Sunday, February 6, 2011

Хайрт минь

Хайрт минь гэсэн гарчигтай болохоор найз охиндоо захиа бичиж байна гэж ойлгох хүн байж магадгүй, гэхдээ үгүй шүү. Тэгээд хэнд? юу бичих гэж байгаан? Энэ нөхөр чинь гомо нөхөр үү гэж түрхэн зуур ч бодогдож болох юм. Аль нь ч биш ээ хө.


Дэлхий ертөнцөд 200 гаруй улс байдаг ба нийт 6800 хэл хэрэглэгдэж байгаагийн 2261 нь бичгийн системтэй. Өөрөөр хэлбэл миний бичиж байгаа энэ хэл маань 2261-ийнх нь тоонд орж байгаа гэсэн үг. Википедиа дээр ойролцоогоо 1000 хэлний тухай байх шиг байна. Тэр дотор нь бүр ганцхан хүн мэддэг "ягаан" гэгч хэл ч байх юм. Бүр тэс хөндлөн юм яриад явчихав уу?

Яагаад хэл яриад явчихваа гэхээр, манай энд хүмүүс нь "telugu" гэгч хэлээр ярьдаг юм. Эрчүүдийнх нь амнаас байнга л "чинна" гэсэн үг гарна. Анх энэ нэг юмнууд хужаа энэ тэр гэж дуудаад байгаан болов уу гэж бодоод байсан чинь бие биенээ тэгж дуудаад байгааг нь олж мэдлээ. Тэгээд таньдаг хүнээсээ энэ "чинна" гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Гэтэл харин "хонгор минь" гэсэн үг гэж байнаа. Эмэгтэйчүүд нь бие биенээ ерөөсөө ингэж дуудахгүй, зөвхөн эрчүүд нь !!!

Араб хэлэнд "хабиби" гэж үг байдаг нь "хайрт минь" гэсэн утгатай, эмэгтэй хүнд хэлэхдээ "хабибти" гэдэг. Тэгэхээр хабиби гэдэг нь эрэгтэй хүнд гэсэн үг. Араб хэлтэй эрийн амнаас хабибти гэдэг үг даанч сонсоогүй дээ. Харин бие биенээ хабиби гэж ирээд л тэврэлдээд үнсэлцээд эхэлнэ !!!

Дээрх хүмүүс ижил хүйстэн үү гэвэл үгүй ээ. Тэгэхээр энэ бол цэвэр хэл, соёл, сэтгэхүйн асуудал. Хүмүүс үргэлж хэл яаж сурах вэ, энэ англиар нэг гайгүй ойлгодог болчих юмсан гэж ярьдаг. Номоо бариад надаас дүрэм асууна, гэтэл үнэн хэрэгтэй би ном харж дүрэм харж сураагүй. Гэхдээ нэг удаа хүний номыг аваад англи хэлний цагуудыг харлаа. Тэр ном надад хэлний ном гэхээс яг л философийн ном шиг санагдсан. Ер нь тэгээд хэл гэдэг тэр чигээрээ философи юм. Бидний толгойд бодогдож байгаа зүйлийн бусаддаа илэрхийлж хэлж буй арга. Тэгэхээр хэл сурна гэдэг тухайн хэлний хүнтэй ижил сэтгэхийг хэлнэ. Үүнийг анх монгол гадаад янз бүрийн хүмүүсийн дунд англиар юм ярихад монголчууд нь ойлгоод гадаадууд нь ойлгохгүй байгаагаас мэдэрч байсан юм.

Зарим хүмүүс монголоор тэгж хэлдэг бол англиар ийм дараалалтай хэлнэ гэж ярьдаг. Надад энэ ерөөсөө таалагддаггүй. Юмыг ер нь ерөнхийлж томьёолох утгагүй, тэр тусмаа өөрөө ч сайн мэдэхгүй юмаа загварт оруулж ярина гэдэг бүр инээдтэй. Миний англи хэл тийм сайн биш ч гэлээ заримдаа толгойд англиар үг орж ирдэг, тэгээд тэр үгээ монгол руу орчуулах гэхээр чаддаггүй. Махчлаад шууд орчуулж болох ч гэлээ, англиар байгаа шигээ ойлголт төрүүлж чаддаггүй.

Тэгэхээр англи хэл сурахыг хүсэж байгаа хүн англиар бааж сурах хэрэгтэй, монголоор дүлээд байвал болохгүй байнаа л гэсэн үг, ичиж зоволгүй сурах гэж байгаа хэлээрээ тайван сайхан баа :p
Read more

Thursday, February 3, 2011

Шинэ үеийнхэн

Заримдаа ийм юм бодогдох юм. Хэрвээ энэ фэйсбүүк эсвэл бусад social network сайтууд 20 жилийн өмнө бий болсон бол яах бол? Хэнд ч хэрэггүй хог байх байсан.


Эдгээр нь үнэндээ нийгмийн шаардлагаар бий болсон зүйлүүд. 20 жилийн өмнө бий болоогүй учир нь ч тэр. Бидний эцэг эхийн үеийг бидний үетэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй болов уу?

Дэлхий дээрх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэхээс гадна сэтгэлгээнийх нь хувьд хоёрхон янз хувааж болдог гэдэг. Сансрын нисэгч, сансар судлаач. Сонирхолтой ангилал. Сансрын нисэгчид сарнаас эхлээд сансар огторгуй, гараг ертөнцөд очиж нүдээр үзэж, гараар барьж, судалж дүгнэлт хийдэг. Харин сансрын нисэгч холоос "харж" тооцоо хийж, таамаглал дэвшүүлж судалдаг. Арга билиг гэдэг шиг ийм төрлийн хүмүүс хамтдаа байж хөгжилд хүргэдэг.

Яагаад гэнэт сансрын нисэгч яриад явчихваа гэж бодож байна уу. Дээр хэлсэнчлэн бүх хүмүүс өмнө нь ч ийм байсан одоо ч ийм байгаа. Ярьж эхэлсэн шалтгаан нь одоо үеийн сансрын нисэгчдийн сэтгэлгээнд нэг зүйл өөр болсон. Ганц сансрын нисэгчид нь ч биш, нөгөө бүлгийнхэн нь ч адил. Энтэртэйнмэнт буюу сурталчлах гэдэг зүйл шинэ үеийн сэтгэлгээнд хүчтэй орж иржээ. Дээр үед хүмүүс үзэж ирээд бусаддаа ярьдаг байсан бол энэ нь багасаад "би үзэж байна" гэдэг сэтгэлгээ түрэн орж ирсэн нь бидний өнөөдрийн интернэтийн хэрэглээнээс бэлхэн харагдана.

Зургаа интернэтэд оруулна, би Эрх чөлөөний хөшөөг үзэж байна, би Таж Махалын хажууд, яг одоо би Guns'n Roses-ийн тоглолт үзэж байна гээд л...

Энэ нь бие биедээ худлаа ярих нь ихсээд баталгаа шаарддагаас болоод байна уу, эсвэл үзэж харж байгаагаасаа таашаал авах нь багасаад байгаад байна уу? Магадгүй хүмүүсийн хэрэгцээ хэт их болоод байгаад байж болох юм. Дэлхийн хүн ам бараг 7 сая болж байхад хүн бүхэн ганцаарддаг. Дэлхийн хэмжээ жижигхэн байж болох ч хүний ертөнц хэт том болоод бие хүн өчүүхэн болоод байгаа учраас тийм байж болох юм. Би энд байгаа шүү гэдгээ мэдрүүлэхийг, харуулахыг бүгд хүснэ. Хэн ч мартагдахыг хүсэхгүй. Ирэхэд нь хэн ч мэдээгүй гэлээ, явсных нь дараа дурсаж байхыг хүснэ.

Тиймдээ ч үр удмаа үлдээх хүсэлтэй, чиний эх үүсвэр би юм шүү гэдгийг үр хүүхэддээ хэлэлгүйгээр хэлж, тэд нар нь "тийм шүү" гэж үргэлж бодож байгаасай гэж хүснэ. Хөөрхий дөө энэ хүн...

Энэ бичлэгийг "Хүн гэж өчүүхэн юмдаа" гэсэн Ницшегийн үгээр төгсгөе дөө.
Read more

Saturday, January 29, 2011

Бидний "бодит" амьдрал

Энд нэг печень /жигнэмэг/ байнга авч иддэг юм аа. Идэх болгондоо, идэж дууссаныхаа дараа энэ ер нь дотроо хэдэн ширхэгтэй юм бол оо? гэж бодно. Байгаа бүтнээ тоолохоос залхуурна. Харин сая нэгийг задлаад тавган дээр тавихад яагаад ч юм уутан дотроосоо 2,3,4,5,6 гэж гарч ирээд өрчихөв. Одоо л тоог нь мэддэг хэрэг гэж бодоод (2+6)*5/2 =20 гээд гаргаад ирлээ.


Гэтэл гэнэт 4-р ангид байхад болсон явдал санаанд оров. Багш тооны хичээл дээр 1-ээс 100 хүртэлх тооны нийлбэр ол гэсэн юм. Хүүхдүүд эхнээс нь нэмж эхэллээ, харин би Гауссын томьёог мэддэг байлаа. Нээх удалгүй хариуг нь хэлтэл багш гайхаад яаж олчихов, /багш Гауссын томьёог мэддэггүй/ гээд олсон аргаа тайлбарла гэтэл надад тайлбарлах арга олддоггүй. Учир нь би үүнийг Гауссын томьёо гэж мэддэггүй, өмнө 1-ээс 10 хүртэл тооны нийлбэр олохдоо ийм уялдаа байгааг олж харсан байсан юм. Багшаа энэ зүгээр л хамгийн их тоог нь 1 дээр нэмээд нийт тооныхоо талаар үржүүлэхээр гараад ирдэг юм гэхээс өөр юм хэлж чадахгүй байлаа.

Энэ түүх надад дандаа нэг юм бодогдуулдаг юм. Дэлхий ертөнц хөгжөөд л, шинэ нээлтүүд гараад л байдаг...

Бага байхдаа ангийнхантайгаа учиргүй пентиум процессор, рам, хард энэ тэр гээд л, яг юу байдгийг нь мэдэхгүй ч тоо нь өсөх тусам сайн л гэж мэдэхээс цаашгүй. Бидний өнөөдрийн амьдрал яг л ийм байдаг. Бид 50 жилийн өмнөх хүний төсөөлөө ч үгүй зүйлийг хэрэглэдэг, бас "мэддэг". Мэддэг гэдэг үгийг хашилтанд хийсэн учир нь яг одоо халаасанд чинь эсвэл ширээн дээр чинь, эсвэл гартаа атгаж байгаа гар утсаа та мэдэх үү? Хэрэглэж мэдэх ч яг юу болохыг нь мэдэх үү? Би лав мэдэхгүй гэж хариулна, учир нь мэдэхгүй юм чинь.

20 жилийн өмнөх бага ангийн багш нар, 18-р зуунд төрсөн хүний олж нээсэн томьёог мэдэхгүй байсантай адил. Бидний энэ ертөнц оршин байгаа хүмүүсээсээ үргэлж түрүүлж явдаг юм шиг санагддаг. Тиймдээ, аливаа зүйл яаж ч муудаж байсан сайжрах тийшээгээ явдаг гэдэг хэлц бий болсон болов уу? эсвэл шал өөр зүйлийг хольж хутгаад байна уу?

Ямартай ч хүний нийгмийн харилцааг философи, хөгжлийг математик авч явдаг л үнэн байх. Хаа байсан эртний Грекийн Сократын үзэл, Аристотелийн улс төрийн онол бидний өнөөгийн нийгмийн тогтолцооны суурь болж, математикийн шинжлэх ухаан бидний "өнөөдөр"-өөс 400 жилээр түрүүлж яваа гэдгээс тодорхой болов уу?

Ер нь тэгээд одоо 21-р зуун гараад нилээн хэдэн жилийн нүүр үзчихлээ, бид яах ёстой вэ? яаж амьдрах ёстой вэ? Бүх зүйлийг мэддэг чаддаг болж "тэнэг" биш байдлаар амьдрах уу? Өлссөн хүний аяганд хоол хийж өгч өөртөө хоол олж идэх байдлаар явах ёстой юу? Чи тоонд дургүй ч, тоо боддог хүн байдаг болохоор дэлхий ертөнц хөгждөг гэдэг зарчмаар, өлсөхгүй хооллож, даарахгүй хувцаслаж өөрийгөө болгох уу?

Өнөөдрийн 4-р ангийн хүүхэд, 14-р зууны үеийн бүх нээлтээс илүүг мэддэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр өнөөдрийн амьдрал өчигдрийнхөөс хэцүү. Үүнийг Мур /Moore/ гэж нөхөр тодорхойлсон байдаг. Нэг жилийн дотор нэгж талбайд ноогдох транзисторын тоо 2 дахин нэмэгдэнэ гэж. Энэ онол бүхий л зүйл дээр хэрэгждэг. Жишээ нь өнөөдөр авч байгаа хамгийн сайн үзүүлэлттэй писи чинь жилийн дараах хамгийн сайнаас 2 дахин муу, эсвэл жилийн дараа өнөөдөр авч байгаа писитэй ижил нь 2 дахин хямд болсон байна.

Энэ талаар нэг хүнтэй ярихад тэрээр, энэ жил 5 ном уншсан бол дараа жил ядаж 10 ном унших хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжлөөс хоцорно, учир нь мэдээллийн хэмжээ үнэндээ 2-оос олон дахин нэмэгдэж байна гэж хариулж байсан. Мөн, мэдлэг 6 сарын дотор 2 дахин нэмэгддэг гэсэн үг ч байдаг.

Эцэс төгсгөлгүй цикл болсон хүний нийгэм үнэндээ улам хийсвэр болж байна даа. Уул нь хүн гэдэг амьтан бусад амьтадтай адил ус уугаад, өлсөхгүй хооллоод байхад л хорвоогийн жамаараа оршин тогтноод эцэслэнэ шүү дээ. Хүн бусад амьтдаас ялгаатай болохоор хөгжил гэгч хийсвэр зүйл рүү яваад байна уу эсвэл хөгжил хүнийг улам хийсвэр зүйл рүү тэмүүлэх тэмүүллийг бий болгоод байна уу?

Бид одоо идэх гэж амьдраад байна уу, амьдрахын тулд идээд байна уу?

Сайхан хоол идэх үедээ идэх гэж амьдраад байгаа юм шиг санагдана, өлссөн үедээ юу ч хамаагүй ходоод руугаа чулуудахад амьдрах гэж идэж байгаа юм шиг санагдана...
Read more

Wednesday, January 26, 2011

Доктор Гоожуур гэгч ер нь хаачив?

Goojuur.com гэж нэг сайт ажиллаад байдаг байсан чинь болиод жил гаруйн нүүр үзэж байх шиг байнаа тэ? Би буцаж ирнэ ээ л гэсэн хааччихсан юм бүү мэд. Янз бүрийн охидын зураг сайт дээрээ тавьж элдвээр хэлж хэлж олон хавар нэгэнтээ гэгчээр нэг хүүхний зураг тавигдсанаас болж хакдуулсан даа хөөрхий. За тэгээд надаар хэлүүлэлтгүй юу бичигддэг, ямар зураг тавигддаг байсан, юу юу болоод дууссаныг мэдэж л байгаа байх.

Харин удахгүй буцаж ирнэ гэчихээд алга болчихоод байгаа нь их сонин. Эсвэл нөхрийн удахгүй гэдэг нь хэдэн жил юм болов уу? Яагаад сайтаа ажиллуулж, элдвийн юм бичдэгээ үргэжлүүлэхгүй байгааг би хувьдаа ингэж бодоод байгаа юм:

Нөхөр Гоожуурын бичлэгүүд бол гадуур дотуур явж гахай шувууны мах идэж үзсэн хүний шинжтэй. Мэдэмхийрнэ, бүр нилээн мэддэг шинжтэй мэдэмхийрнэ шүү. Тиймдээ ч олон уншигчтай байж, бичлэгийг нь хүлээдэг олон хүнтэй байсан байх. Зарим хүний хувьд хүүхнүүдийг хэнээс ч илүү мэддэг мэргэжилтэн шиг л санагдаж байсан байх.

Гэвч үнэндээ Гоожуур гэгч этгээд огт тийм биш, зүгээр л англи хэл дээр кино үзээд ярьж байгаа юмыг нь ойлгох чадвартай л нөхөр. Юу гэх гээд байна вэ гэхээр 2005 оноос гарч эхэлсэн Америкийн олон ангит цуврал "How I met your mother" гэж киног үзээд ярьсан юмнуудыг нь өөрөө амьдрал дээр үзчихсэн юм шиг бичдэг байсан юм.

Тэгэхээр одоо дүгнэлт нь юу вэ гэхээр,

Нэг. Дээрх киног үздэг болсон монголчууд олширсон. Тийм болохоор улайм цайм худлаа яриад байхаасаа ичиж байгаа.

Хоёр. Сүүлийн ангиуд нь нөхөр Гоожуурын бичдэг чиглэлийн юм ерөнхийдөө өгүүлэхгүй байгаа. Тийм болохоороо угийн өөртөө ямар ч туршлага байхгүй хүнд бичих юм олдохгүй байгаа.

За нэг ийм л учиртай байх гэж бодож байна даа. Санал бодол?
Read more

Sunday, January 23, 2011

Үхэхийн хооронд эрх мэдлээр яанаа?

Заримдаа эргэн тойрондоо юу болж байгааг огт ойлгохоо болих юм. Нэг хэсэг их уурлаж ундууцаж, бухимддаг байлаа. Гэтэл гэнэт хаанаас ч юм "Хорвоо дэлхийг өөрчлөх гэхийнхээ оронд өөрийгөө өөрчил" гэж үг олоод уншчихсан юм. Ингээд би гэж хүн юу ч тоохоо больж, юунд ч бухимдахаа больж эхэллээ.

Харин одоо эргээд дургүй хүрээд байдаг болчихов. Эргэн тойронд байгаа хүмүүс жижиг сажиг аяганы хэрүүл хийцгээгээд, хажууд нь байх ч зовлонтой. Өнгөрсөнд болсон хэдхэн юмаа янз бүрээр тайлбарлаж хэрэлдээд, дараа нь уулзахаараа өмнөх хэрүүлээ яриад, тэрний дахиад тэгэхэд тэрний тухай тэгж хэрэлдсэний дараа тэгээд...

Гүй ээ нээрээ яасан ч өчүүхэн юм. Энэ дэлхий даяар чинь уул нь их л юм болж байгаа даа. Викилийкс, 2 Солонгосын асуудал, Фэйсбүүк алга болсон хүүхэд хайж, Самсунг цоо шинэ технологийн 2 төрлийн дэлгэц гаргах гэж байгаа, Смартфон уу Покэт Писи юу, Гүүглийн захирал солигдлоо гэх мэтчилэн яриад байвал ярих дүгнэх, бодол саналаа хуваалцах яасан ч их юм энэ хорвоо дээр чинь болоод байгаан бүү мэдээ.

Тэгэхгүй бараг л намайг баажаахад чи хаалга тогшоод ухааны юм хоорондоо ярилцахыг нь яанаа. Сонирхсон зүйлээ хийгээд, амьдралаа сонирхолтой байлгаад амьдарч яагаад болдоггүй юм бол? Эрх мэдлийн төлөө юу гэхээр үгүй.

Миний дуртай философич Монтэнь гэж нөхөр: Энэ ертөнцийн хамгийн өндөр сэнтийд ч бид бөгсөөрөө л сууна гээд их гоё хэлчихсэн байдаг. Үхээд өгөхийн хооронд хүний хараал бага идэж, хэрэгтэй хэрэггүй юм цуглуулж байхынхаа оронд зүгээр л амьдралынхаа хором мөч бүрийг мэдэрч баярлаж байвал болоо биш үү?

Амьдралыг баян гэж харвал баян, сайхан гэж бодвол сайхан, зовлон гэж ойлговол зовно гээд хэн ч билээ нэг нөхөр хэлчихсэн байдаг юм байна лээ бас. Бие бие рүүгээ инээгээд, хэн ч хэндээ муу саналгүй, сайхан амьдрах юмсан гэвэл Леннонтой хамт мөрөөдсөн болчихдог юм болов уу.
Read more

Monday, November 22, 2010

Social Network

Сүүлийн үед хүмүүс Social Network гэж киноны тухай их ярив аа хө. Олон ч хүн мессэнжрээр энэ киноны тухай ярилцах гээд байсан нь энэ киног үзнэ дээ гэж бодож байсан бодлыг минь гүйцэлдүүлэв.
Анх уг киноны ирклаам гарч байхад жинхэнэ амьдралаас сэдэвлэсэн гэдгийг нь мэдээгүй байлаа. Гэтэл энэ нь та бидний өнөөдөр, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа Фейсбүүк гээч юмыг үндэслэгчийн үнэн түүх болж таарав.
Буржгар үстэй царай муутай энэ залуу яагаад ийм их амжилтанд хүрчихэв? гэдэг асуулт үзсэн хүн бүрийн толгойд орж ирээ биз? Марк Зүкербэрг бол байдаг л нэг гийк. Жирийн бодит амьдралд бусадтай адил тоглож наадах чадваргүй сул дорой нэгэн компьютерийн ард ихэнх цагаа өнгөрөөжээ. Пиво уухыг хобби гэж үзвэл пиво уух хоббитой.
Кино маань ингэж эхэлж байгаа: Гол баатар маань найз охинтойгоо бааранд пиво уугаад яриад сууж байна. Найз охин нь түүнийг хаяна, шалтгаан нь тэр бол гийк. Бие бялдрын сул дорой байдал хүнийг асар их дотуур тамиртай болгох тохиолдол байдаг. Миний бодлоор тэр тийм хүн. Түүнээсээ болж найз охиндоо хаягдсан гэж би хувьдаа дүгнэсэн. Ингээд тэрээр энэ бүхнийг бусад жирийн эр хүн шиг хүлээж авч чадахгүй, асар их доромжлуулсан мэт сэтгэгдэл төрнө.
Дотуур байрандаа очиж найз охиноо /эксээ гэвэл зохих ч юм уу/ өөрийнхөө хамгийн сайн чадах зүйлийг ашиглан доромжилно. Үүнийгээ ерөөсөө эмэгтэй хүнээс өшөөгөө авах гэж ойлгосон уу сургуулийнхаа бүх эмэгтэй оюутнуудыг хамруулна...гэх мэтчилэн.
Түүний энэ ажлаас ихэр ах дүү найзтайгаа хамт бизнесийн санаа олон түүнд хэлэхэд тэр түүнийг нь ашиглан энэхүү фейсбүүкийг бий болгоно. Анхны санаа нь өөрөө маш сайн байсан учир тэр дороо амжилт олж, сая сая хэрэглэгчтэй, гол баатар маань дэлхийн хамгийн залуу тэрбумтан болов.
Одоо энд нэг асуулт байна. Тэр яаж тэрбумтан болчихвоо? Өөрийгөө чаддаг мэддэг гэж боддог ямар ч залуугийн хор шарыг хөдөлгөх л зүйл.
Түүнд бизнесийн санаа байгаагүй, мөнгө байгаагүй. Фейсбүүкийг дууриалгаад хий гэвэл, хийж чадах хүн дэлхий дээр мянга мянгаараа бий.
Амжилтанд хүрсэн хамгийн том зүйл нь юу вэ гэвэл, тэр бол АНХДАГЧ. Монголд шинэ санаа, анхдагчийг огт үнэлдэггүй. Харин Марк Зүкербэргийг 25 тэрбумаар "шагнажээ". Гэхдээ мэдээж тэр мань мэт шиг надад санаа байна гээд дээшээ харж хэвтээгүй. Үүнийг би 2-р хүчин зүйл гэж нэрлэнэ-БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.
Дэлхий дээр хүмүүс ихэвчлэн 2 хэсэг хуваагддаг байлаа. Тархины зүүн тал нь хөгжсөн буюу ном шагайсан "мангарууд". Мангарууд гэдэг үгийг хашилтанд бичсэнийг анхааралдаа авна байх гэж найдаж байна. 2 дахь хэсэг нь тархины баруун тал нь хөгжсөн дуучин бүжигчин, тамирчид гм.
Харин 2ланг нь ижил түвшинд, бүр 2ланг нь өндөрт хөгжүүлсэн хүмүүс нэн ховор. Ийм хүмүүсийн нэг нь Фейсбүүкийг үндэслэгч, киноны маань гол баатар юм.
Одоо харин 3 дахь хүчин зүйлийг нэрлэмээр байна. Энэ нь өмнөх 2тойгоо ижил зүйл биш боловч уг бүтээлийн хувьд дурьдахгүй өнгөрч болохгүй гэж бодлоо. Тэр нь юу вэ гэвэл, тэр бол ХАКЕР. Олон хүн хакер гэж хэн болохыг мэдэхгүй мөртлөө, хакерууд өнөөдөр бидний амьдралд хэчнээн "аюултай" болох талаар лекц уншиж байлаа. Тэр хүмүүс тэр чигээрээ яваг. Харин хакер гэж хэн юм бэ гэж асууж байсан хүмүүст, Фейсбүүкийг чинь бий болгосон энэ этгээд бол хакер юм шүү. Миний компьютер вирустчихлээ гээд, дэлхий сөнөж байгаа юм шиг болдог хүмүүст хэчнээн сайхан санаа, хэчнээн бүтээлч сэтгэлгээ байгаад ийм түвшний веб сайт интернэтэд байрлуулах боломжгүй юм.

Санал сэтгэгдлийг харамгүй "сонсоно".
Read more

Monday, October 11, 2010

Бас л нэг өдрийн бодол

За даа ойрдоо ч юм бичсэнгүй. Унтаж унтаж, босч ирээд талбай дээр очиж сагс тоглодог ажилтай л болж байх шив. Сагсны талбай хүртэл 3 км гаруй, унаа тэрэггүй мөртлөө энэ хооронд ирж очоод л байх юм. Бүх хүний найз хэний ч найз биш гэдэг шиг унаагүй хүнд бүх хүний унаа өөрийн юм шиг л байна даа. Дээрх үг symmetric болохоороо их үнэн үг юм шиг байгаамаа.
Хэний унаагаар яваад байгаа сонин байж магадгүй юм. Энэ хотод нэг сайхан нь гудамжинд гараад эрхий хуруугаа гозойлгоод л хүний мотоциклон дээр суугаад явчихна. Нөгөө америк кинонууд дээр, эзэнгүй зам дээр хүмүүс зогсож байгаад замын унаанд дайгддаг шиг. Тэгж бодохоор хот биш тосгонд байгаа ч юм шиг. 20 гаруй сая хүнтэй аварга том тосгон.
Эр эм хүмүүс гудамжинд хөтлөлцөж, тэврэлдэж, үнсэлцэж бол бүр болохгүй. Тэгсэн мөртлөө гудамжинд нь нэг ч хогийн сав байхгүй, эрчүүд нь хүссэн газраа хүссэн зүг рүүгээ харж шээнэ, замын хөдөлгөөний дүрэм баримталдаг нэг ч хүн байхгүй. Ер нь тэгээд замын хөдөлгөөний дүрэм гэж байдаг ч юм уу бүү мэд. Ямартай ч замын цагдаа бол байгаан, энд тэнд замын цагдаагийн "цэг" бол харагдана. Тэрэн дээрх бичиг нь их гоё: Don't rule the road, follow the traffic rule, ингэхээр бас замын хөдөлгөөний дүрэм байгаа ч юм шиг. Ямартай ч өдөр болгон 2 удаа явдаг уулзварын гэрлэн дохио ажиллаж байхыг бүтэн жилийн хугацаанд ганц 2 удаа л харсан. Заза энэ ч яахав, эргээд нөгөө замын унаагаа ярилцъя.
Замын унаанд суухад нөхөр сайхан сэтгэлтийн хамгийн эхний асуулт нь хаанаас ирсэн бэ? тэгээд юу хийдэг вэ? хаана амьдардаг вэ?
Ингээл болж байгаамдаа. Нэр бол бараг асуухгүй, уул нь хүнээс юм асууж ярилцаж байгаа бол нэр усыг нь асуугаад танилцмаар. Тэгээд нэг гажиг асуулт нь "Танай улсын мөнгөн дэвсгэрт Энэтхэгтэй харьцуулбал ямар вэ?" Монгол гэж хаана байдгийг ч мэдэхгүй байж ийм асуулт асуудаг нь үнэхээр гажиг. Ямар асуулт асууна, тийм л хүн байдаг гэж ер нь үнэн байх.
Ийм юм бичих болсон шалтгаан нь сая наашаа ирэхэд намайг авч явсан нөхөр арай гайгүй нөхөр байлаа. Энэтхэг өөрөө шашин соёлын төв болохоор эндхийн хүмүүст шашин их чухал. Надаас ямар шашин шүтдэг үү? гэж асуусан нь олон. Ямар ч шашин шүтдэггүй, бурханд итгэдэггүй гэхээр гайхдаг. Өнөөдрийн ярилцсан хүн хэлсэн нь:
- Яаж бурханд итгэхгүй байж болдог юм бэ? Идэж байгаа хоол, ууж байгаа ус чинь хаанаас гарч ирж байгаа юм? Зүгээр л байж байдаг гэж боддог юм уу? Энэ бүхнийг бий болгосон хүч байгаа...бла бла бла...
Нөхөр өөрөө муслим. Дашрамд дурьдахад манай байрны эзэн бас муслим. Энэ муслимууд өөрсдийгөө хамгийн зөв, үнэн шашин шүтдэг гэж хэлэх дуртай. Сарын өмнө хиндучуудын нэг баяр болсон юм. Баяраа тэмдэглээд байж байхад нь гадаа байрныхаа эзэнтэй харж зогсонгоо хэдэн үг солив оо. Эд нарын энэ нь 2000 жилийн уламжлалтай, өнөөдрийн энэ байдалд огт таарахгүй. Ер нь бол тэнэг улсууд л гэж хэлээд байгаа юм. Баяр нь Ганеш гэж зааны хушуутай толгойтой, эд хөрөнгө хариуцдаг билүү дээ тийм бурхны баяр. Манай байрны эзэн цааш үргэлжлүүлэн: Манай муслимууд ийм янз бүрийн баримланд сүсэглэдэггүй. Бурхан бол хэлбэр дүрсгүй, супер хүч юм. Өдөр болгон нар манддаг, шөнө болохоор од гардаг, яагаад уу?
Цааш нь үргэлжлүүлж яриулахын тулд, энэтхэгүүд шиг л сурснаараа толгойгоо санжигнууллаа.
Энэ бүгдийг бурхан цаанаас зохицуулж байдаг юм. За нэг иймэрхүү л юм ярина даа. Ер нь тэгээд муслимууд: Бурхан бидэнд юуг зөв, юуг буруу гэдгийг хэлж өгдөг. Бид түүний үгийг дагахад бурууг үйлдэхгүй, үхлийн дараа диваажинд очно. Диваажингийн хэл нь араб хэл гэх мэт
Шашин шүтдэггүй, бурханд итгэдэггүй гэхээр, чи яаж зөв бурууг ялгадаг юм? гээд ер нь бол боломжгүй зүйл, ямар хачин амьдардаг юм гэж хэлчих гээд л.
Байгаль дэлхийгээ хайрлаад, бусдыг хүндлээд, хүнд гай болчихгүй амьдрахыг ямар нэг байгаа эсэх нь тодорхойгүй далдын хүчээр хэлүүлэх хэрэг байгаа ч юм уу? Ингээд бодохоор аливаа зүйлийн буруу зөвийг ялгаж чаддаггүй хүмүүсийн амьдралын хөтөч нь шашин юм шиг.
Маргаашийн төлөө өнөөдөр ажилладаг ч гэлээ, үхлийн дараахь амьдралын төлөө өнөөдөр залбирах тийм хэрэгтэй зүйл мөн ч юм уу? Хэрвээ "маргааш" гэж байхгүй бол яах уу? Өнөөдөр хийсэн бүхэн маргааш утга учраа алдвал яах уу ? Тиймдээ ч зарим хүмүүс өнөөдөр, хоёр маргаашаас илүү гэдэг болов уу?
Read more