Monday, April 26, 2010

"Windows 7"-г орчууллаа гэнэ үү - 2-р хэсэг

Энэ сэдвээр 2 дахь хэсгийг нь бичлээ. Уншихыг хүсвэл энд дарж үзнэ үү. Read more

Monday, April 19, 2010

"Windows 7"-г орчууллаа гэнэ үү

Би бээр энэ писитэй холбоотой зүйлүүдийг учиргүй орчуулаад байдгийг гайхахын хажуугаар эсэргүүцдэг нэгэн юм. Хэдийгээр нас залуу ч гэлээ бараг 20-иод жил компьютер гээч юмтай харьцаж байна. Үнэхээр нарийн мэргэжилтнүүдийн хажууд юу ч мэдэхгүй хүүхэд ч гэлээ, жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг нүүрэн талд нь харагдаж байгаа юмны цаана юу болоод байгааг бол ойлгоод байдаг юм.
Ноднин жил Limnux гэгч Монголын Linux үйлдлийн систем хэрэглэгчдийн групын уулзалтан дээр очсон юм. Тэнд ирсэн хүмүүс бүгд л Лайнукс үйлдлийн системийн гайхамшигтайг нь магтахын сацуу монгол хэлнээ орчуулах ажил гээч юмныхаа талаар ярина. Хийж байгаа ажлаа маш чухал, эх орны минь ирээдүй хойч үеийн компьютер гээч аугаа зүйлтэй танилцаж, суралцахад нь гайхамшигтай хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ гүн бат итгэчихсэн улсууд байлаа. Хэдэн цагийн турш орчуулах хэрэггүй гэж маргалдах хэрэлдэхийн завсраар ярилцсаар салцгаасан юм. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр өөрөө юу ч хийхгүй байж, юм хийж байгаа хүмүүст саад болоод юүхэв гэж балчир оюундаа тунгаан энэ талаар дахиж ярихгүй байхаар шийдсэн байсан юм. Гэтэл саяхан Windows 7 гээч Microsoft компанийн хамгийн сүүлд гаргасан үйлдлийн системийг орчуулжээ гэнэ ээ.
Миний хувьд битгий орчуулаачээ, орчуулах хэрэггүй гэдгийг доорхи үндсэн зүйлүүд дээр тулгуурлан хэлдэг юм.
1. Монгол хэлнээ орчуулсан хэд хэдэн ном, програмууд харж байсан. Үнэндээ тэднийг ойлгож хэрэглэх тун хэцүү. Хэдийгээр англи хэлэнд тийм сайн биш ч гэлээ мэдээллийн технологитой холбоотой ямар ч зүйлийг англи хэл дээр унших нь илүү ойлгомжтой байдаг. Энд би 2 зүйлийг жишээ болгон татъя. Эхнийх нь Мозилла ГалтҮнэг гэж програм хангамж. Ихэнх нь үүнийг мэдэх байлгүй дээ. Яагаав нөгөө веб хуудас дуудаж үздэг браузер гээч зүйл. Англи хэлэн дэх Firefox гэдэг үг нь надад хэзээ ч "галтүнэг" гэж ойлгогдож байгаагүй бөгөөд, анх санамсаргүй байдлаар монгол галтүнэгийг татчихаад гайхаж байлаа. Тэрийг хэрэглэж сурах гэж нэг хэсэгтээ л будилж байгаад, өөрийн эрхгүй "бууж өгөөд" эргээд англи хэл дээрхийг хэрэглэдэг болсон. Дахиж л орчуулгын програм хангамж хэрэглэхгүй гэсэн шийдэлд хүрсэн юм. Үүнд түлхэц өгдөг өөр нэг зүйл бол миний жишээ татах гэж байгаа 2 дахь зүйл юм.
Хүүхэд бүхэнд өөрийн гэсэн романтизм байдаг хойно би ч гэсэн хакер болчих санаатай байлаа. Тэгээд та бүхэн бас мэдэх байхдаа, "Хакер" гээч Жаргал гэгч автортой ном байдаг. Уг номыг бичсэн Жаргал гэгчийг өндөр түвшний мэдлэгтэй, магадгүй хакер гээд хэлчихэж болох хүн гэж хувьдаа бодож, манай оронд нэг ч гэсэн мэдлэгтэй боловсон хүчин байгаад баярлаж явдгаа нуух юун.
Уул нь би монгол хүн, монгол хэлэндээ ч муугүй нэгэн боловч тэр номыг хаанахаар бичсэнийг ойлгоогүй гэвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу гэж найдаж байна. Уг номын бичиглэл болоод үгийн сонголт үнэхээр ядруу. Яагаад гэвэл зохиогчийн хэлтэй эсвэл зохиолчийн мэдлэгтэй бол холбоогүй. Үүнийг би дараагийн хэсэг дээр тайлбарлая.
Харин номны талаар дахиад нэг үг хэлчихэд мэдлэг олгох ном бол биш, мэдээллийн чанартай ном болсон гэдэгт зарим нэг нь санал нийлэх бизээ. Information is not an Education гэж үг байдгийг дурьдаад өнгөрье.
2.Түрүүн хэлсэн, тэр ном яагаад муу болсон бэ? Яагаад гэвэл бидний аялгуу сайхан монгол хэл маань хангалттай үгийн баялаггүй юмаа. Гэхдээ энэ үгийг гэгээн оюундаа сайтар тунгаан бодно байх гэж найдаж байна. Учир нь бидний эх хэлэнд маш сайхан үгнүүд зөндөө байдаг, үүнийг алдартай уран зохиолын ном шүлэгнүүдээсээ бид харж болно. Мөн Аким гуайн, Бямбын Ринчен гуайн орчуулгын бүтээлүүдээс гайхамшигтай үгийн сонголтуудыг үзэж унших боломж бидэнд бий. Гэвч аливаа хэл тухайн улс үндэстнийхээ соёл, ёс заншил, түүх бичигтэй шууд холбоотой байдаг. Мөн аливаа хэлний баялаг шинээр үг зохиох, өөрийн болгон удамшуулах гэсэн аргуудаар баяжиж байдаг. Харин манай нөгөө "орчуулагчид" эдгээр зүйлүүдийг үл тоон шууд махчлан орчуулах гээд дайраад байгааг үнэхээр гайхдаг. Өнөөдөр англи хэлэнд өдөр болгон хэдэн зуугаараа шинэ үгнүүд бий болж байна. Шинэ нээлт хийгдэхэд бүтээсэн эзнээр нь нэрлэх, бүтээл юутай холбоотой буйгаас шалтгаалж 2 болон түүнээс олон тооны үг нийлүүлэн нэрлэдэг.Гэвч эдгээр нь манай аялгуу сайхан хэлэнд байхгүй шүү дээ. Бид тэрийг нь шууд хэрэглэх эсвэл өөриймшүүлж авах хэрэгтэй. Жишээ нь, миний маш олон юманд байнга дурьддаг нэг зүйл бий. Арабын хагас нүүдэлчин хүмүүсийг "бедиун" гэж нэрлэдэг, үүнийг монгол хэлэнд "бядан явагч" гэж орчуулдаг. Анхны үгнээсээ дуудлага нь бараг зөрөхгүй мөртлөө бидний өөрсдийн хэлний дуудлагатай ижил байдлаар ингэж орчуулдгийг Аким гай "100 жилийн ганцаардал" номыг орчуулахдаа тайлбарласан байдаг.
Мөн Server гээч үгийг бид сервер л гэдэг, үүнийг орчуулаад хэрэглээд явж байгаа систем администратортой би урьд хожид хэзээ ч таарч байгаагүй ба хойшид ч учрахгүй биз ээ.
Өөрийн санааг тайлбарлах 3 дахь зүйл бол 2 дахь тайлбарын төгсгөлөөс ерөнхийдөө цухалзаж эхэлж байна.
3. Дэлхий ертөнцийн хөгжил англи хэл дээр оршин тогтнож байна. Гэтэл манайхан юм л бол хэл мэдэхгүйгээрээ гайхуулцгаадаг. Надаас юм асуусан хүнд интернэтээс хайж байгаад нэг вебсайт олж өгөхөөр би наадхыг чинь уншаад ойлгохгүй гэж гайхуулах нь холгүй хэлэхийг яана. Ийм байж болохгүй ээ. Бид анх нэгдүгээр ангид ороод "Цагаан толгой" гээч юм заалгаад, уншиж бичиж сурсан маань, сурч мэдэхийн эхлэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Уншиж бичиж сурсныхаа хүчээр бид цааш цаашдаа анги дэвшин, ном сурах бичигтэйгаа харьцаж сурах эхлэл нь тавигдсан юм.
Мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс Мурийн /Moore's law/ гэж сайн мэдэх байх. Өнөөгийн шинэ нээлт, бараа бүтээгдэхүүний үнэ гээд бараг бүх юм энэ онолоор тайлбарладагдаж байна. Шинэ бүхэн англи хэл дээр гарч байна. Ийм байхад монголчууд бид англи хэл сурахгүй бол дэлхий ертөнцөөс нэг алхам биш бүр нилээд хэдэн алхам хоцорч явах болоод байна. Тийм болохоор нэг нь орчуулуулж, нөгөө нь орчуулах биш нэг нь хэл сургаж, нөгөө нь хэл сураач ээ гэж мөхөс би хүн бүрээс хүсдэг юм.
Миний хувьд Энэтхэг гэж улсад ирж сурах гээд 8 сарын нүүрийг үзэж байна. Энэ улсын мэдээллийн технологийн хөгжил, мэдээллийн технологийн сургалт нь өндөр түвшинд байдаг гэдэг, нууц нь юундаа вэ? Энэтхэг багш нар сайн заадагт уу? үгүй, Энэтхэг хүүхдүүд ухаантайд аа юу? үгүй, шалтгаан нь ердөө л англи хэл.
Багаас нь хичээлийг нь англи хэл дээр орж, англи хэл дээр ном уншиж өссөн энэ хүүхдүүдэд эх хэлнээс нь нэг их ялгаагүй болчихсон байдаг. 1947 онд Английн колониос гарч, тусгаар улс болсны дараа Жавхарлал Неру-ийн гаргасан шийдвэр 50 жилийн дараа үр дүнгээ өгсөн нь энэ байх гэж би боддог. Энэтхэгт ийм шийдвэр гаргахад түлхэц үзүүлсэн олон шалтгаан байсан байхыг үгүйсгэхгүй.
1961 онд Энэтхэг орон 1200 гаруй хэл хэрэглэж байна гэсэн тооцоо гаргасан байдаг ба өнөөдөр 347 хэлээр ярьж байна. Үндсэн хуулиндаа үндэсний хэлүүд гэж 22 хэлний нэр бичсэн ба мөнгөн дэвсгэрт дээр нь нийт 18 өөр хэлээр бичсэн байдаг. Ийм улс оронд united хэл хэрэгтэй нь гарцаагүй. Дээр дурьдсан 22, 18 хэлнүүдийн нэг нь англи хэл. Энэтхэгийн хойд хэсгийн хүн, өмнөд хэсгийн хүнтэйгээ ярих ижил ганц хэл нь англи хэл байдаг. Арга ч үгүй биз, хамгийн их хүн хэрэглэдэг хинди хэлээр нийт хүн амын 40 хүрэхгүй хувь нь ярьдаг.
Эдгээр шалтгаануудыг тоочвол аль нь ч бидний нөхцөл байдлаас тэс өөр. Гэвч тэс өөр байдал нь биднийг ижил шийдвэр гаргах нөхцөл болж байна гэж харж байна. Монгол хэлээр хэдэн сая хүн ярьдаг билээ? Монгол хэл дээр хэдэн ном байдаг билээ? Монгол хэл мэддэг хүмүүс маань хэр их юм мэддэг билээ? эдгээр асуултуудад бүгдэд нь "бага, цөөхөн" гэсэн үгтэй ижил утгатай хариулт өгөгдөх байх.
"Хаалгаа хаагаад" , сая 500-гаа авъя гэж орилохын оронд дэлхий ертөнцөөс түрүүлдэггүй юмаа гэхэд хол хоцорчихгүйн тулд бид хэл сурахаас өөр аргагүй.
Read more

Tuesday, April 13, 2010

Ингээд миний орос хэл дууслаа...

Би ч уул нь Монгол кино үзээд байдаггүй л дээ. Ер нь маш цөөхнийг үзэж байсан. Гэхдээ бүгдээрээ Сэрэлт гэж киног үзсэн байх, "ингээд миний мэдэх орос хэл дууслаа" гэдэг шиг миний толгой дахь юм ер нь дуусчихсан юм шиг байна. Эсвэл юу ч бодохоо байчихсан юм уу мэдэх юм алга. Хүн ер нь бясалгаж өөртэйгөө ярилцаж байвал их зүгээр юм шиг байгаамаа. Уул нь өөртэйгөө ярилцаад, тэрийгээ бичээд байдаг байсан чинь юу ч орж ирэхгүй байхыг бодоход больж л дээ. Эсвэл энэ юу ч хийхгүй ялзарч байгаагийн шинж байх. .
Миний хамгийн гэж хэлж болохоор найз маань ингэж хэлдэг юм: Идэхгүй бол баахгүй. Хүн ер нь уншихгүй бол юугаа бичихэв, бодохгүй бол юугаа ярихав дээ тэ? Ямар ёроолгүй сав байгаа биш, доторхийг нь гаргаад байхад дуусч л таараа.
Миний блогоор хааяа орж ирж уншдаг нэг хүнд, хэрвээ тэр и-мэйлийнх нь хаяг зөв бол уншсан л байх. Хариу ирээгүй болохоор мэдэхгүй юм. Толгой дахь юм маань дуусчихгүй бол бичээд л байна даа гэж бичсэн. Тэр хүнд одоо хэлэхэд хэлсэн тэр хязгаартаа хүрчихсэн юм шиг байна. Өнөөдөр одоо л энийгээ хүлээн зөвшөөрч бичиж байгаа болохоос сүүлийн хэдэн бичлэгээ харахад тодорхой л байх шиг байна даа.
Энэ хүрээд миний орос хэл дууслаа даа. "Орос" хэл ээ сайжруулаад, өөртэйгөө хамт хоёулхнаа сууж ярилцдаг болсныхоо дараа л юм бичихээс. Гэхдээ дараагийн бичлэг хэзээ ч байж магадгүй.
Блогтоо баяртай гэж хэлэхгүй ээ, яагаад гэвэл би блогтоо хайртай. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй зүйлийг хайрлаж болдоггүй гэж боддог байсан боловч блогийнхоо хүчээр тийм биш гэдгийг ойлгосон.
Ухаарал хайрласан болгоноо хайрлана
Уулзсан хүн бүрээ хүндэлнэ. Учир нь тэр бүгдийн нөлөөний үр дүн нь өнөөдрийн би юм шүү дээ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй, үгүй бол хэнийг ч юуг ч хайрлаж чадахгүй биз ээ...
Read more

Thursday, April 8, 2010

Мөрөөдлийн Засгийн Газар

Би гэж хүн гадаадуудад гайхуулах юм багатай. Манай Монгол улс 13-р зуунд тэгж байлаа, дэлхийн хүмүүсийн арьсны өнгийг хар, цагаан, монголоид гэж ангилдаг гэдгээс илүү юм хэлж чадахгүй. Яг л нөгөө бага байхад хүүхдүүд тэнгэт онгоцны утаа харахаараа "тэр манай аавын онгоц мэдүү", "үгүй манай аавын онгоц" гэж ямар хэрэгтэй нь мэдэгдэхгүй худлаа ярьдаг шиг л... Гэхдээ худлаа бол яриад байдаггүймөө, зүгээр л танай улсад юу байна гэж асуухад нь хэлэх юмгүй байгаадаа ичээд байдаг юм. Зуд мудын талаар асуухад нь бол дуугарахгүй шдээ ёстой, би англи хэл мэдэхгүй гээл холдож байгаамдаа. Хэдэн малчид нь малаа маллаж чадахгүй үхүүлж байгааг яриад суултай нь биш.
Гэтэл саяхан ичмээр ч юм шиг, бахархмаар ч юм шиг, гайхуулмаар ч юм шиг үйл явдал болов оо. Сагс тоглох гээд нэг талбай дээр яваад очтол хүмүүс харин асууж байнаа.
Танай улсын Засгийн газар хүн болгондоо 1000 доллар өгөх гэж байгаан байна лээ шд тэ? Чи аваад яах уу? Гоё юм аа тэ? гэж байна шүү харин. Өөрсдийнх нь засгийн газар тийм байсан бол, эсвэл монгол хүн болж төрсөн бол гэж мөрөөдөх нь холгүй байна лээ дээ. Ингээд би гэж хүн анх удаа би монгол хүн гэж хоосон цээжээ дэлдэх биш, надад 1000 доллар өгдөг засгийн газар байна, та муусайн новшнуудад ер нь юу байгаан гэж хэлж чадахаар болж байнаа.
Тэр жил, 1992 оны олимпод анх удаа АНУ-ын мэргэжлийн тамирчдыг орохыг зөвшөөрч, Жордан тэргүүтэй тоглогчид Барселон хотод очиход "Мөрөөдлийн баг" гэж нэрлэж байсан ба түүнээс хойшхи АНУ-ын бүх багийг л тэгж нэрлэх болсон. Харин олон сайн тоглогчид мөрөөдлийн баг нэг л байдаг юм гэдэг. Гэхдээ тэр яахав, манай улс дэлхийд хаана ч байхгүй "Мөрөөдлийн Засгийн Газартай" болж, манийхаа магнайг тэнийлгэж байна даа. Хойшдоо олон олон мөрөөдлийн засгийн газар төрөх болтугай, хурай хурай хурай...
Read more

Monday, April 5, 2010

Өөрийгөө үзэн ядахуй

Би гэж хүн ер нь шөнийн нойрондоо их муу. Өглөөний хүн гэж ном уншаад өглөөний хүн болно гэсэн чинь тэр маань хаашаа ч алга болчихов доо. Тэрний талаар бодож санаж байгаа ч юм алга. Шөнө унтдаггүй болохоороо өдөр нойроо аваад байдаг байсан юм. Ер нь ингэх нь буруу юм шиг санагдаад өдөр унтахгүй шөнө л унтана гээд, өдөр гэртээ ирэхгүй явж байгаад шөнө унтах гэтэл бас л унтахгүй. Хэвтээд унтахгүй, заза тэгвэл жоохон юм хийе гэж бодоод писинийхээ ард суухаар нүд өвдөөд, эвшээлгэнэ. Баярлаад буцаад хэвтэхэд бас л унтахгүй.
Дээр нь ойрдоо ерөөсөө их л ууртай болоод байгаам шиг. Жоохон юманд маш амархан бухимдана. Олигтой нойр авч чадахгүй, хийж байгаа юм байхгүй, чадаж байгаа юм байхгүй. Нэг л сүрхий баахан ном өрсөн хүн, тэрнээсээ алийг нь ч уншихгүй. Ямар ч бүтээмж байхгүй. Өөрөө өөртөө дургүй хүрэхийн дээдээр хүрч үзэн ядаж эхэлж байна. Read more