Thursday, February 3, 2011

Шинэ үеийнхэн

Заримдаа ийм юм бодогдох юм. Хэрвээ энэ фэйсбүүк эсвэл бусад social network сайтууд 20 жилийн өмнө бий болсон бол яах бол? Хэнд ч хэрэггүй хог байх байсан.


Эдгээр нь үнэндээ нийгмийн шаардлагаар бий болсон зүйлүүд. 20 жилийн өмнө бий болоогүй учир нь ч тэр. Бидний эцэг эхийн үеийг бидний үетэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй болов уу?

Дэлхий дээрх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэхээс гадна сэтгэлгээнийх нь хувьд хоёрхон янз хувааж болдог гэдэг. Сансрын нисэгч, сансар судлаач. Сонирхолтой ангилал. Сансрын нисэгчид сарнаас эхлээд сансар огторгуй, гараг ертөнцөд очиж нүдээр үзэж, гараар барьж, судалж дүгнэлт хийдэг. Харин сансрын нисэгч холоос "харж" тооцоо хийж, таамаглал дэвшүүлж судалдаг. Арга билиг гэдэг шиг ийм төрлийн хүмүүс хамтдаа байж хөгжилд хүргэдэг.

Яагаад гэнэт сансрын нисэгч яриад явчихваа гэж бодож байна уу. Дээр хэлсэнчлэн бүх хүмүүс өмнө нь ч ийм байсан одоо ч ийм байгаа. Ярьж эхэлсэн шалтгаан нь одоо үеийн сансрын нисэгчдийн сэтгэлгээнд нэг зүйл өөр болсон. Ганц сансрын нисэгчид нь ч биш, нөгөө бүлгийнхэн нь ч адил. Энтэртэйнмэнт буюу сурталчлах гэдэг зүйл шинэ үеийн сэтгэлгээнд хүчтэй орж иржээ. Дээр үед хүмүүс үзэж ирээд бусаддаа ярьдаг байсан бол энэ нь багасаад "би үзэж байна" гэдэг сэтгэлгээ түрэн орж ирсэн нь бидний өнөөдрийн интернэтийн хэрэглээнээс бэлхэн харагдана.

Зургаа интернэтэд оруулна, би Эрх чөлөөний хөшөөг үзэж байна, би Таж Махалын хажууд, яг одоо би Guns'n Roses-ийн тоглолт үзэж байна гээд л...

Энэ нь бие биедээ худлаа ярих нь ихсээд баталгаа шаарддагаас болоод байна уу, эсвэл үзэж харж байгаагаасаа таашаал авах нь багасаад байгаад байна уу? Магадгүй хүмүүсийн хэрэгцээ хэт их болоод байгаад байж болох юм. Дэлхийн хүн ам бараг 7 сая болж байхад хүн бүхэн ганцаарддаг. Дэлхийн хэмжээ жижигхэн байж болох ч хүний ертөнц хэт том болоод бие хүн өчүүхэн болоод байгаа учраас тийм байж болох юм. Би энд байгаа шүү гэдгээ мэдрүүлэхийг, харуулахыг бүгд хүснэ. Хэн ч мартагдахыг хүсэхгүй. Ирэхэд нь хэн ч мэдээгүй гэлээ, явсных нь дараа дурсаж байхыг хүснэ.

Тиймдээ ч үр удмаа үлдээх хүсэлтэй, чиний эх үүсвэр би юм шүү гэдгийг үр хүүхэддээ хэлэлгүйгээр хэлж, тэд нар нь "тийм шүү" гэж үргэлж бодож байгаасай гэж хүснэ. Хөөрхий дөө энэ хүн...

Энэ бичлэгийг "Хүн гэж өчүүхэн юмдаа" гэсэн Ницшегийн үгээр төгсгөе дөө.

No comments: