Monday, July 11, 2011

Хямдхан луйварчин

2010 оны 8 дугаар сар. Хайдерабад-Дели-Жайпур-Дели-Хайдерабад чиглэлээр 10 хоног зугааллаа. Жайпур гээч хотын хувьд бол их сонирхолтой. Хэмжээний хувьд жижгэвтэр энэ хот аялал жуулчлалын чиглэлээр овоо хөгжчихсөн юм шиг санагдсан. Үлгэр домогт төсөөлөгддөг, кинон дээр гардаг Энэтхэгийн том орд харштай хотуудын нэг. Ер нь Энэтхэгийн хойд хэсэг нь хуучин Персийн эзэнт гүрний хэсэг, Их Монгол улс, дараа нь Могул гүрний эзэмшил, дайн тулаан их болдог байсан гэсэндээ цайз хэрэм ихтэй. Дээр нь тэр нь их гоё, сүрлэг. Төв, урд хэсгээрээ байдаг ч гэлээ хойд хэсэгт байдгуудаа өнгө үзэмжийн хувьд гүйцэхгүй юм шиг санагддаг. Эсвэл магадгүй аялал жуулчлалаас болоод засч янзалсан байж болох.
Жайпур хотын "Амбер форт" гээчийн өмнө очлоо зураг аа дарууллаа, хэрэмний дотор орлоо бас зураг аа авхууллаа. Сүүлд нь харсан чинь зурагны өмнө зогсоод зураг авхуулчихсан юм шиг харагдана лээ. Дээшээ цайзын хэрэм рүү орохын тулд би заан дээр сууж явсан юм. Өмнө зоо паркт 2,3хан заан холоос харсан боловч энэ удаад зуу зуугаар тоологдох заануудын дунд орон, хүрч үзнэ гэдэг нэг л өөр сонин санагдаж байлаа. Зааны баас волейболын бөмбөгний дайтай том хомоол. Дээр нь суугаад явахад, хэрвээ би арай том биетэй байсан бол дэлхий эргэх хөдөлгөөн надад ингэж мэдрэгдэх байхдаа гэж бодож явлаа.
Заан дээр суугаад дээшээ гарахад 10 долларын үнэтэй. Хөгжингүй орны хувьд бол энэ их биш. Харин монгол оюутны, ирээд жил болчихсон, эндхийн амьдралыг мэдэх хүний хувьд их мөнгө. Энэ бол миний бараг 7 хоногийн хоолны мөнгө. Гэхдээ тэглээ гээд заан унахаас татгалзсан уу гэвэл үгүй. Учир нь хүн тодорхой хэмжээнд таашаал эдлэхийн тулд төлбөр төлж байх ёстой нь үнэн. Энэ бол зах зээлийн, үйлчилгээний дүрэм.
Яагаад сэдэв ийшээ хазайгаад эхлэв ээ гэхээр энэтхэг хүнийг дэлхийн хамгийн хямдхан хүн гэдэг. Үүнийгээ тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг, заримдаа бүр бахархаад байдаг ч юм шиг санагддаг. Учир нь Жайпур хотын дундуур халуун наранд өдөржин алхсаны эцэст галт тэрэгний буудал руу явахаар болсон юм. Рикша буюу хүн тэргэн дээр суулаа. Буудал хүртэл 2км орчим зайтай, 20 рупи буюу 600 төгрөгөөр явахаар тохиролцсон юм. Гэтэл гэнэт хажууд өөр нэг нөхөр гарч ирээд яриа өдөөд эхэллээ.
-Чи наадахдаа хэдийг өгч байгаа юм?
-20
-10 л хангалттай, энэтхэг хүнд 10 рупи хангалттай. Энэтхэг хүн хямдхан луйварчин!

Ингэж хэлэхэд гэнэт гайхчихав. Энэ өөрөө хаанах хүн юм бол, өөрөө ч гэсэн энэтхэг л байна даа гэсэн бодол орж ирээд замхрав. Аливаа үндэстнийг бусад нь доромжилдог байж болох ч, ядаж өөрсдийгөө доромжлох утгагүй. Ёстой л хямдхан луйварчин гэдэг үгэндээ л тохирч байх шиг байгаа юм.
Read more

Sunday, July 10, 2011

Сайхан наадаарай

Зээ өнөө өглөө сэрлээ, наадмын өглөө бяр амтагдаад, бөхчин хүн гэсэндээ нэг өөр сэрдий шөө. Заза элийрэх ч яахав. Миний Фэйсбүүк, Твиттэр энээ тэрээ гээд бараг бүх л юм Наамдын уур амьсгал орчихжээ. Наадам уул нь 11-нд эхэлдэг гэж бодоод байсан чинь өнөө жил чинь өнөөдрөөс эхэллээ гээд аль хэдийнэ зарлачихаж.
Бяр амтагдаад болдоггүй, аз болж ус дуусчихсан гарч 20 литр усанд л эд хаваа гайхуулав :p
Блог маань л наадмын уур амьсгал ороогүй санагдаад ингээд юм бичиж байгаа нь энэ. Энэ зун начин хийе гэж бодсон чинь цолыг зөвхөн Монголд л өгдөг юм байна. За больё тэгвэл ганц сум тавьчихъя гэсэн чинь хэчнээн бяртай ч Монголын Засгийн Газрын ордон руу хүргэх тэнхээ байдаггүй. Ингээд гарч морь уная гэсэн чинь эндхийн энэ өндөр гоолиг морьнууд нь атигар надад өндөрдөөд, таарах юм олдохгүй бололтой. Дэлхийн ганцхан Монгол Наадам аа гэж...
За яахав дахиад нэг наадмыг ингээд өрөөндөө аахилаал өнгөрөөхөөс. Дараа жилийн наадам ч хол байна даа гээд бүр хадуураад явчихгүй юу :D
Заза ингээд элийрэхээ багасгаж, энэ олон тэгш ой тохиож буй Наадмын мэндийг хүргэе! Дэнж хотойтол сайхан наадаарай!
Жич: Дэнж ээ л хотойлгоно шүү нөхдөө :Д Read more

Wednesday, July 6, 2011

Чөлөөт гэрлэлт

Чөлөөт гэрлэлт гэдэгт би хоёр хүн бие биедээ татагдан хайр сэтгэлтэй болон хамтдаа амьдрахаар шийдэхийг хэлж байгаа юм. Энэтхэгт харин үүний эсрэгээр буюу "arranged marriage" давамгайлдаг. Хүү том болоод эцэгтээ хэлнэ, аав аа би одоо хүнтэй гэрлэж гэр бүлтэй болъё. Эцэг нь үүнийг зөвшөөрвөөс хүүдээ эхнэр олж өгөхийн тулд охинтой айлд очин эцэг эхтэй нь ярина. Хэлэлцээр амжилтанд хүрвэл төд удалгүй гэрлэцгээнэ. Охинд хүүгийн зургийг үзүүлж зөвшөөрөл авдаг гэдэг, гэхдээ энэ бол цөөн тохиолдол ба гэрэл зураг гэж юм байгаагүй үед ийм ойлголт байгаагүй нь тодорхой.
Хэрхэн яаж гэрлэсэн талаар нь байрныхаа эзнээс асууж байсан юм. Тэрээр гурван хүүхэдтэй ба том нь надтай чацуу. Манай өвөө 7 хүүхэдтэй, аав 5 харин би 3, "үйлдвэрлэлийн" хэмжээ буураад байгаа биз? гэж хошигнож байсан удаатай. Тэрээр эмч хүн ба сургуулиа төгсөөд ажилд оржээ. Дараа нь аавдаа яг дээрх зарчмаар эхнэртэй болъё гэж. Ингээд л хорин хэдэн жилийн өмнө хамаатныхаа охинтой суужээ. Ажиглаад байхад үеэл эгч нь юм шиг байгаа юм. Муслим, Хинду шашинтай улс орнуудад ер нь ихэвчлэн ах дүү нарын хүүхдүүд суудаг. Ах эрэгтэй дүүгийн хүүхдүүд сууж болохгүй гэж муслимууд үздэг бол, Хиндунууд эгч эмэгтэй дүүгийн хүүхдүүд хориотой. Хэрвээ би буруу санаагүй бол шүү. Магадгүй ийм болохоор энэ улс хэтэрхий олон хүн амтайн дээр, ихэнх нь тэнэгдүү байдаг байх гэж бодогддог юм.
Гэрлэлтийн талаар анх ирчихээд 18-20 орчим насны сургуулийнхаа залуучуудаас асуулаа. Ихэнх нь миний тодорхойлсноор чөлөөт гэрлэлтийг сонгоно гэж хариулж байлаа. Тэднийхээр "love marriage" буюу хайр сэтгэл дээрх гэрлэлт гэмээр юм уу даа. Харин инжний тухайд асуухад бас л ихэнх нь авахгүй гэж байсан юм. Учир нь хайр сэтгэлээрээ сууж байж би мөнгө авах ямар хэрэгтэй юм бэ? гэж байлаа. Энэтхэгт хосууд гэрлэхэд эмэгтэйн тал нь инж өгдөг.
Жил гаруйн өмнө ангийнхаа нэг нөхрөөс бас асуусан: Чи гэрлэхдээ ямар хэмжээний инж авах вэ? 30 лак буюу 3 сая рупи. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 90 сая төгрөг. Яагаад 30 лак? гэж асуусанд маань би төгсөөд мастер зэрэгтэй болчихно, дээр нь би газартай гэж хариулав. Энэтхэг эрчүүд газартай бол ёстой "хаданд" гарлаа гэдэг нь л болдог юм шиг байгаа юм. Тэд газар дээрээ байшин барьчихна, өөрөө нэг байранд нь амьдарна, бусдыг нь хүмүүст түрээслүүлнэ. Энэ зарчмынх нь ачаар би ч гэсэн өнөөдөр орох оронтой сууж байна. Дээр нь боловсролын зэрэг өндөр байх тусам хүмүүсийг дээрээс нь харж эхэлнэ.
Тэгэхээр одоо ямар дүгнэлтэнд хүрч байна вэ гэхээр энд эмэгтэй хүн байх, гэрлэх гэдэг өөртөө болоод гэр бүлдээ том гай юмдаа. Сонирхолтой нь гудамжинд гараад явахад эрчүүд нь дэндүү их. Хүн амын хүйсийн харьцааг асууж байхад нэг хүн надад 70:30 гэж хариулж байсан юм. Гудамжинд бол эрчүүд нь үүнээс ч их. Магадгүй эмэгтэйчүүд нь тэр болгон гадуур яваад байх эрхтэй байдаггүй биз.
Энд дахиад нэг асуулт гарч ирж байгаа нь байгаль цаанаасаа эр эм төрөлтийг ижил болгон хуваарилж байдаг ба хромосомын нэгдлээс болж охин ураг бий болох магадлал илүү их байдаг байна. Гэтэл энд эсрэгээр 10 хүний 7 нь эрэгтэй. Хүмүүсээс асууж үзээд олсон зүйл маань ,хөдөө тосгодуудад эмэтэй хүүхэд төрөхөд эцэг эх нь "устгалд" оруулдаг гэсэн ойлголттой болсон юм. Усанд хаях, галд шатаах, эзгүй хээр орхих гэх мэт хүүхдээ хэзээ ч төрөөгүй юм шиг болгох арга хэрэглэдэг бололтой. Гэвч бодоод үзэхэд өдөр болгон энэ улсын жижиг тосгодууд нялх хүүхдүүд араатны хоол болж байгаа болж таарна. Үүнээс өөр арга баймаар ч юм шиг санагддаг байсан ба саяхан эмнэлэг дээр байж байгаад ийм нэгэн таамаглал дэвшүүллээ.
Эмнэлгийн ханан дээрээс ямар бичиг олж уншсан бэ гэхээр: "Эхийн хэвлий дэх ургийн хүйсийг тодорхойлох, тодорхойлохыг шаардах нь хуулиар хориотой". Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тэд ургийн хүйсийг тодорхойлуулаад, охин байвал аборт хийлгэдэг бололтой юм. Гэхдээ мөнгөгүй ядуу хүн яалаа гэж аборт хийлгэхэв, ямар нэг зэрлэг аргаар зулбуулдаг байх даа гэж ч бас бодлоо.
Энэ бүхэн монголчуудын хувьд бол төсөөлөхөд бэрх зүйл. Хэрвээ энэ хүмүүс бүгд хайр сэтгэлээрээ гэрлэдэг байсан бол яах вэ? Дээрх бичсэн бүгд байхгүй болох байх. Нөхөр нь эхнэрээсээ инж нэхэхгүй, хэвлий дэх үр нь охин байлаа гэхэд "устгахгүй".
Read more

Хөгширсөөр л...

Гэнэт аймшигтай хөгширч байгаагаа мэдэрлээ. Ингэж хэлсэнд надаас хөгшин улсууд битгий гомдоорой :D. Дуртай кинонуудын маань нэг Терминатор 2 аль эрт 20 жилийн өмнө бий болсон, бага байхад хүмүүс намайг адилтгаад байдаг байсан "Гэртээ ганцаараа"-н бацаан Кевин одоо 30 настай. Хамгийн дуртай олон ангит кино "Найзууд" 17 жилийн өмнө анх гарч байсан, өнөөдөр салахаа больсон Фэйсбүүк бий болоод 7 жил болж байгаа юм байна. Анх писи гэж юмны ард суухад DOS үйлдлийн системтэй байлаа, гэхдээ хамгийн анх яг хэрэглэж, өөрөөр хэлбэл тоглож эхэлсэн үйлдлийн систем бол Виндовс 3.11, үүнээс хойш Майкрософт компани 95, 98 гэх мэт олон үйлдлийн систем бүтээсэн ба хамгийн алдартай Windows XP одоо 10 настай. Энэ их цаг хугацаа өнгөрөхөд би юу хийвээ? Юу ч хийсэнгүй, юу ч бүтээсэнгүй. Дээрх хэдэн юмыг олж уншаад гэнэт өөртөө дургүй хүрлээ. Дэлхий ертөнцөд их зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг, их зүйл ч бий болж байна. Моцарт 6 настайдаа анхныхаа хөгжмийн зохиолыг бичиж байсан бол Эйнштэйн надаас яльгүй ах байхдаа Харьцангуйн онолын тухай анхны материалаа хэвлүүлж байж. Гэтэл надад хийсэн юм байхгүй, дээр нь юу ч хийхгүй гөлийсөөр л...... Read more

Sunday, July 3, 2011

Заримдаа хөөрхийг санах юм

Заримдаа хөөрхий блогоо санах юм. Даанч юм бичихгүй юм даа. Ойрдоо Твиттерчин болж байх шиг байна. Хэрвээ твиттертээ бол би @mootsoo гээд байж байдаг шүү.
Ингээд твиттерчин болсон нь мэдэгдээд байдийн, бичиж байгаа бичлэг нь хүртэл твитийн хэмжээтэй :D Read more