юу ч биднийг холбодоггүй. Энэ 3 зүйлийн нэг нь үгүй болоход нөхөрлөл үгүй болно. Тиймээс биднээс харилцаагаа таслаж байгаа бусад нөхдийнхөө хойноос бүү чаргууцалд. Тэд бидэнд итгэхээ больсон, тэгээд хүндлэхээ больсон.
Гэхдээ энэ нь тэднийг доромжилж дорд үзэж, үзэн яд гэсэн үг биш. Зүгээр л хайрладаг байсан шигээ хайрла. Хүндэлдэг байсан шигээ хүндэл. Харин итгэдэг байсан шигээ итгэ гэж хэлмээр байгаа боловч би өөрөө итгэж чадахгүй байна.
Тийм болохоор хөөгөөгүй байхад зайгаа барьсан хүний хойноос битгий гүй. Түүнд чи хэрэггүй болохоор л тэр чамаас холдсон. Үүнд сэтгэлээр унаад шаналах хэрэг ч байхгүй. Чи бид чинь бүхнийг чадагч бурхад биш шүү дээ.
Өвлийн өвгөн
4 months ago
No comments:
Post a Comment