Saturday, February 26, 2011

Гарчиггүй, зүгээр л нэг юм бичмээр санагдав

Бага байхдаа тэнэг хүн ухаантай хүн гэж ер нь ямар хүнийг хэлдэг юм бол оо, ямар ялгаа байдаг юм бол гэхчлэн зүйлүүд их бодогддог байлаа. Ямартай ч ялгааг нь олохын тулд энэ хоёрын туйлыг нь олж тогтоох хэрэгтэй болно гэж эхэлж бодсон юм. Тэгээд ухаантай хүн гэхээр Эйнштэйн шиг царайтай хүн байх болов уу, харин тэнэг хүн гэдэг нь гудамжинд харсан ах хүү байлаа. Тэр нөхөр өмдөндөө шээчихсэн, солийчоод, шүлсээ гойжуулаад явж байдаг байсан юм. Хичээлээ тараад явж байхаад хааяа тааралдана. Эргэн тойронд нь юу болж байгаа түүнд хамаагүй ч юм шиг, бацаанууд шоолоол зарим нь дүрсгүйтэж очиж өшиглөнө. Нөхөр харин мэдсэн ч шинж байхгүй. Гэхдээ хичнээн тийм царай гаргасан ч түүний нүдэнд гомдлын шинж илэрч байх шиг харагддаг байсан юм. Хөөрхий дөө одоо байдаг ч юм уу бүү мэд.

Сүүлд оюутан болсон хойно манай сургууль дээр нэг нөхөр байдаг байлаа. Сургуулийн үүдэн дээр бохь зажлаал толгойгоо дэнжигнүүлээл зогсож байдаг. Нэр нь хэн билээ дээ мартчихаж, ямартай ч түүнийг мэддэггүй багш оюутан, ажилтан нэг ч байгаагүй юмдаг. Бүгд л энэ тэнэг, мэдрэл муутай...гээд янз бүрийн түүх ярина. Нэг удаа тэр нөхрийг ажиглаж жаал зогсов оо, гэтэл түүний нүдэнд нэг тийм доогтой харц байх шиг санагдсан юм. Хүмүүс түүнийг тэнэг мангар л гээд байдаг, гэтэл нөгөөх нь "хөөрхий эд нар намайг тэнэг гэж бодоол байж байдаг, өөрсдийнх нь байж байгааг" гэж боддог байсан бол яах уу? Хүний бодлыг мэдэх гэж оролдох сонирхолтой, тэр тусмаа сонирхолтой хүнийхийг олж мэдэх, бүр олж мэдэх гэж оролдох нь бүр ч сонирхолтой.

Сонирхолтой гэдэг нь жирийн нэгэн эсвэл усан тэнэгүүдийнх лав биш гэсэн үг. Хүний бодлыг олж мэдэхэд хамгийн онцгүй санагддаг нь харин дотуур тамиртай муу санаатай хүмүүс. Тийм хүмүүс цаанаа л нэг байж байгаа нь өөр, үг ээ зөөж ядаад .

Гэхдээ мэдээж хүн бүхэн муу санаатай байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Хэт гэнэн цайлган яваад байвал хүнд хулхидуулж дуусна даа? Эсвэл би хэтэрхий муу санаалаад байна уу? Гэхдээ энэ ч муу санаалах биш л дээ. Байж болох бүх боломжийг урьдчилан тооцоолох гэвэл илүү онох болов уу? Ингэхээр хэн ч муу санаагүй гэсэн ойлголтон дээр буух гээд байна уу даа?

Ямартай ч миний бодлоор ухаанаасаа хэтэрсэн муу санаатай хүнийг л муу санаат гэж хэлэх байх гэж бодох юм.
Read more

Thursday, February 17, 2011

Ягаан гариг дээр цэцэг ургадаггүй

Ойрдоо энэ "Ягаан гариг дээр цэцэг ургадаггүй" гэдэг үг их "сонсогдох" боллоо. Охид бие биенээ хайраа гэж дуудах нь олширлоо. Нөгөө гудамжинд залуучууд үнсэлцэхгүй байна, уйтгартай байна гэдэг шиг л мэдрэмж төрөх юм.

Энэ улсын эрчүүд нь алга болчихоо юу? Эсвэл хүүхнүүд нь эрчүүдээсээ толгой өндөр болоо юу? эсвэл эрчүүд нь тийм өчүүхэн болсон юм болов уу? Бүр эсвэл байгаль эх цаанаасаа, эсвэл бурхан гэж байдаг бол, тэр бидэнд эр хүйстэй үр заяахаа больсон юм болов уу?
Ингээд эрчүүдийн хомсдолд ороод эмэгтэйчүүд нь "цангаад" эхлэв үү? Хэдийгээр би далдын хүч, мухар сүсэгт итгэдэггүй ч гэлээ байгаль дээрх юмс бүхэн цаанаасаа зохицуулалттай байдаг гэдэгт итгэдэг. Хэрвээ аливаа зүйл буруу тийшээгээ хазайвал, энэ бол шууд хүний хүчин зүйлтэй салшгүй холбоотой гэдэгт гүн бат итгэдэг мунхаг нэгэн.
Би монгол залуутай амьдралаа холбохгүй, гадаад залуутай гэрлэнэ гэдэг үг сонсож байсан уу? Би лав зөндөө сонссон. Шалтгааныг нь асуухаар, архи уухаас өөр юм чадахгүй хүнээр яах юм гэдэг. Үнэн байж болох л юм. Гэхдээ үүний шалтгааныг өөр газраас эрэлхийлэх гэж оролдлоо.
Монгол залуучууддаа сүжиггүй болсон эдгээр бүсгүйчүүд юунаас болж ингээд байна? гэдэг асуулт гарч ирнэ. Хэрүүл хийе гэвэл, чи арчаагүйм болохоороо олигтой эртэй учирч яваагүй байлгүй дээ гээд хэлчихэж болох л байх. Гэхдээ цөөн хэдэн эмэгтэй ийм хандлагатай байсан бол ингээд цэг тавьж болох ч, үүнийг бичиж байгаа шалтгаан нь цөөн биш байгаад байгаа юм.
Тэгэхээр олигтой эр хүн шиг эр хүн ховордож л дээ. Олон хүн, эр хүн гэхээр булчин шөрмөс нь зангирсан зодоон цохион хийдэг хүнийг хэлдэг юм шиг ханддаг. Мэл Гибсон гэгчийн "Хатан Зүрхтэн" гэж киног үзээгүй хүн байхгүй байх. Тэр кинон дээр, "Чамайг сайн зодолдоно гэдэгт чинь огт эргэлзэхгүй байна, гэхдээ жинхэнэ эр хүн байхын тулд хүнээс арай өөр зүйл шаардагддаг юм шүү" гэж хэлдэг. Гоё үг шүү.
Ингээд эргэн тойрон дахь хүмүүсээ хардаа. Жинхэнэ эр хүн шиг хүн хэр олон байна? Орост сурсан улсууд мужик гээд байдаг даа. Жинхэнэ мужик ер нь бидний эргэн тойронд хэр их байна? Байхын хувьд бол байгаа ч, шалчига шалчига гэсэн юмнууд нь арай л олширчихсон юм шиг санагдах юм? Санал нийлэхгүй байж болох ч, алхам тутамд чинь ялихгүй юман дээр хэрүүл хийж явдаг "эрчүүд" тааралддаггүй гэж үү?
Тийм улсуудыг өнөөдөр зүгээр л "боожгойтнууд" гэж нэрлэвэл зүгээр ч юм шиг санагдах юм.
Боожгойтнуудаас болоод ягаан гаригийн иргэд олшроод байна уу даа гэж мөхөс би тунгаалаа.
Read more

Monday, February 14, 2011

Валеньтин боллоо шүү!

За нэг ийм баяр монголчууд тэмдэглэж эхлээд 10-аад жил болж байх шиг байна даа. Нийтээрээ өргөн дэлгэр, үндэсний хэмжээний том баяр ёслолын үйл ажиллагаа шиг тэмдэглэдэг болсноос хойш гэсэн үг.


Түүнээс биш ардчилсан хувьсгал ялснаас хойш хосууд тэрүүхэн тэндээ тэмдэглэдэг байсан болов уу гэж бодох юм. Мань мэт нь тэгээд ямар тэмдэглэх биш, хүмүүсийн тэмдэглэж байгаад дүгнэлт хийж, урьд жилүүдээс юугаараа өөрчлөгдөж байна гэдгийг л хараад сууж байх шиг ээ л байна. Уул нь ч яг баярын өдөр маань эхлээгүй л байна. Наран улсад тас харанхуй шөнө, хүмүүс унтаж байхад, ертөнцийн нөгөө буланд өмнөх өдрийнх нь нар жаргаагүй байх жишээтэй.

Валя хэмээгч энэхүү баярын үүх түүх, нөгөө шахлаадны тухай ярьвал... гэсэн чинь би өөрөө шууд нойрмоглож байна.

Энэ жилийн хосуудын тэмдэглэж байгааг харахад өмнөх жилүүдээс ялгаатай нь хүмүүс их прагматик болоод байгаа юм уу даа. Бэлгэдэл болсон шахлааднаас цааш хэтрэхгүй. Магадгүй ил захидал, дотор нь "айя лоо юү" энэ тэр байгаа биз. Гэхдээ энэ бол писиний ард сууж байгаа миний дүгнэлт. Би ямар Монголд ч байгаа биш, яг 14-ний орой юу болохыг ёстой нөгөө хосууд маань л мэдэх байхдаа.

Магадгүй хуучин байдаг янзаараа, кино үзнэ, хоолонд орно, буудалд орно, том хүмүүсийн хийдэг ажлаа хийнэ, өглөө нь өрвийсөн юмнууд ажил хичээлдээ явцгаана. Эсвэл баяр болж байна, баар оръё гээд бөөн бөөнөөрөө шоудах хэсэг нь ч бий байх. Ямартай ч ноднингийнх шиг Цагаан сараа тэмдэглэх үү, Валягаа тэмдэглэх үү гэж төөрөлдөөд, зүрхэн хэлбэртэй бууз ч билүү, буузан хэлбэртэй шахлаад ч билүү нэг тийм юм яриад байсан нь энэ жил давтагдахгүй нь тодорхой.

За тэгээд цааш нь жаал ажиглаад байхад Валентиний онгон улсууд тэсч ядаж байгаа шинжтэй. Өөдгүй гарууд үерхэлдээ үнэнч байхгүй энэ жил манийгаа хаяад валентин тэмдэглэх гэж байгаамдаа. Гэхдээ би бас муухай юм тэ? Бусдыгаа нэг аятайхан байх гэхээр атаархаж гүйгээд :p

Заза тэгээд эцэст нь ганц бие хүмүүстээ хэлэхэд сэтгэлээр унаж уйлж унжиж, гарч шоудаж илийрвээ. Мань шигээ гэртээ хэвтэж байсан нь ер нь дээр шүү. Хорвоо дэлхийн хаа нэгтээ чамайг хайрлах хүн байгаа гэдэгт итгээрэй :D

Бүгдэд нь Валентиний мэнд хүргэе!
Read more

Friday, February 11, 2011

Just wish it

One of my friend likes phrase that "Winners never quit, quitters never win!" Maybe this word is a key of all successful people.


Actually defining success is bit difficult, but we can say success is a something which we wanted to reach.

Why i'm starting to write these things? Because there are lots of people who always wants something. Actually this sentence is kinda funny, because everyone wants or wishes something always. But the thing which I want to talk about is why they can't reach their goal? Maybe the first answer is they just wishing, not making it goal. But why? Because it's just not an easy thing, actually it's precise, no one wishing the thing which is easy to get.

I just to want to say to those people, get out from your romance. There aren't such a thing which is like in magical story. Actually "I do believe in FAIRY" but I also believe that "there are no easy way out". So just be more pragmatic and stop just wishing, either do step forward what you want, even it is difficult.
Read more

Wednesday, February 9, 2011

Өөрчлөлтөнд дуртай хэн байх вэ

Хүн ер нь өөрчлөлтөнд их дургүй юм шиг ээ. Өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил гэх мэт. Аман дээрээ бүгд л дэмжиж ярьдаг боловч, яг амьдрал дээр өөрчлөлт хийж байгаа хүн ер нь их ховор юм. Ихэнх нь зүгээр л хараад сууж байхад нь шалан дээр байгаа хог хогийн саванд орж өөрийг нь баярлуулна гэж төсөөлнө. Гэвч хөгжил гээч юм хүнээс өөрөөс нь өөрчлөлт шаарддаг эд юм шиг байгаан.


Хөгжил гэснээс саяхан Молор-Эрдэнэ гэгч нөхрийн ярилцлагыг уншлаа. Яагаав нөгөө МАХН энэ тэр гээд янз бүр болоод байгаа нөхөр. Мэдээ уншихаар л тэгж биччихсэн байгаан шүү, тэрнээс биш Монголд яг юу болоод байгааг би сайн мэдэхгүй байгаа. Саяхны нэг ярилцлага дээрээ иймэрхүү юм ярьж байнаа: "Уул уурхайгаар хөгжинө л гэх юм, хүнд хамгийн аюултай ажил...тэгээд хөгжчихсөнийх нь дараа хэн тэр нийгэмд нь амьдрах юм..." Мань мэт нь тэр уул уурхайг ямар мэдэх биш, ухсан нүхэнд ордог юм болохоороо лав л аюулгүй биш байх. Харин надад тэр хөгжчихсөнийх нь дараа, хөгжчихсөн нийгэм гэж ярьж байгаа нь их сонирхол татсан. Уул нь мань хүн ярилцлага болгондоо Германы эрдэмтэдтэй хэрүүл хийж явсан, хоёрын хоёр доктор хамгаалсан, гэж байнга хэлнэ. Мань мэтэд нь ганц ч байхгүй байхад нөхөрт бол хоёроороо байгаан шүү. Тэгсэн мөртлөө хөгжил гээчийг явж очоод хүрдэг цэг гэж ойлгож байгаа нь их сонин.

Би хувьдаа бол өөрчлөлт, шинэчлэл, сурах, хөгжил гээч юмнуудыг тасралтгүй үргэлжилдэг үйл явц буюу процэс гэж боддог юм. Эхлэл нь төрөх, төгсгөл нь үхэл. Энэ хооронд хүн тасралтгүй өөрчлөгдөж суралцаж явдаг, хүн бүхэн ингэдэг учраас нийгэм бас ингэж өөрчлөгддөг гэж мөхөс миний ухаан ойлгодог юм.

Заза хэн мэдэхэв, манийхаа хажууд хоёр доктор хамгаалчихсан хүн буруу л бодоогүй байх, хүн бүхнийг буруу бодож ярьж байна гээд байвал манай Монголд чинь юм мэддэг чаддаг, толгой нь зөв ажилладаг хүн ер нь байхаа больсон шинжтэй. Тэгэхээр яавч тийм байж таарахгүй учраас бүгдээрээ өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе гэдэг билүү?
Read more

Sunday, February 6, 2011

Хайрт минь

Хайрт минь гэсэн гарчигтай болохоор найз охиндоо захиа бичиж байна гэж ойлгох хүн байж магадгүй, гэхдээ үгүй шүү. Тэгээд хэнд? юу бичих гэж байгаан? Энэ нөхөр чинь гомо нөхөр үү гэж түрхэн зуур ч бодогдож болох юм. Аль нь ч биш ээ хө.


Дэлхий ертөнцөд 200 гаруй улс байдаг ба нийт 6800 хэл хэрэглэгдэж байгаагийн 2261 нь бичгийн системтэй. Өөрөөр хэлбэл миний бичиж байгаа энэ хэл маань 2261-ийнх нь тоонд орж байгаа гэсэн үг. Википедиа дээр ойролцоогоо 1000 хэлний тухай байх шиг байна. Тэр дотор нь бүр ганцхан хүн мэддэг "ягаан" гэгч хэл ч байх юм. Бүр тэс хөндлөн юм яриад явчихав уу?

Яагаад хэл яриад явчихваа гэхээр, манай энд хүмүүс нь "telugu" гэгч хэлээр ярьдаг юм. Эрчүүдийнх нь амнаас байнга л "чинна" гэсэн үг гарна. Анх энэ нэг юмнууд хужаа энэ тэр гэж дуудаад байгаан болов уу гэж бодоод байсан чинь бие биенээ тэгж дуудаад байгааг нь олж мэдлээ. Тэгээд таньдаг хүнээсээ энэ "чинна" гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Гэтэл харин "хонгор минь" гэсэн үг гэж байнаа. Эмэгтэйчүүд нь бие биенээ ерөөсөө ингэж дуудахгүй, зөвхөн эрчүүд нь !!!

Араб хэлэнд "хабиби" гэж үг байдаг нь "хайрт минь" гэсэн утгатай, эмэгтэй хүнд хэлэхдээ "хабибти" гэдэг. Тэгэхээр хабиби гэдэг нь эрэгтэй хүнд гэсэн үг. Араб хэлтэй эрийн амнаас хабибти гэдэг үг даанч сонсоогүй дээ. Харин бие биенээ хабиби гэж ирээд л тэврэлдээд үнсэлцээд эхэлнэ !!!

Дээрх хүмүүс ижил хүйстэн үү гэвэл үгүй ээ. Тэгэхээр энэ бол цэвэр хэл, соёл, сэтгэхүйн асуудал. Хүмүүс үргэлж хэл яаж сурах вэ, энэ англиар нэг гайгүй ойлгодог болчих юмсан гэж ярьдаг. Номоо бариад надаас дүрэм асууна, гэтэл үнэн хэрэгтэй би ном харж дүрэм харж сураагүй. Гэхдээ нэг удаа хүний номыг аваад англи хэлний цагуудыг харлаа. Тэр ном надад хэлний ном гэхээс яг л философийн ном шиг санагдсан. Ер нь тэгээд хэл гэдэг тэр чигээрээ философи юм. Бидний толгойд бодогдож байгаа зүйлийн бусаддаа илэрхийлж хэлж буй арга. Тэгэхээр хэл сурна гэдэг тухайн хэлний хүнтэй ижил сэтгэхийг хэлнэ. Үүнийг анх монгол гадаад янз бүрийн хүмүүсийн дунд англиар юм ярихад монголчууд нь ойлгоод гадаадууд нь ойлгохгүй байгаагаас мэдэрч байсан юм.

Зарим хүмүүс монголоор тэгж хэлдэг бол англиар ийм дараалалтай хэлнэ гэж ярьдаг. Надад энэ ерөөсөө таалагддаггүй. Юмыг ер нь ерөнхийлж томьёолох утгагүй, тэр тусмаа өөрөө ч сайн мэдэхгүй юмаа загварт оруулж ярина гэдэг бүр инээдтэй. Миний англи хэл тийм сайн биш ч гэлээ заримдаа толгойд англиар үг орж ирдэг, тэгээд тэр үгээ монгол руу орчуулах гэхээр чаддаггүй. Махчлаад шууд орчуулж болох ч гэлээ, англиар байгаа шигээ ойлголт төрүүлж чаддаггүй.

Тэгэхээр англи хэл сурахыг хүсэж байгаа хүн англиар бааж сурах хэрэгтэй, монголоор дүлээд байвал болохгүй байнаа л гэсэн үг, ичиж зоволгүй сурах гэж байгаа хэлээрээ тайван сайхан баа :p
Read more

Thursday, February 3, 2011

Шинэ үеийнхэн

Заримдаа ийм юм бодогдох юм. Хэрвээ энэ фэйсбүүк эсвэл бусад social network сайтууд 20 жилийн өмнө бий болсон бол яах бол? Хэнд ч хэрэггүй хог байх байсан.


Эдгээр нь үнэндээ нийгмийн шаардлагаар бий болсон зүйлүүд. 20 жилийн өмнө бий болоогүй учир нь ч тэр. Бидний эцэг эхийн үеийг бидний үетэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй болов уу?

Дэлхий дээрх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэхээс гадна сэтгэлгээнийх нь хувьд хоёрхон янз хувааж болдог гэдэг. Сансрын нисэгч, сансар судлаач. Сонирхолтой ангилал. Сансрын нисэгчид сарнаас эхлээд сансар огторгуй, гараг ертөнцөд очиж нүдээр үзэж, гараар барьж, судалж дүгнэлт хийдэг. Харин сансрын нисэгч холоос "харж" тооцоо хийж, таамаглал дэвшүүлж судалдаг. Арга билиг гэдэг шиг ийм төрлийн хүмүүс хамтдаа байж хөгжилд хүргэдэг.

Яагаад гэнэт сансрын нисэгч яриад явчихваа гэж бодож байна уу. Дээр хэлсэнчлэн бүх хүмүүс өмнө нь ч ийм байсан одоо ч ийм байгаа. Ярьж эхэлсэн шалтгаан нь одоо үеийн сансрын нисэгчдийн сэтгэлгээнд нэг зүйл өөр болсон. Ганц сансрын нисэгчид нь ч биш, нөгөө бүлгийнхэн нь ч адил. Энтэртэйнмэнт буюу сурталчлах гэдэг зүйл шинэ үеийн сэтгэлгээнд хүчтэй орж иржээ. Дээр үед хүмүүс үзэж ирээд бусаддаа ярьдаг байсан бол энэ нь багасаад "би үзэж байна" гэдэг сэтгэлгээ түрэн орж ирсэн нь бидний өнөөдрийн интернэтийн хэрэглээнээс бэлхэн харагдана.

Зургаа интернэтэд оруулна, би Эрх чөлөөний хөшөөг үзэж байна, би Таж Махалын хажууд, яг одоо би Guns'n Roses-ийн тоглолт үзэж байна гээд л...

Энэ нь бие биедээ худлаа ярих нь ихсээд баталгаа шаарддагаас болоод байна уу, эсвэл үзэж харж байгаагаасаа таашаал авах нь багасаад байгаад байна уу? Магадгүй хүмүүсийн хэрэгцээ хэт их болоод байгаад байж болох юм. Дэлхийн хүн ам бараг 7 сая болж байхад хүн бүхэн ганцаарддаг. Дэлхийн хэмжээ жижигхэн байж болох ч хүний ертөнц хэт том болоод бие хүн өчүүхэн болоод байгаа учраас тийм байж болох юм. Би энд байгаа шүү гэдгээ мэдрүүлэхийг, харуулахыг бүгд хүснэ. Хэн ч мартагдахыг хүсэхгүй. Ирэхэд нь хэн ч мэдээгүй гэлээ, явсных нь дараа дурсаж байхыг хүснэ.

Тиймдээ ч үр удмаа үлдээх хүсэлтэй, чиний эх үүсвэр би юм шүү гэдгийг үр хүүхэддээ хэлэлгүйгээр хэлж, тэд нар нь "тийм шүү" гэж үргэлж бодож байгаасай гэж хүснэ. Хөөрхий дөө энэ хүн...

Энэ бичлэгийг "Хүн гэж өчүүхэн юмдаа" гэсэн Ницшегийн үгээр төгсгөе дөө.
Read more