За даа ойрдоо ч юм бичсэнгүй. Унтаж унтаж, босч ирээд талбай дээр очиж сагс тоглодог ажилтай л болж байх шив. Сагсны талбай хүртэл 3 км гаруй, унаа тэрэггүй мөртлөө энэ хооронд ирж очоод л байх юм. Бүх хүний найз хэний ч найз биш гэдэг шиг унаагүй хүнд бүх хүний унаа өөрийн юм шиг л байна даа. Дээрх үг symmetric болохоороо их үнэн үг юм шиг байгаамаа.
Хэний унаагаар яваад байгаа сонин байж магадгүй юм. Энэ хотод нэг сайхан нь гудамжинд гараад эрхий хуруугаа гозойлгоод л хүний мотоциклон дээр суугаад явчихна. Нөгөө америк кинонууд дээр, эзэнгүй зам дээр хүмүүс зогсож байгаад замын унаанд дайгддаг шиг. Тэгж бодохоор хот биш тосгонд байгаа ч юм шиг. 20 гаруй сая хүнтэй аварга том тосгон.
Эр эм хүмүүс гудамжинд хөтлөлцөж, тэврэлдэж, үнсэлцэж бол бүр болохгүй. Тэгсэн мөртлөө гудамжинд нь нэг ч хогийн сав байхгүй, эрчүүд нь хүссэн газраа хүссэн зүг рүүгээ харж шээнэ, замын хөдөлгөөний дүрэм баримталдаг нэг ч хүн байхгүй. Ер нь тэгээд замын хөдөлгөөний дүрэм гэж байдаг ч юм уу бүү мэд. Ямартай ч замын цагдаа бол байгаан, энд тэнд замын цагдаагийн "цэг" бол харагдана. Тэрэн дээрх бичиг нь их гоё: Don't rule the road, follow the traffic rule, ингэхээр бас замын хөдөлгөөний дүрэм байгаа ч юм шиг. Ямартай ч өдөр болгон 2 удаа явдаг уулзварын гэрлэн дохио ажиллаж байхыг бүтэн жилийн хугацаанд ганц 2 удаа л харсан. Заза энэ ч яахав, эргээд нөгөө замын унаагаа ярилцъя.
Замын унаанд суухад нөхөр сайхан сэтгэлтийн хамгийн эхний асуулт нь хаанаас ирсэн бэ? тэгээд юу хийдэг вэ? хаана амьдардаг вэ?
Ингээл болж байгаамдаа. Нэр бол бараг асуухгүй, уул нь хүнээс юм асууж ярилцаж байгаа бол нэр усыг нь асуугаад танилцмаар. Тэгээд нэг гажиг асуулт нь "Танай улсын мөнгөн дэвсгэрт Энэтхэгтэй харьцуулбал ямар вэ?" Монгол гэж хаана байдгийг ч мэдэхгүй байж ийм асуулт асуудаг нь үнэхээр гажиг. Ямар асуулт асууна, тийм л хүн байдаг гэж ер нь үнэн байх.
Ийм юм бичих болсон шалтгаан нь сая наашаа ирэхэд намайг авч явсан нөхөр арай гайгүй нөхөр байлаа. Энэтхэг өөрөө шашин соёлын төв болохоор эндхийн хүмүүст шашин их чухал. Надаас ямар шашин шүтдэг үү? гэж асуусан нь олон. Ямар ч шашин шүтдэггүй, бурханд итгэдэггүй гэхээр гайхдаг. Өнөөдрийн ярилцсан хүн хэлсэн нь:
- Яаж бурханд итгэхгүй байж болдог юм бэ? Идэж байгаа хоол, ууж байгаа ус чинь хаанаас гарч ирж байгаа юм? Зүгээр л байж байдаг гэж боддог юм уу? Энэ бүхнийг бий болгосон хүч байгаа...бла бла бла...
Нөхөр өөрөө муслим. Дашрамд дурьдахад манай байрны эзэн бас муслим. Энэ муслимууд өөрсдийгөө хамгийн зөв, үнэн шашин шүтдэг гэж хэлэх дуртай. Сарын өмнө хиндучуудын нэг баяр болсон юм. Баяраа тэмдэглээд байж байхад нь гадаа байрныхаа эзэнтэй харж зогсонгоо хэдэн үг солив оо. Эд нарын энэ нь 2000 жилийн уламжлалтай, өнөөдрийн энэ байдалд огт таарахгүй. Ер нь бол тэнэг улсууд л гэж хэлээд байгаа юм. Баяр нь Ганеш гэж зааны хушуутай толгойтой, эд хөрөнгө хариуцдаг билүү дээ тийм бурхны баяр. Манай байрны эзэн цааш үргэлжлүүлэн: Манай муслимууд ийм янз бүрийн баримланд сүсэглэдэггүй. Бурхан бол хэлбэр дүрсгүй, супер хүч юм. Өдөр болгон нар манддаг, шөнө болохоор од гардаг, яагаад уу?
Цааш нь үргэлжлүүлж яриулахын тулд, энэтхэгүүд шиг л сурснаараа толгойгоо санжигнууллаа.
Энэ бүгдийг бурхан цаанаас зохицуулж байдаг юм. За нэг иймэрхүү л юм ярина даа. Ер нь тэгээд муслимууд: Бурхан бидэнд юуг зөв, юуг буруу гэдгийг хэлж өгдөг. Бид түүний үгийг дагахад бурууг үйлдэхгүй, үхлийн дараа диваажинд очно. Диваажингийн хэл нь араб хэл гэх мэт
Шашин шүтдэггүй, бурханд итгэдэггүй гэхээр, чи яаж зөв бурууг ялгадаг юм? гээд ер нь бол боломжгүй зүйл, ямар хачин амьдардаг юм гэж хэлчих гээд л.
Байгаль дэлхийгээ хайрлаад, бусдыг хүндлээд, хүнд гай болчихгүй амьдрахыг ямар нэг байгаа эсэх нь тодорхойгүй далдын хүчээр хэлүүлэх хэрэг байгаа ч юм уу? Ингээд бодохоор аливаа зүйлийн буруу зөвийг ялгаж чаддаггүй хүмүүсийн амьдралын хөтөч нь шашин юм шиг.
Маргаашийн төлөө өнөөдөр ажилладаг ч гэлээ, үхлийн дараахь амьдралын төлөө өнөөдөр залбирах тийм хэрэгтэй зүйл мөн ч юм уу? Хэрвээ "маргааш" гэж байхгүй бол яах уу? Өнөөдөр хийсэн бүхэн маргааш утга учраа алдвал яах уу ? Тиймдээ ч зарим хүмүүс өнөөдөр, хоёр маргаашаас илүү гэдэг болов уу?
Read more
Өвлийн өвгөн
5 months ago