Friday, January 29, 2010

..........

Сэлэм гялс, толгой бөндгөс. Газарт унасан толгой өөрийнхөө бие рүү ширтэнэ. Өмнө нь хэзээ ч өөрийнхөө биеийг харж байгаагүй тэрээр гайхан харна. Толинд эсвэл дээрээс доош нь биеийнхээ хэсгийг хэсэгчилж харж байсан түүнд биеэ бүтнээр нь харах боломж олдлоо. Нэг хоёр алхаад эргэн газар сөхөрч унах бие нь сонирхолтой санагдана. Зогсож байгаа биеэ араас нь ч харах боломж олдсонд тэрээр баярлана.
Ингэхэд яагаад миний толгой энд газар бие маань харин тэнд сөхөрч унаж байгаа билээ хэмээн өөрөөсөө асууна. Хамгийн сүүлд юу хийж байлаа? Уншсан мэддэг юмаа ярьж байснаа санав. Энэ хүмүүс яагаад мэддэг нэгэндээ ийм дургүй байдаг юм бол? Тэнгэрийн элч хэвээрээ байсан бол бүхнийг дээрээс нь харан, тэнгэрт дүүлж байх байтал ингээд хоёр хэсэг болон газар хөсөр унаснаа гайхаад барахгүй. Зуу зуун жилийн тэртээ мөнх амьдралтай тэнгэрийн оронд инээж цалгиж явсан нь санагдана. Тэгэхэд би далавчаа тасдан газар бууж ирээгүй бол, эрдэм мэдлэгт тэгтлээ дурлаагүй бол өдийд нисэж л байх байсан даа. Гэхдээ хүний амьдрал сайхан. Хормын төдийд ч шинэ зүйл олж харах юм. Биеэ бүтнээр нь харах ганц хором ч гэсэн ийм жаргалтай хэмээн өөртэйгөө ярилцсаар нүдээ анив.
Read more

Tuesday, January 19, 2010

Шерлок Холмс

Хүн бүрт багадаа үзэж харж, уншиж судалсан нэг баатар байдаг байхаа. Миний зохиолын баатар бол энэ хүн Шерлок Холмс. Анх хүн дүрст бичигтэй зохиолыг нь уншаад шууд амтанд нь орж билээ. Нөгөө хүн дүрст үсэгнүүдийг нь бүгдийг нь тайлж учрыг нь олоод өөрийнхөө нэрнээс эхлээд хэрэгтэй хэрэггүй юм бичиж суудагсан. Бичсэн юмыг маань надаас өөр хүн уншиж чадахгүй болохоор зугаатай ч юм шиг, эсвэл бүр ёстой тэнэг ч юм шиг. Харин сүүлд нөгөө үсэгнүүдээ ор тас мартсаны дараа манай дүү энийг уншаад бас үг зохиогоод сууж байж билээ. Ямартай ч энэхүү богино хэмжээний зохиолуудыг уншаад түүнийг дууриаж, хэнтэй ч уулзсан өмссөн хувцас үйл хөдөлгөөнийг нь харж тодорхойлох гэж оролддог, бас ч гэж олон жил оролдсон юм болохоороо Шерлок Холмс шиг сайн биш ч гэлээ, чамлахааргүй болсон гэж боддог.
Ингэхэд энэ ер нь юун хүн юм бэ? Маш олон зохиолын баатруудаас ганцаараа бараг бодит хүн шиг хүмүүсийн дунд үлдсэн баатар яах аргагүй үнэн. Англи улс, Лондон хот, Бейкэр стрийт, 221В гэсэн хаяганд оршин суудаг байсан гэх. Одоо яг энэ хаяганд нь Шерлок Холмсийн гэр музей байдаг гэж байгаа. Хэзээ нэгэн цагт очиж үзнэ дээ.
Шерлок Холмс гэгч энэ баатрыг Артур Конан Дойл гэж хүн бий болгосон. Нийт 56 богино хэмжээний түүхүүдтэй. Анх уншиж байхдаа Конан Дойлыг өөрөө энэ Шерлок Холмс гэж боддог байлаа. Харин түүний зургийг харахад зохиол дээр дүрслэгдсэн Холмсийн найз, бас туслах Доктор Ватсонтой төстэй хүн байсан юм. Ер нь зохиол нь Ватсон дандаа түүх өгүүлж байгаа юм шиг, Ватсоны тэмдэглэл ч юм шиг явагддаг. Тэгэхээр Конан Дойл өөрөө Ватсон түүнд Шерлок Холмс шиг найз байсан байхыг үгүйсгэхгүй.
Яагаад гэнэт энэ талаар бичээд эхлэв ээ гэж гайхаж магадгүй. Дөнгөж сая орлогоороо нилээн дээгүүр явж байгаа Шерлок Холмс гэгч киног үзсэн юм. Үнэндээ таалагдсангүй ээ. Багадаа төсөөлж бодож, дагаж дууриадаг байсан нөгөө баатар маань лав тэр кинонд гарсангүй ээ. Хэт боевик гэмээр дэндүү лут зодолдох юм. Хазгар Ватсон хүртэл 2 эрийг балбаж байх юм. Тэгээд ч Ватсон намхан махлаг нөхөр гэж бууж ирдэг боловч Холмсоос бараг өндөр жирийн хүн гарч байна. Харин Холмс өндөр туранхай байх ёстой байтал 2 баатар маань яг адилхан.
Ямартай ч сэтгэлд үнэхээр хүрсэнгүй.
Read more

Friday, January 8, 2010

Өглөөний хүн

Энэ шинэ жилээр шуудангаар бэлэг аваад сайхан байлаа. 1 футболк, 2 ном. Superman-ий футболк өмсөөд явах гоё ч юм шиг онигоотой ч юм шиг.
Alchemist гэж номыг нь тэгж байгаад, уншиж эхэлсэн номнуудаа дуусгаад уншнаа. Хэд хэдэн найз маань уншчихсан, гоё ном гээд байгаа.
Харин 3 дахь бэлэг нь "Өглөөний хүн" гэж ном. Ирсэн даруйд нь шууд уншив. Нээх зузаан биш жижгэвтэр л ном юм. Тэгээд өглөөний хүн болохоор шийдлээ. Харин над шиг хүнд бол тийм ч амар зүйл биш бололтой. Бараг 10 жил шөнө унтахгүй өглөө 4, 5 цагийн үед унтаж байсан хүн, өглөө 4, 5 цагийн үед босдог болж өөрчлөгдөнө гэдэг бас амаргүй даваа бололтой.
Зохиогч маань "өглөөний хүн" болоход 100 хоног, 14 долоо хоногийн хугацаа өгчээ. Өнөөдөр 3 дахь өглөө. Энэ бичиж байгаа маань ч блог дээрээ өглөө юм бичиж байгаа анхны тохиолдол.
Аа тийн мартах гэж байна. Бэлэг явуулсан найз нартаа дахиад баярлалаа.
Read more

Sunday, January 3, 2010

Гомонууд бидэнд хэрэгтэй

Ижил хүйстнүүд гей гомо гээл хүмүүс сүүлийн үед их ярьдаг болжээ. Ер нь ч их олшроод байгаам шиг. Эсвэл нууц байсан нь ил гараад байгаа ч юм уу. Тэгээд хүмүүс байж болохгүй зүйл, хүний эрх энэ тэр гээд их л юм ярьж байна. Уул нь ч хүний эрх л дээ. Гэхдээ мань мэтийнхээ эрхэнд халдаад байдаг нь жоохон асуудалтай. Зүгээр байлгахгүй татаж чангаагаад.
Манай энүүгээр гей шинж нь давамгайлсан эрчүүд дэндүү олон. Энэ талаар Англид байдаг нэг найзтайгаа бас ярьж байсан чинь тэнд нь бас тийм байдаг гэх юм. Гэхдээ яадаг ч байсан цаадуул чинь ер нь хэрэгтэй юм шиг байнаа. Ижил хүйстний тоо нэмэгдэх тусам бусад бүх хүнд ашигтай.
За тэгэхээр ийм байна. Хэсэг бүлэг хүмүүс байлаа. Эр эм хүмүүсийн тоо нь яг тэнцүү. Ер нь хүйсийн харьцаа ойролцоо байдаг болохоор тэнцүү байдаг гээд үзье. Жишээ нь 20 хүн хамт байлаа. 10 эрэгтэй, 10 эмэгтэй. Гэтэл 10 эрийн 1 нь ижил хүйстэн.
1т. Эрчүүд нь баярлах хэрэгтэй. Яагаад гэхээр нэг эрд ногдох эмэгтэйн харьцаа 1:1 буюу тэнцүү байсан бол энэ харьцаа нь нэмэгдэнэ гэсэн үг.
2т. Эмэгтэй хүнтэй ижил хүйстэн залуу хамгийн сайн найз байж чаддаг гэдэг. Тэгэхээр эмэгтэйчүүдэд нь нэг найз нэмэгдэнэ.
Хэрвээ дахиад нэг ижил хүйстэн залуу гарч ирвэл дээрх 2 зүйл 2лаа биелэхээс гадна эхний нөгөө ижил хүйстэн залуу найз залуутай болоод бүр сайхан болно. Гэхмэтчилэн нэмэгдээд байх байвал бид бүгдэд бүгдэд нь сайхан даа.
Харин ижил хүйстэн эмэгтэй бол хаана ч хэрэггүй. Дээрх сайхан зүйлүүд бүгд эсрэгээрээ үйлчилнэ. хихи
Read more

2009 ба хорь арван он

За ингээд хорь арван онтой золгочихлоо. Сүйд болоод байсан 2000 он гараад 10 жил болчихжээ. Цаг хугацаа ч гүй ээ мөн хурдан өнгөрч байна шүү.
Өнгөрсөн жил юу хийж бүтээснээ дүгнэе гэж бодлоо. Бүтээсэн ч юу байхав дээ. Олигтой хийж бүтээсэн юмгүй инээж баяссаар 20-н хэд жил явчихаж. Гэхдээ өнгөрсөн он маань миний хувьд хамгийн их зүйл хийсэн жил гэж хэлж болохоор л юм шиг байна. Дүгнээд үзвэл:
- Энэ блог гэж юмыг их л идэвхитэй хөтөлж зөндөө хэрэгтэй хэрэггүй юм бичжээ.
- Ажил хийж цалин авч нөгөөхөөрөө тоймгүй үнэтэй бандага аваад өмсчихсөн юм байна.
- Ажлын дараа орой сургалтанд сурч дээд сургуульд заалгаагүй их юмаа заалгаж тодорхой чиглэл олж авчээ.
- Хэдийгээр 10 гаруй жил интернэт хэрэглэж байгаа боловч хайгуул хийнэ гэдэг зүйлийг 2009 онд л сурсан байна.
- Хайгуул хийж сурсныхаа хүчээр мөрөөдөл байсан зүйлийнхээ эхний шатан дээр гишгээд авч. Хагас жилийн үзсэний хүчинд дөнгөж эхний шатан дээр гишгэсэн гэж бодохоор би үнэхээр муу ч юм уу эсвэл нөгөө мөрөөдөл маань хэтэрхий том ч юм уу.
- Сургуулиа төгсөх үед хүмүүс бүгд баярлаж байхад, би харин одоо би яанаа гээд байж байсан юм. Харин аав ээждээ амласнаараа муу ч сайн ч нэг тэтгэлэг олж аваад гараад алга болчихож.
- Ирснээсээ хойш соёлын шок, өөрийн англи хэлний хангалтгүй байдал, эндхийн хүмүүсийн хэт их аялгатай яриа, дээр нь залхуу гэж сайхан зан чанарынхаа үрээр үнэндээ олигтой сурахгүй байгаагаа маш сайн ойлгоод хэдэн сар суулаа.
- Бага байхдаа маш муу амтай гутранги маягийн байж байгаад, оюутан байхдаа реалистик болох гэж оролдож байж. Харин өнгөрсөн онд маш их өөдрөг үзэлтэй болсон байна.
- Ignorant. Өөртөө суулгах гэж их хичээсэн зүйлийнхээ захаас зуураад авчээ.
- Нэг ном бичих гээд эхэлчихсэн, 2 редактортой болчихсон kkk. Хэзээ нэгэн цагт дуусч л таараа.

Дүгнээд харахад гарт баригдах зүйл нэг ч алга. Бодвол материаллаг зүйлийг нэг их сонирхохоо больсон ч юм шиг. Ажил хичээл гэж эхний 3 сарыг өнгөрөөхдөө хоногт доод тал нь 16 цаг унших сонсох, судлах ажил хийсэн байна. Хамгийн бага унтсан үе. Залхууралгүй юм хийж болдог гэдгээ уул нь ойлгосон баймаар.

Харин хорь арав дугаар онд юу хийх вэ? Аль хэдийнэ 365 өдрийнх нь 2 нь өнгөрчихөж. 363 өдөр үлджээ.
- Хичээл гэж юмыг хийж сурах
- Мэргэжлийнхээ чиглэлийн үндсэн логик ойлголтыг улам гүнзгийрүүлэх
- C,C++ хэлийг бүр илүү сайн сурах
- Java, Python, Perl гэсэн хэлнүүдийг судалж, сурах.
- Computer Organization.Assembler, Assembly хэл мэддэг болох
- Сагсан бөмбөг гэж юмыг өшөө сайн тоглож сурах, ядаж нэг тэмцээнд түрүүлэх
- Сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглох
- Крикет гэж тоглоомыг олигтой тоглож сурах
- Усанд сэлэлтийн чадвараа нэмэх, төмөр өргөж байгаагаа тогтмол хийж олигтой үр дүнд хүрэх
- Дэлгүүр хоршоонд эндхийн хэлээр нь ярьчихдаг болох
- Хичээл, мэргэжлийн чиглэлээс гадна тогтмол ном уншдаг болох /нээрээ ном ч уншихгүй юугаа хийгээд байгаан болоо/

За ингээд харсан чинь жоохон хүүхэд би том болоод гэдэг шиг л баахан юм биччихлээ.Мөр болгонд бараг сурах гэдэг үг орчихож. Learning is never ending process гээл гүйгээд байхаас.
Read more