Sunday, February 21, 2010

Ном ярилцъя 5: Тунгалаг Тамир - Ч.Лодойдамба агуу юмаа

Дунд сургуулийн уран зохиолын хичээлээр янз бүрийн шүлэг зохиол үздэгийн нэг нь зууны шилдэг роман Тунгалаг Тамир. Би бээр энэхүү романыг үл ойшоогч байлаа. Тамир гэж тэр голоос чинь би загас барьж байлаа гэхээс өөр юм хэлдэггүй, киноны хэсэг дээр Тайхар чулуунаас мөсөн чихэр гуйж байгаа Батыг хараад хөх инээд хүрдэг байсан юм. Тал нутагт, голын эрэг дээр хэн аваад ирсэн юм гэмээр энэ сонин чулууг 2 удаа очиж үзсэн. Хоёуланд нь хүмүүс араас нь чулуу давуулж шидээд цаана нь гаргачихвал юу ч гэлээ дээ нэг юм хэлээд байсан. Ямартай ч шилийн сайн эр л давуулдаг гэсэн чинь бацаан байхдаа л давуулаад шидчихээд инээд хүрээд байдаг байж билээ.
Үнэхээр унших хүсэл төрдөггүй байсан юм аа. Ядаж байхад Дөлгөөн Дон гэгч зохиол бас л нэг голын тухай, гэхдээ энэ зохиолыг уншвал орос хүмүүсийг, орос орныг ойлгоно гэсэн аавынхаа ухуулганаас зугтааж балай голууд ер нь яахаараа номны нэр болж тэгээд агуу зохиол болдог байнаа гэж боддог байлаа. Ямартай ч гэртээ хариад номын сангаасаа авч унших хамгийн эхний ном маань Дөлгөөн Дон. Яагаад вэ гэхээр би дөнгөж сая Тунгалаг Тамир романыг аудиогоор нь дуусгалаа. Өрөөнийхөө андаас, сургууль гэр хоёрын хооронд алхаж явахад юм сонсож явъя гэж бодсондоо түүнээс авсан юм. Гэвч сонсож байх явцад амтанд нь орж шөнө нойроо хагаслан, өдөр бас хэвтээд л сонссоор сая дуусгалаа.
Хамгийн түрүүнд сонирхолтой санагдсан зүйл бол хүмүүсийн нэр. Эрдэнэ, Төмөр, Итгэлт, Бат, Хонгор гээд зохиолын гол дүрийн эрчүүд нь яг л нэрнийхээ утганд тохирсон хүмүүс юм. Гурван гэрийн эхнэрүүд Долгор, Должин, Дулмаа. Сайхан Монгол нэрнүүд. Гэхдээ яалаа гэж ийм юмнаас нөхөр Лодойдамбыг агуу гэхэв.
Зүйрлэл - Аливаа зүйлийг зүйрлүүлж хэлж байгаанууд нь үнэхээр гоё. Хэцүү гэдэг утгыг "Алганы хонхорхой хазахтай адил" гэж зүйрлүүлсэн байх жишээний. Яг одоо ингээд бичих гэсэн чинь толгойд орж ирэхгүй юм. Уншаагүй сонссондоо харамсах шиг. Уншсан бол яалаа гэж тийм сайхан үгнүүдийг мартахав.
Итгэлт баян гэж нэг сайхан дүр байна аа. Түүний хэлж байгаа үгнүүд гайхамшигтай. Итгэлтийн ч юу байхав Лодойдамба л хэлж байгаа л даа. Тамирын мөсийг долоох шахан байж... бас Хөрөнгө гэдэг чинь хурааж хадгалах биш хөдөлгөж байж л хөрөнгө болдог юм ш дээ гэж Эрдэнэд хэлж байгаа хэсэг. Энэ л үгийг ойлгосон хүн бизнесмэн болж баяжиж чаддаг. Гэтэл аль социализмын үед Лодойдамба үүнийг Итгэлтээр хэлүүлчихжээ. Итгэлтээс суралцах зүйл их байнаа. Тэр хүн бол тэр чигээрээ үлгэр жишээ. Гэвч нийгмийн байдлаас болж баян хүнийг магтаж сайлж болохгүйдээ юу түүнийг ховдог шунахай өөдгүй хүн болгож харуулах гэж оролджээ. Эрдэнэ Долгор хоёр түүнээс л болж салж байх юм. Гэхдээ мэдээж 2 хүн бие биедээ хайртай бол хэн ч салгаж чадахгүй. Үүнийг харуулах гэсэн шиг Долгорын нөхрөө хуурсан сэтгэлийг жигшиж, Эрдэнийн хэт түрэмгий зан авирыг буруушаажээ.
Дорж гэж нэг дүр байна. Тэр тийм ч гол дүр биш гэлээ. Болшевикуудын нүүр царайг яг харуулж чадсан байх юм. Улайм цайм хүний хөрөнгийг дээрэмдэж, хэнхэг царайлж байгаа энэ нөхрөөр Социализм гэж ямар хачин гаж тогтолцоо болохыг Лодойдамба социализмын үед гарган үзүүлж чадсанаараа агуу. Зохиолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд мэдээж буддын шашныг муулан харуулах учиртай. Тиймдээ ч Богдыг нэг балиар нөхөр мэтээр гаргажээ. Ангийн тэмцлийн эсрэг боссон эсэргүүнүүд өөдгүй унхиагүй амьтад байсан гэж үзүүлэхийн тулд Түгжил, Цамба, Жамбал зэрэг хуншгүй эрчүүдээр толгойлуулж харуулсан нь хэт туйлширсан боловч оновчтой. Харин хоосон муулах бус үнэн мөнөөр нь логиктой, өөрийн гэсэн шүүмжийг Батын багш Ринчен ламаар үзүүлжээ. Энэ хүн эрдэм номтой, насаараа ном хаялцан, нэрд гарсан лам хүн. Гэвч насны эцэст шашин гэж ард түмнийг яаж мунхруулдаг, хөгжил дэвшлийг хэрхэн хойш нь татдагийг ойлгон хэлж буй. Насны эцэст сурсан бүхэн нь хоосон, утга учиргүй гэдгийг ойлгон шаналж, хайр сэтгэлээ бодон нас нөгчиж буй нь гунигтай.
Солонго гэж Батын эхнэр, Итгэлтийн охин. Сүрэн гэж Итгэлтийн зарц Нямын охин, Хонгорын эхнэр. Багадаа тоглож өссөн Бат, Хонгор, Солонго, Сүрэн нараар Монголчуудын яаж айл гэр болцгоодгийг харуулж байгаа ч юм шиг. Сүрэн сайхан бүсгүй болж, Солонго харин нэг болхи нөхөр болж байгаа нь энэ хорвоо дээр юм бүхэн тэгш заяадаггүй гэдгийг харуулах шиг.
Итгэлт Долгорыг оролддог хэсэг их сонин. Долгорыг тэврээд авахад: Яаж байнаа та, хүн харчихвал яах юм гэж байгаа нь- Хоёулаа болно л доо, хүнд л мэдэгдэхгүй бол Эрдэнийг араар нь тавьсан ч яахав гээд байгаа юм шиг их сонин.
Батын анхны хүү энддэг хэсэг их хэцүү. Яг тэр хэсэг дээр тэр жил харсан юм маань санаанд орсон юм. Өвөл ойн захад, цасан дээр уутанд хийсэн хүүхэлдэй шиг зүйл харсан маань хүүхэлдэй биш эндсэн хүүхэд байлаа. Хүйтэнд хөхөрсөн уруул, хувхай цайсан царай үнэхээр эвгүй. Батын хүүг итгэлт зам дээр хаясныг дүрслэн үзүүлсэн тэгэхэд харсантай маань яг адилхан. Энэ хэсэг бол миний хувьд хамгийн элэг эмтэрмээр хэсэг. Ням, Хонгор, Бат нар нас барсныхаа дараа Чулуун гэж нэр эцгээсээ авсан Батын хүүг оршуулж байлаа. Ням өвгөний уйлж байгаа нь нүдэнд үзэгдэнэ, Хонгорын харамсах сэтгэл, Батын уй гашууг гайхамшигтай дүрсэлжээ.
Төмөр Хонгор хоёрын талаар дурьдахгүй байж болохгүй. Эртнээс шилийн сайн эрчүүд гэж хулгайч нараа магтдаг байсанчлан Лодойдамба романдаа энэ хоёрыг сайн хүн болгохоо мартсангүй ээ. Төмөр бол хүчтэй, чадалтай, тэсвэр хатуужилтай ёстой л мөрөөдлийн гэж болохоор эр хүн, сайн ч хүн. Гагцхүү хулгайч. Үүнийг нь зохиолын төгсгөлд Бат Хонгорын хүүд багадаа хамт идэж байсан мойлны модыг: Хайрлаж хамгаалж яваарай, үлэмж сайхан сэтгэлтэй, төөрч будилж явсан хүний мод шүү гэдэг үгээр шилийн сайн эрчүүд гэгч улсуудыг дүгнээд хэлчихэж байгаа юм шиг.
За ингээд бичвэл жирийн нэг уншигч миний үгийн баялаг хүрэлцэхгүй юм байна. Ямартай ч гайхамшигтай зохиол юм. Уншаагүй нэг нь уншихыг бодоорой. Би лав хувьдаа сонсох биш уншина, бас киног нь тухтайхан сууж үзнээ.

3 comments:

Tegshee said...

totally agree, gaihaltai zohiol, bi bas unshij baihdaa amtand ni orood bur shono untaj chadahgui butsaj bosch unshdaad uur tsailgaj baisiin, bas buur zuudelj bi ooroo neg dur ni bolood l kekke
uneheer goy zohiol, ter helleg, zuirleluud ni mongol helnii gaihamshigg haruulna

mootsoo said...

Хэлээд юүхэв тэр өгүүлбэрийн бүтэц бол лайтай.
Өөрийнхөө бичсэн юмнуудыг уншсан чинь би монгол хэл мэддэгийн болов уу гэж бодогдох шиг.

gantulgan said...

Soc ueiin roman-uud neeree gaihaltai bhim aa. Zurhnii hilen, Mana budan bol bas gaihaltai shd. Tungalag Tamir-g neg unshnaa.