Monday, July 11, 2011

Хямдхан луйварчин

2010 оны 8 дугаар сар. Хайдерабад-Дели-Жайпур-Дели-Хайдерабад чиглэлээр 10 хоног зугааллаа. Жайпур гээч хотын хувьд бол их сонирхолтой. Хэмжээний хувьд жижгэвтэр энэ хот аялал жуулчлалын чиглэлээр овоо хөгжчихсөн юм шиг санагдсан. Үлгэр домогт төсөөлөгддөг, кинон дээр гардаг Энэтхэгийн том орд харштай хотуудын нэг. Ер нь Энэтхэгийн хойд хэсэг нь хуучин Персийн эзэнт гүрний хэсэг, Их Монгол улс, дараа нь Могул гүрний эзэмшил, дайн тулаан их болдог байсан гэсэндээ цайз хэрэм ихтэй. Дээр нь тэр нь их гоё, сүрлэг. Төв, урд хэсгээрээ байдаг ч гэлээ хойд хэсэгт байдгуудаа өнгө үзэмжийн хувьд гүйцэхгүй юм шиг санагддаг. Эсвэл магадгүй аялал жуулчлалаас болоод засч янзалсан байж болох.
Жайпур хотын "Амбер форт" гээчийн өмнө очлоо зураг аа дарууллаа, хэрэмний дотор орлоо бас зураг аа авхууллаа. Сүүлд нь харсан чинь зурагны өмнө зогсоод зураг авхуулчихсан юм шиг харагдана лээ. Дээшээ цайзын хэрэм рүү орохын тулд би заан дээр сууж явсан юм. Өмнө зоо паркт 2,3хан заан холоос харсан боловч энэ удаад зуу зуугаар тоологдох заануудын дунд орон, хүрч үзнэ гэдэг нэг л өөр сонин санагдаж байлаа. Зааны баас волейболын бөмбөгний дайтай том хомоол. Дээр нь суугаад явахад, хэрвээ би арай том биетэй байсан бол дэлхий эргэх хөдөлгөөн надад ингэж мэдрэгдэх байхдаа гэж бодож явлаа.
Заан дээр суугаад дээшээ гарахад 10 долларын үнэтэй. Хөгжингүй орны хувьд бол энэ их биш. Харин монгол оюутны, ирээд жил болчихсон, эндхийн амьдралыг мэдэх хүний хувьд их мөнгө. Энэ бол миний бараг 7 хоногийн хоолны мөнгө. Гэхдээ тэглээ гээд заан унахаас татгалзсан уу гэвэл үгүй. Учир нь хүн тодорхой хэмжээнд таашаал эдлэхийн тулд төлбөр төлж байх ёстой нь үнэн. Энэ бол зах зээлийн, үйлчилгээний дүрэм.
Яагаад сэдэв ийшээ хазайгаад эхлэв ээ гэхээр энэтхэг хүнийг дэлхийн хамгийн хямдхан хүн гэдэг. Үүнийгээ тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг, заримдаа бүр бахархаад байдаг ч юм шиг санагддаг. Учир нь Жайпур хотын дундуур халуун наранд өдөржин алхсаны эцэст галт тэрэгний буудал руу явахаар болсон юм. Рикша буюу хүн тэргэн дээр суулаа. Буудал хүртэл 2км орчим зайтай, 20 рупи буюу 600 төгрөгөөр явахаар тохиролцсон юм. Гэтэл гэнэт хажууд өөр нэг нөхөр гарч ирээд яриа өдөөд эхэллээ.
-Чи наадахдаа хэдийг өгч байгаа юм?
-20
-10 л хангалттай, энэтхэг хүнд 10 рупи хангалттай. Энэтхэг хүн хямдхан луйварчин!

Ингэж хэлэхэд гэнэт гайхчихав. Энэ өөрөө хаанах хүн юм бол, өөрөө ч гэсэн энэтхэг л байна даа гэсэн бодол орж ирээд замхрав. Аливаа үндэстнийг бусад нь доромжилдог байж болох ч, ядаж өөрсдийгөө доромжлох утгагүй. Ёстой л хямдхан луйварчин гэдэг үгэндээ л тохирч байх шиг байгаа юм.

No comments: