Дараа хийе гэж бүү алгуурла, дараа хийхэд амархан болчихгүй гэж үг байдгийг бүгд л мэдэх байх. Тэгээд ер нь бараг бүгд хүлээн зөвшөөрдөг байх. Харин би энэ үгтэй санал нийлдэггүй. Зарим нэг нь "өө нөгөөх чинь залхуу зангаа зөвтгөх гэж байна" гэж бодож болох л юм. Тиймээ би залхуу. Залхуу болохоороо энэ үгэнд дургүй.
Манай 10 жилийн ангийнхан гэж аймар "hardworking" хүүхдүүд байсан юм аа, одоо ч тэр хэвээрээ л байгаа байх. Мэдээж тэр дотроо мань шигээ залхуу гарууд мэр сэр байсан л даа.
Аймар хичээл зүтгэл ихтэй улсуудыг хичээл хийж байхыг нь хараад суух их гоё. Ядаж байхад би хүмүүсийг ажиглаж, юу бодож байгааг нь таах, юу хэлэх гэж байгаа яах гэж байгааг нь урьдчилж мэдэх гэж их хичээнэ.
Энэ тоо бодоод сууж байна даа, уул нь энэ физикийн хичээл юмсан, харин тэр яаж багшаас нэг аятайхан дүн авчих уу гэж бодож байх шиг байна, тэр нөхөр харин хонх дуугараасай гээл сууж байна, харин тэр орос хэлээ хуулж амжихаас нь өмнө хонх битгий дуугарчаасай, тэр хэдэд бол юу орж байгаа хэзээ хонх дуугарах яах ийх ямар ч хамаа алга, хийж байгаа ярьж байгаа юм нь л сонирхолтой байна гэх мэтчилэн нэг хичээлийн 40 минутанд ямар олон хүний ямар олон дүр зураг харагдана гээ?
Жил хагасын өмнө нэг ном уншиж эхлүүлчээд хаячихсан байснаа хэд хоногийн өмнө олоод одоо дуусгах шатандаа орчихсон яваа юм. Тэр номон дээр нэг ийм юм гарч байнаа.
Нэг нөхөр ойд мод хөрөөдөөд зогсож байна гэнэ. Хажууд нь өөр нөхөр очоод "Юу хийж байгаа юм"?
- Харваас юу хийж байх шиг байна?
- Ядарсан харагдаж байна?
- Өдөржингөө энэ олон модыг хөрөөдөхөд яана гэж бодоов?
- Мод хөрөөдөхөө түр болиод, амрангаа хөрөөнийхөө ирийг хурцалбал ажил чинь илүү хурдан явна даа.
- Надад хөрөөгөө ирлэж байх цаг алга...
Ихэнх хүмүүс яг энэ түлээчин шиг амрах сонирхолгүй байдаг. Учир нь тэдний толгойд дараа хийвэл амархан болчихгүй гэдэг бодол үргэлж эргэлдэнэ. Харин миний хувьд дараа хийхэд үргэлж амархан байдаг. Тийм ч болохоор энд тэнд заримдаа огт юм ярихгүй, хийхгүй эргэн тойрноо ажиглана. Гадаа гарч алхаж хүмүүсийг харна. Энэ бол миний хөрөөгөө ирлэх арга.
Нэг үгийг би нээрээ найз нартаа байнга хэлдэг. Гэхдээ маш олон өөр өөр юманд жишээ татаж. Энэ удаад дахиад хэрэглэе. "Уламжлал мэдэхгүй хүн интеграл бодохгүй".
Өнөөдөр намайг уламжлал мэддэггүй байхад интеграл бод гээд өгчихвөл би яаж бодох юм бэ? Харин дараа уламжлал мэддэг болсныхоо дараа үзэхэд бодож чадна гэхгүй ч өмнөхөөсөө хамаагүй амархан болчихсон байх нь тодорхой.
Дараа хийе гэж алгуурла, дараа хийхэд чинь амархан болчихсон байдаг юм.
Read more
Өвлийн өвгөн
5 months ago