Monday, November 30, 2009

Тэмдэглэл 4

Хичээлийн 1 семестэр дууслаа. Шалгалтын сезон эхэллээ. Шалгалтанд бэлддэг хүн болж 2 хоног суулаа. Ер нь бол шалгалт дуустал 1 сар суух төлөвлөгөөтэй ба тэгэхээс ч өөр аргагүй.
Өмнөх шалгалтуудад далаараа цэвэр тавиулсан болохоор ингэхээс ч өөр яахав. Сурах гэж ирсэн хүн сурах л ёстой. Сурсан уу үгүй юу гэдгийг шалгалт л шалгаж харуулдаг болохоор одоо өөр гарц байхгүй.
Шалгалтанд бэлдэх гээд 2 хоног суусан чинь ер нь шалгалтанд бэлдэж сураагүйгээ ойлголоо. Өдийг хүртэл амьдралдаа нэг ч шалгалтанд бэлдэж үзээ ч үгүй юм байна. Магадгүй би гоц хүн юм болов уу гэж өөрийгөө хөөргөдгөөрөө хөөргөж үзлээ. Гэхдээ гоц ч байлаа, биш ч байлаа гэсэн шалгалтанд бэлдэхээс өөр аргагүй. Уншихаас, хийхээс өөр зам байхгүй, тэгдэггүй бол төрөхдөө л бүхнийг мэддэг төрсөн болчихно. Харамсалтай нь цав цагаан цаас шиг хов хоосон толгойтой төрсөн хүн л дээ. Харин тэр цаас том уу жижиг үү, эсвэл хэр олон хуудастай цаас вэ гэдэгт л учир нь бий байх. Хичнээн том юмуу олон хуудас цаас байлаа гээд дээр нь нэг ч юм бичихгүй бол атгын чинээ цаасан дээр арван үг бичсэнээс дор л байж таараа.
Ер нь би яагаад сурах гээд ийшээ хүрээд ирсэн юм бэ? Гэртээ ээжийнхээ хоолыг идээд, гэдсээ илээд аавдаа эрхлээд, дүүгээ дээрэлхээд сууж байсан бол тэрэн шиг амар сайхандаа жаргасан юм гэж ер нь хаана байхав. Харамсалтай нь хүнээс дор орохгүй гэсэн хүн бүхний төрөлхийн инстинкт надад ч байдаг болохоор л ирсэн.
Шалгалт өгсний дараа элчин дээр ярилцлага өгч байхад надаас яагаад явж сурах гээд байгаан бэ гэж асуусан асуултанд хариулсан хариулт маань санаанд орж байна.
Traveling thousands of mile is better than reading thousands of book.
Энэ үг Монголын "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэг үгтэй утга нэг юм шиг санагддаг. Ямар ч л байсан жил орчмын өмнө тэгж хариул байхдаа би хамгийн сайнаар бодоход суусан цэцэн л байлаа. Харин одоо хамгийн муугаар бодоход явсан тэнэг. Амжилттай сураад төгсөөд очиход, баргийн ухаантнаас арай дээр л байх байхдаа.
Амжилт гэснээс онгоцны буудал дээр явахын өмнө аав: ...хамгийн гол нь амжилт гэж хэлээд салсан. Ер нь энэ амжилт гэж юу гэсэн үг юм болоо? Уинстон Черчилл: "Амжилт гэдэг алдаанаас алдаа руу урам зоригоо алдахгүй шилжихийг хэлнэ" гэж хэлсэн байдаг. Надад энэ үг их таалагддаг. Яагаад гэвэл би унаж байсан ч инээж л байдаг хүн. Ингэхээр унадаг юм байна шүү, нэг ч гэсэн юм мэдэж авлаа гээд босоод ирдэг л хүн.
Ингээд би гэж хүн алхам тутамдаа амжилтын сайхныг мэдрээл явж байна даа.
Read more

Thursday, November 26, 2009

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улс

2009 оны 11 сарын 26, Улс тунхагласны 85 жилийн ой буюу анхдугаар үндсэн хууль батлагдсаны 85 жилийн ой. Хэдэн зууны туршид өөр хоорондоо ч өрөөл бусадтай ч тулалдаж, Манжийн дарлал гэгдэх 200 гаруй жилийг ардаа орхин 10н хэдэн жил тэмцсэний үр дүнд ЗХУ-ын нэг хэсэг болсон үе.
Миний ойлгоцоор тусгаар тогтносон улс боллоо гэдгийг уул нь 1992 оны үндсэн хуулин дээр тунхагласан юм шиг.
Ерөөсөө Манжийн дарлал гээд байгаа тэр үед бид тусгаар тогтнолоо алдчихсан байсан юм уу гэдэг их сонин. Дарлуулж мөлжүүлээд байсан үе уул нь биш л юм шиг. Манжууд хятдуудыг дарлаж Монголчуудыг эрхлүүлж байсан юм шиг л санагддаг. Магадгүй энэ түүхийг би сайн мэддэггүй байж болох юм.
Гэхдээ ямартай ч монголчууд түүхэндээ хэзээ ч хөдөлмөрлөж үзээгүй ард түмэн юм шиг санагддаг. Бага байхад манай түүхийн багш нэг үгийг байнга хэлдэг байж билээ. "Монголчууд боолын нийгмийг алгассан учраас хөгждөггүй" гэж. Бид анх бий болсон цагаасаа нүүдэллэж, байгалиасаа хулгай хийж, хаана аятайхан газар байна тийшээ дайрч довтолж явсаар Манжийн "ивээлд" орж, дараа нь Орос "ах" нараар бөгсөө арчуулсаар 1990 онтой золгосон.
2-р курст байхад хар зургийн хичээл ордог байлаа. Зургийн багш: Монголчууд байгалийг сөрж амьдардаг уу, дагаж амьдардаг уу гэж асууж байсан. Монголчууд дагаж аргадаж амьдардаг. Бороо орсны дараа хаяагаа сөхөөд усаа урсгаад өнгөрөөчихдөг л улс. Харин соёл иргэншсэн ард түмэн уснаас хамгаалж цайз хэрэм босгохоос эхлээд, орон гэрээ хамгаалж, нэг газартаа тогтож түүнийхээ төлөө тэмцдэг. Ингээд бодохоор хөгшин хүнд газар үгүй гэдэг шиг Монголчуудад нутаг гэж байхгүй, эсвэл бүр дэлхий ертөнц тэр чигээрээ биднийх ч юм шиг.
Бидэнд бахархах түүх олон бий. Дэлхийн 7 гайхамшгийн 2 нь монголчуудтай холбоотой. Цагаан хэрмийг хятдууд монголчуудаас айсандаа барьсан гэж омогшдог ард түмэн бид. Таж Махал гэж дэлхий нийтээрээ харж баясдаг зүйлийг Могул гүрнийг босгосон, монгол угшилтай Бабур хааны удам бариулсан гэдэг.
Ийм байхад бид цээжээ дэлдэж онгирохгүй гээд ч яах билээ. Гэхдээ аливаа зүйл хэтрэхээрээ юу ч биш болдог. Зарим азарган тахиа өөрийг нь донгодохоор нар манддаг гэж боддог гэдэг шиг бид өөрийг нь унтахаар шөнө болж сэрэхэд нь өглөө болдог юм шиг бодохоо болимоор ч юм шиг.
Дуучин С.Жавхлан гэж нөхрийн саяхан орсон нэг нэвтрүүлгийг үзлээ. Хөтлөгч: Таны нөгөө Итал явж сурах яасан бэ?
Жавхлан: Явж яах юм? Тэднийг энд иртэл нь амьдаръя л даа гэж байх юм.
Хэдэн жилийн өмнө манай нэг найз надад нээх тэнэг үг хэлж билээ. Бид 2 хичээл тухай ярилцаж байсан юм. Нөхөр өөрөө хэл сурах маш дургүй. Би: Англи хэлээ хийсэн нь дээр дээ, хэрэгтэй.
- Яах юм?
- Би чамайг солонгос хятад хэл сур гэж байгаа биш энэ чинь англи хэл, дэлхийн хэл болчихоод байна.
- Тэгвэл тэр дэлхийд чинь монгол хэл заая л даа. Би тэгж л амьдарна.
Иймэрхүү хоосон эх орончийн сэтгэлгээ бидэнд байгаа цагт хаа ч холдохов дээ.
Бид ямар Энэтхэг Хятад шиг тэрбум давсан хүн амтай улс байгаа биш, тэдэнд ийм сэтгэлгээ байхад бид гайхаад байх учиргүй. Харин бид тусгаар улс гэдгээ өөрсдөө тэр хавьдаа яриад цээжээ дэлдээд өнгөрөх биш дэлхий нийтэд таниулж мэдүүлмээр юм шиг.
Дэлхийн 6 тэрбум гаруй хүний тал нь ядуу болон нэн ядуу амьдралтай байна. Энэ тал хувьд нь Монгол улс тусгаар улс уу үгүй юу гэдэг огтхон ч сонин биш, бүр ийм улс байдаг гэдгийг ч мэдэхгүй. Харин үлдсэн тал хувь нь түүхийн хичээл үзсэн бол ихэнх нь Монгол бол Хятадын нэг хэсэг л гэж үзсэн байдаг. Яагаад? Яагаад дэлхий нийтээрээ түүхийнхээ хичээлд ингэж ороод байдаг юм бэ? Тэр байтугай хятдад бол нэг аймаг муж гэж үздэг. Яагаад хэн ч үүний эсрэг ямар нэг юм хийдэггүй юм бол? Үнэндээ энэ бүгдийг, Монголын тусгаар тогтнол, түүхийн талаар бичих гэхээр бичих юм олддоггүй. Яагаад гэхээр бидний түүх тодорхойгүй. Бидэнд бичиж үлдээсэн юм үнэхээр маруухан.
13-р зуунд Хубилай хаан Их Монгол улсыг улам томруулж хүчирхэг болгоод Юань гүрэн гэж нэр өгсөн байдаг. Бидний түүхийн хамгийн ойлгомжгүй адармаатай хэсэг энд байдаг юм шиг. Яагаад тэр хүн өвөө нь Монгол гээд нэр өгчихсөн байхад өөрчилж Юань гэж нэр өгсөн нь их сонин. Тэгээд нийслэл хотоо Бээжин рүү шилжүүлээд шүү. Үүнийг Хятдын нэг аймаг болох Монгол нь бүх хятад үндэстнийг нэгтгэж Юань гүрэн байгуулсан гээл тайлбарлачихдаг. Логикийн хувьд яалт ч үгүй тийм болж хувирдаг.
Түүхийг тодорхойгүй болгосон дараагийн зүйл бол Социализмийн он жилүүд. Коммунистуудад үнэн хэрэггүй, тэдэнд сайхан юм шиг харагдаж л байв л юм ер нь болоо. Чингис гэж хэлэх ч боломжгүй байж байгаад, хүссэн болгон Эзэн Чингисийн удам гээд цээжээ дэлдэцгээнэ. Үнэндээ энэ нэрийг зөв бичиж байгаа нь ч тодорхойгүй.
70 жилийн хугацаанд ор сураггүй байсан хүнийг, хятдаас олж ирсэн нэг номоор /Монголын нууц товчоог ингэж хэлж байгаадаа хүлцэл өчье/ баримжаа аван түүх соёлтойгоо танилцсан хүмүүс бид. Үнэн эсэхийг хэн мэдэх юм бэ? Уншихад сайхан л байдаг болохоор баярлаад зөв гэж хүлээгээд авчихсан юм шиг.
Ер нь тэгээд хүнээр зүйрлэбэл хөгшин хүн шиг болчихсон бидэнд хэдэн жилийн нас байгаа юм бол? Бидний үр ач Монгол гэж хэлэгдэж явах болов уу? Эсвэл "стан"-аар төгссөн, алтай язгуурын гэгдэх хэдэн улсын хүмүүс бидний өвөг дээдэс монгол хүн байсан гэж сайрхаж, бидэнд долигонодог шиг бидний үр удам дэлхийн бөмбөрцгийн тэр хавьд Монгол гэж улс байлаа, миний өвөө монгол хүн, 13-р зуунд тэд дэлхийг эзэлж явсан юм гэлээ гэж ярьж байх юм болов уу?
Тэгээд ч ер нь бид оршин тогтноод байх ёстой ч юм уу үгүй ч юм уу? Бид яах ёстой юм бэ? Одоо хаашаа яваад байгаан? Хаачих ёстой юм бэ?
Read more

Tuesday, November 24, 2009

Тэмдэглэл 3

Ойрдоо юм бичих гэхээр залхуу хүрээд байдаг болчихжээ. Юм бичих гэхээр ч биш, бас ер нь л юун дээр ч тэр. Ер нь тэгээд угаасаа залхуу л даа.
За тэр ч яахав. Найз нөхдийнхөө блогоор хэсч, юм бичихийг нь хүлээдэг боллоо. Нөхдөө удаан байна шүү, юм хум бич л дээ айн. Харин бичиж байгаа хэддээ баярлалаа. Унших таатай байна.
Нөхөд их асуудалтай болжээ. Цээжинд нь нэг юм бугшаал, үе үе галаар тургиад яваад байгаа бололтой. Хүн бүхэнд асуудал байдаг гэж надад хэлж байна, тийм байхөө. Гэхдээ надад ямар ч асуудал байдаггүй шд. Чамд байгаа байгаа л гээд байх юм. Надад байхгүй ээ байхгүй. Асуудлаар яахын, хаячихаад явчих хэрэгтэй шд.
Хүн ер нь үргэлж төгс төгөлдөр зүйлийг хүсдэг юм шиг. Гэтэл төгс төгөлдөр гэж юм хаана ч байхгүй. Энэ үгийг бүгд л хэлдэг мөртлөө амьдрал дээр хэрэгжүүлдэг нь их цөөхөн юм шиг. Байхгүй зүйлдээ гутарч байхаар байгаа зүйлдээ баярлаж байх хэрэгтэй ч билүү, Далай лам гуай айлдсан байдаг шиг санаж байна. Тэртээ тэргүй хүн бүхэн Эйнштэйн шиг ухаантай болж чадахгүй, Шварценегр ах шиг булчин шөрмөс, Майкл Жордан шиг сагс тоглодог, Дон Жуан шиг хүүхнүүдийг өөртөө татдаг болж чадахгүй нь тодорхой. Үүнийг мэдэж л байгаагаас хойш ямар нэг зүйл муу хийж байгаадаа ч юм уу, ямар нэг зүйлийг авч чадахгүй байгаадаа сэтгэлээр унах ямар хэрэг байна?
За тэгээд бичиж байгаа юм маань найз нарын маань бичиж байгаа зүйлээс хамаагүй хазайгаад далийгаад явчих шиг боллоо. Гэхдээ яахав хадуурсных нэгэнт хадуурах зүгээр биз.
Хүн ер нь тэгээд амьдралдаа сэтгэл хангалуун биш, өөртөө сэтгэл хангалуун бус байвал амьдраад байх ямар хэрэгтэй байдаг юм бол? Тэртээ тэргүй хүсэж төрөөгүй байж амьдралд хорогддог нь өчүүхний л шинж байх л даа. Үнэхээр амьдрах хүсэлгүй, намайг яах гэж төрүүлвээ гэж аав ээждээ гомдоллодог бол шийдэх маш амархан баймаар.
Хутга аваад хоолойгоо хэрччихэд цус алдаад унаад өгнө, эсвэл зүрх рүүгээ зоочиход л дуусаа шдээ. Зовлонгоос ангижрах шиг амархан юм хаа байна. Хутга мэснээс айдаг бол олс аваад өндрөөс уя, тэгээд нөгөө үзүүрийг нь өөрийнхөө хүзүүнээс уяад үсэрчих хэрэгтэй. Наад хүзүү чинь мулт үсрээл явчихна. Байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байя л даа нөхдөө.
Би лав бурхан хэрвээ байдаг бол надад атаархдаг гэдэгт итгэдэг, амьдралын хором мөч бүрийг мэдэрч таашаал авч байгаад минь тэр атаархдаг.
Read more

Friday, November 13, 2009

Хятадаа санагалзана

Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын ерөнхий сайд шинээр томилогдсон. Тэгээд өчигдөр засгийн газрын танхимын асуудал яригджээ. Бүх сайдууд 90-ээс дээш хувийн саналаар улиран сонгогдсон байна. Шинээр Занданшатар гэж нөхөр Гадаад хэргийн сайд болжээ.
Гишүүдээс түүнд хандаж хэлсэн үг их сонин санагдлаа. Монголчууд Хятад руу визгүй зорчдог, ОХУ-руу бас тийм болгох хэрэгтэй байна гэнээ. Бас Н.Энхболд гэж нөхөр 2 улсын иргэншилтэй болгох асуудал ярьж байна. Юу гэсэн үг вэ? Монголд хүн хэрэгтэй байхад хүнээ гаргах бодлого явуулах гэж байдаг.
Миний хувьд Хятад гэж улс руу ч бид визтэй зорчдог болох ёстой гэж боддог. Яагаад бид энэ улс руу эх орныхоо хаа нэг аймаг сум руу орж байгаам шиг юу ч болоогүй юм шиг орж гарч байх ёстой юм бэ? Энэ чинь харь орон. Бидний ингэж зүв зүгээр зорчиж байгаа нь хятдуудын хувьд тэдний нэг аймгийнхан нийслэл хотдоо орж ирж байгаа юм шиг л болгож байгаа.
Хэдэн жилийн өмнө хятдууд, Монгол Хятадын асуудлаар ярилцсан гэдэг. Монголыг яаж Хятадын нэг хэсэг болгох вэ гэж. Олон хүмүүс хятдууд монголчуудыг өөрсдийн болгох гэж боддог ч үгүй, тэдэнд бид үнэндээ хамаагүй гэж боддог. Маш олон хужаа нар Монголын талаар мэддэггүй нь үүнийг нотлох шиг болдог. Харин тэдний хэдэн жилийн өмнө хийсэн тэр хуралдааны шийдвэр ямар байсан бэ гэвэл:
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг зорчино
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг эмчлүүлнэ
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг сурна
- Монгол хүн Хятадад хятад хүн шиг ажиллаж, амьдарна.
Энэ дараалсан үе шатууд тодорхой он цагуудтай байсан санагдаж байна. Анх энийг бараг 10 жилийн өмнө мэдсэн болохоор тэр оныг нь сайн санахгүй байна.
Ямартай ч дээр бичсэн зүйлүүдийн алин дээр нь өнөөдөр явж байгааг бид харж болно. Монгол хүн өнөөдөр хятдад хятад хүн шиг сурах бололцоотой болжээ. Харин нэг л өдөр хятад хүнд ажил олддоггүй мөртлөө монголчууд тэнд зүгээр л ажилладаг болохвий. Тэнд ажиллаж байгаа нэг Говь-Алтайн ч юм уу нөхөр ажлаа тараад Говь-Алтай руугаа ирнэ ч гэж юу байхав. Тэндээ л амьдарна.
Дэлхийн бусад улс оронд зөндөө л монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна гэж хэлэх хүн зөндөө л байх. Гэхдээ тэр чинь дэлхийн бусад улс, харин энэ бол Хятад.
Социализмын үед Орост сурч байсан зөндөө монголчууд өнөөдөр 40, 50. 60 хүрчээ. Үүнээс ч залуу хүмүүс байгаа, одоо ч сурч байгаа хүмүүс бий. Харин тэр ахмад үеийг нь яагаад онцолж байна вэ гэвэл, тэдний төлөвшил их сонин. Тэдний сонсдог дуу, иддэг хоол. Орос дуунд маш их дуртай, эх орноо хаяж явсан нэг цагаачийн хүүхдийг ирэхээр нь дууг нь сонсож, бахархаж сүйд болно. Эрхүүгийн хавар гээд монгол хүний дуулдаг дуу ч байдаг билүү дээ.
Хоолны тухайд, орост сургууль төгссөн хүмүүс шөлтэй хоолыг талхгүй идэж чаддаггүй. Талх байхгүй бол юу ч хамаагүй ямар гурилан бүтээгдэхүүнээр орлуулна. Буузыг кетчуптэй холих "оросуудаас" л эхтэй.
Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл хаа нэгтэй хүн болсон хүн тэр газрынхаа соёл ёс зан заншилд дасдаг. Эргээд ирсэн ч хуучнаа санагалздаг, хоолоо, ая дуугаа. Ялангуяа хоол гэдэг соёлын маш том зүйл.
Африкчуудын нэг ийм үг байдаг юм билээ. Чи шээхдээ шээсээ хичнээн хол явуулахыг хүссэн ч төгсөл нь хөл доор чинь бууна.
Хятдад эмчлүүлж амь гарсан, тэнд сурч хүн болсон хүн Монголдоо ирсэн ч хятадаа санагалзана.
Read more

Wednesday, November 4, 2009

Хүмүүс юу уншдаг гээч?

Хүмүүс юу уншдаг гээч?
Хүн зовоод зовлонгоо бичихээр уншдаг. Лут зөвлөгөө өгдөг хүн болж орж ирж сэтгэгдэл бичнэ гэж мэдэмхийрэх гэж.
Улс төрийн талаар бичиж, хэн нэгнийг шүүмжлэхээр илүү их мэддэг дүр үзүүлж цэцэрхэх гэж.
Өөрт хамааруулж нийтийг шүүмжлэхээр битгий солиор гэж хэрүүл хийх гэж.
Мөнхийн гэгддэг нөгөө хайр сэтгэлийг бол унших ямар дуртай гээч?
Үнсэлцэх, сексдэх болвол бүр сонирхож орно.
Яаж хүүхэн панаалдах уу, хэрхэн яаж залууст гоё харагдах уу гэвэл бас л их орж ирнэ дээ.
За тэгээд гарчиг л харна ш дээ. Дээрх төрлийн гарчигтай байгаа тохиолдолд хүмүүс бол бөөн бөөнөөрөө орж ирж уншина. Бусад тохиолдолд бол невчүүр.

Заза тэгээд би ч цааш нь сайн мэдэхгүй л дээ. Мэддэг бол уншдаг юмыг нь бичээд блогийнхоо хандалтыг тэнгэрт тулгана биздээ. :P
Read more

Sunday, November 1, 2009

Ном ярилцъя 4: Павель Корчагин, Островский, Соно, Войнич, Жорж Буль

Ноднин нэг ном уншсан юм аа. Уншсан ч юу байхав эхлүүлсэн юм. Тэгээд ажил мажил гэж илийрч явж байгаад уншилгүй хаячихаад ажлаасаа гарсныхаа дараа үргэлжлүүлж уншиж дуусгасан юм. Нэр нь "Болд хэрхэн хатаагдсан нь". Гол дүр нь Павел Корчагин гэж үхэж өгдөггүй 7 голтой амьтан. 7 голтой гэснээс нээрээ яг 7 удаа үхлээс босч ирдэг ч билүү дээ. Зохиол дээр нөхрийг яагаад энэ их өвдөлтийг тэсээд ингээ яваад байдаг юм бэ гэхэд нь "Овод"-ыг уншаад л гэж хариулдаг. Зохиол эхлээл жоохон бацаан тэр номноос огт салдаггүй юм. Зохиол дуусахдаа мань хүн 24 настай нүд нь ч юм харахгүй, хөл нь аль хэдийн хөдөлгөөнгүй, сүүлдээ гар нь ч олигтой хөдлөхгүй болж дуусдаг юм. Тэгсэн мөртлөө ном бичиж байгаа юм. Тэр номных нь нэр нь "Шуурганаар төрөгсөд". Энийг харсан чинь нэг л танил санагдаад явчихсан юмаа. Ийм ном байдаг ч билүү гээд бодлоо. Тэгээд гэрийнхээ номын санг ухтал "Болд хэрхэн хатаагдсан нь" номын зохиолч Островскийн өөрийнх нь ном байж байх юм. Өнөө үед мань мэт ном бичсэн бол нэг номон дээрээ нөгөөгийнхөө пиар хийж болохсанж, гэтэл аль улаан цагаан оросуудын хоорондоо тулалдаж байх үеийн пролетари нөхөр юу гэж тийм юм хийхэв гээд бодлоо. Тэгээд ааваасаа энэ талаар асуулаа.
- Островский чинь амьдралдаа 2 л ном бичсэн байх. "Болд хэрхэн хатаагдсан нь"-ын Павка чинь Островский өөрөө шдээ гэдэг юм байна.
Яг энэ үед Островскийг бишрэх шиг болов.
- Тэгвэл тэр "Овод" гэдэг нь бас байдаг зохиол уу?
- Наадах чинь Монголоор соно гэсэн үг. "Соно" гэж зохиол бий.
Гэнэт гэрийн номын сан дотор "Соно" гэж зохиол байсан санагдаад явчихлаа... Ухаад үзлээ нээрээ байна шүү. Тэгтэл аав үргэлжлүүлэн:
- Павел Корчагиныг харвал хүнийг үзэл суртал ямар болгодог, тэгээд хүнээс ямар хүч гарч болдгийг харж болж байгаа юм. Хэн нэгэн хүнээс ийм хүч гарч байхад өөр хүнээс ч гарч болно. Гэхдээ тэр нь заавал үзэл суртал байх албагүй...
Ингээд би гэж хүн биширч эхэлсэн Островский гэж хүнийг хүмүүжүүлсэн "Соно" гэж номыг сонирхон уншлаа. Зохиолын гол дүр Соно гэж хочтой Реварес гэж нэрээр явж буй жинхэнэ нэр нь Артур гэгч бас нэг үхэж өгдөггүй амьтан байх юм. Харин Корчагинаас ялгаатай нь энэ хүн илүү ухаантай илүү их юм үзэж боловсорсон гэх гэхээр бас оновчтой биш юм.
Ямартай ч Корчагин шиг тархиа угаалгачихсан пролетари биш. Харин үзэг барьж хувьсгал хийх гэж яваа хүн байлаа. Нэг үгээр хэлэхэд эцгийнхээ эсрэг тэмцэл хийж буй хүн. Гэхдээ эцгийнхээ эсрэг гэвэл бас л яг оновчтой биш. Шашны хүч, мунхруулалтын эсрэг байдаг хүн. Харин эцэг нь шашны том санваартан, пап лам, бурхны дайнд хүндлэгдсэн хүн. Ингээд ярьвал тайлбарлах их хэцүү. Сонгодог зохиолын нэг сайхан нь уншиж байж л ойлгодог хүнээр философийг нь яриулна гэвэл бүтэхгүй зүйл. Яг Монголын нэг зураач хэлсэн байдаг: Хэрвээ би зурсан зургаа тайлбарлах байсан юм бол зурахгүй тайлбарыг нь бичнэ шд гэж.
Ер нь уран зураг, уран зохиол үүгээрээ их агуу юм шиг байгаа юм. Хүн уншиж эсвэл, харж байж өөрийнхөөрөө ойлгож, ухаарал хайрладаг. Заза эргээд нөгөө зохиолдоо оръё.
Зохиолын төгсгөлд нөхөр Артурыг цаазаар авах болдог юмаа. Гэхдээ үүнийг хийхэд шашны их удирдагч хүчирхэг эцгийнх нь зөвшөөрөл хэрэгтэй. Эцэг хүү 2 гэдгийг үнэндээ Артураас өөр хэн ч мэдэхгүй. Эцэг нь Артурыг шоронд байхад нилээн хэд уулзахдаа л олон жилийн өмнө үхсэн гэж бодож байсан хүү нь гэдгийг мэддэг. Мэддэг ч юу байхав Артур мэдүүлдэг. Гэвч мэдсэн ч хүүгээ цаазаар авхуулахаар болдог. Зохиолын хамгийн эгзэгтэй сонирхолтой хэсэг нь төгсгөлийн энэ хэсэг. Яагаад гэхээр Библи дээр байдаг, Есүсийг цаазаар авхуулах болдог тэр хэсэгтэй маш төстэй. Артур Есүс, эцэг нь бурхан, хэргийг нь шүүж байгаа цаазаар авахыг ятгаж байгаа хүн хотын захирагч шиг.
Бурхан хүүгээ үхүүлдэгтэй адил, ноён санваартан маань ч тийм шийдвэр гаргадаг...
Заза тэгээд юун учиртай ямар зохиол яриад байгааг анд нөхөд та бүхэн өөрсдөө уншина биздээ.
"Соно"-ыг уншиж дуусгачихаад номны хойно байсан зохиолчийн тухай хэсгийг нь харлаа. Гэтэл зохиолч маань эмэгтэй хүн, амьд байхад нь монгол хэлнээ орчуулагдсан, үүнийг өөрөө сонсоод их баярлаж байсан гэж байх юм. Ядаж байхад их урт насалцаан.
Тэгээд интернэт рүү ороод Войнич гээд энэ хүний талаар мэдэж авах гээд үзэв. Гэтэл Войнич гэдэг нь өөрийнх нь биш нөхрийнх нь овог, харин жинхэнэ овог нь Буль/Bool/ гэж байлаа. Жорж Буль гэж агуу математикч хүн байсан, түүний охин болж таарсан. Энэ нь бүр их сэтгэгдэл төрүүлсэн юм. Учир нь Булийн алгебр гээд багадаа их сонирхдог, Дискрет математикт маш чухал хэрэглэгддэг, програмчлалын нэг хэсэг болсон зүйлийг анх бий болгосон хүн нь Жорж Буль. Нарийн ширийн зүйлийг сонирхвол Google ах, Wikipedia 2-оос асууна биз ээ. Зөв асуувал цаад 2 чинь их дажгүй дэлгэрэнгүй, оновчтой хариулт өгдөг юм. Заза эргээд сэдэвтээ.
Павель Корчагин, Островский, Соно, Войнич, Жорж Буль гэж энэ зүйлүүдийг харахаар их сонирхолтой зүйл ажиглагддаг юм. Авьяас уу, Хөдөлмөр үү гэдэг асуулт. Коммунистууд 99 хувийн хөдөлмөр 1 хувийн авьяас гэж ярьдаг бол, эсрэгээрээ 99 хувийн авьяас 1 хувийн хөдөлмөр гэж ярьдаг хүмүүс бий. Дээрх холбоосыг харахад аль аль нь л байгаад байдаг юм.
Төрөлхийн гоц төрсөн хүмүүс байдаг ч, хөдөлмөрлөж авьяас ухааныг бий болгож бас болдог юм шиг байгаа юм. Гоц төрсөн байлаа ч, үгүй байлаа ч хөдөлмөрлөнө гэдэг зайлшгүй зүйл юм шиг байгаа юм. Учир нь үнэхээр агуу гоц авьяастай төрсөн хүн мөн бол түүнийхээ 99-ний 1 хүртэл хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл их байх тусам л нөгөө 99-ний 1 нь ихсэнэ. Харин энэ их авьяас байхгүй бол хөдөлмөрлөх хэмжээ нь багасах ёстой юм шиг боловч, энэ нь нөгөө талаараа авьяас байхгүй гэсэн үг. Тийм болохоор 99 хувийн хөдөлмөрөө хийх л болж байх шиг байгаан.
За тэгээд энэ бичлэгээ нэг найзынхаа над руу явуулж байсан нэг сод хүний үгээр төгсгөе. Бага зэрэг алдаатай бичиж магадгүй уучлаарай.
"Би амьдралынхаа 30 хэдэн жилд хоногт 14 цаг хөдөлмөрлөлөө, намайг сод гэж хэлэх үү?".
Read more