Wednesday, July 8, 2009

Heal the World

Хайртай дуучныхаа талаар жаахан зүйл бичье гэж бодлоо. Дэлхий гашуудаж байхад, түүний дууг сонсож өсчихөөд зүгээр суумааргүй санагдлаа.
Майкл Жексоныг нас барсны дараа олон олон сайт дээр түүний талаар бичиж. Нэг хэсэг нь агуу хүн биднийг орхилоо гэж байхад, нөгөө хэсэг гаж донтон, гэмт хэрэгтэн гэж байлаа. Харин миний хувьд гэмт хэрэгтэн, гаж донтон гэдэг нь чухал бус, тэр ямар ч л байсан агуу хүн байсан. Сая сая хүний сэтгэлийг хөглөж явсан хүн. Түүний хийнэ гэж байсан тоглолтын тасалбарыг авсан хүмүүс мөнгөөрөө шатлаа гэж бухимдсангүй. Нас нөгчсөнд нь нь харамсаж, тасалбарыг нь дурсгал болгон авахаар шийдэцгээж байна. Түүний үхэл сая сая хүний харууслыг бий болгож, сая сая хүнийг хооронд нь маргалдахад хүрч байна. Нас барсных нь дараа хамаг СиДи болон бусад бүх зүйл нь зарагдаж дуусаж байна. Агуу биш гэж үү? 5,6 настай байхдаа эр эмийг нь ч ялгахгүй байж дуурайж өмднийхөө гадуур бандагаа өмсдөг байлаа.
Хүнийг өмд бандага 2ынхоо байрыг буруу өмсөхөд хүргэсэн тэр ямар ч л байсан агуу хүн байсан.
Read more

Saturday, June 20, 2009

Монголын түүх

Монголын түүх. Цаадах чинь гэнэт аймар том сэдэв барьж аваад бичих гэж байна гэж бодож байна уу айн. Үгүй шүү. Огт мэддэггүй юмныхаа талаар бичих гэж байна.
Анх блог хөтөлж эхэлсэн чинь хүмүүс надаас ямар түүхийн ном унших уу гэж их асууж эхэлсэн. Мэдэхгүй юм чинь юугаа санал болгох вэ. Монголын нууц товчоо, Алтан товч, Чингис хааны цадиг, Нүүдэл суудал гэсэн номнуудыг эргүүлж тойруулж харж байсан. Бүр жоохон байхдаа Монголын нууц товчоог уншиж байлаа. Тухайн үедээ түүхийн ном биш үлгэрийн ном уншаад байна л гэж бодож байсан юм. Чоно буга 2 эвцэлдээд хүүхэд төрүүлээд, тэгээд монголчууд бий болоод. Гэнэт нэг нүдтэй үлгэрийн хүүхэлдэйн дээр л гардаг "мангас" гараад ирнэ. Тэгж байтал бидний бахархдаг Тэмүүжин маань эцгээ алдана, дараа нь энд тэнд янз бүрийн юмнуудаас нуугдана, зугтана. Үүний өмнө нь билүү хойно нь ч билүү ах дүү нараа ална. Энэ номыг үлгэрийн ном шиг санагдуулсан нэг шалтгаан нь Алунгоо гэж бүсгүй гэртээ зүгээр хэвтэж байгаад жирэмсэн болдог хэсэг.
Тэмүүжин маань том болноо. Жамуха гэж андтай болно. Жамуха энэ 2 нийтдээ 3 удаа анд барилцдаг байхаа. Барилцах болгондоо тэврэлдэнэ, 2 биенээ үнсэнэ, нууц товчоон дээр байдаг үгийг яг санадаггүй ээ. Гэхдээ л тэр үгийг уншихаар мань 2 хүн нэг л эвгүй л юм хийгээд байх шиг байдаг юм.
Үүнээс хойш бөөн дайн тулаан. Баахан л юм болдог юм. Сүүлдээ харин Жамуха: Тэнгэрт 2 нар байдаггүй шиг, газарт 2 хаан байх учиргүй гэж хэлээд Тэмүүжингээс цаазын ял сонсдог. Тэр жил Жон Ленноны фен хэн билээ дээ, 2 Леннон байж болохгүй гээд Ленноныг алж байсан. Харин Жамуха өөрийгөө алуулж байдаг бас л сонирхолтой философи. За тэгээд Монголын нууц товчоо гэж нэг иймэрхүү, нийт 13 бүлэгтэй билүү. Сүүлийн 13 дахь бүлэгт нь Чингис хаан гардаггүй. Цаадах чинь зохиолын 12-р бүлэг дээр нас барчихдаг юм. Ер нь би хувьдаа түүхийн ном унших аймаар дургүй. Уул нь бид эх түүхээ мэдэж байх ёстой л доо. Агуу байсан үеэрээ бахархах ч ёстой. Гэхдээ өнөөдрийн энэ түүхээрээ бахархаж байгаа нь нэг л биш санагдаад байдаг юмаа.
Эрт дээр үед бурхан амьтдад нас тарааж л дээ. Эхлээд хүнийг дуудаад чамд 35 нас өглөө гэж. Гэтэл нөгөөх нь 35хан уу гээд чамлажээ. Бурхан гайхаад, заза тэгвэл түр хүлээж бай гэжээ. Дараа нь илжгийг дуудаад 35 нас гэтэл нөгөөх нь би тэгээд бүхэл бүтэн 35 жил ачаа үүрч хүнд зодуулах юм уу ихдэж байна гэж.
Бурхан нохойг дуудаад 35 насаа өгтөл угаадас идэж ийм удаан амьдрах юм уу гэжээ. Сармагчинг дуудаад өгтөл модонд дүүжлэгдэж, хүн амьтны элэг доог болж 35 жил амьдарч чадахгүй гэжээ.
Ингээд Бурхан бүгдийг нь цуглуулаад хүнд үндсэн нас 35, илжигний 15, дараа нь нохойны 15, тэгээд сармагчингийн 15 насыг ав гэжээ. Үүнээс хойш хүн гэж амьтан 35 хүрснээсээ хойш 50 хүртлээ илжиг шиг зүтгэж, дараа нь нохой шиг хуцдаг болж, сүүлд нь хүүхэд нохойн доог болж дуусдаг гэдэг яриа бий.
Ер нь эргэн тойрон дахь хүмүүсээ ажиглаад байхад жаахан хүүхэд ирээдүй ярьдаг. Би том болоод... гэж байгаал ярьж өгнө. Харин том хүн өмнөх ажлаа л хийнэ. Хөгшчүүл дандаа дурсамжаа ярина. Намайг залуу байхад гээл эхэлнэ дээ. Харин яг үүнийг хүн дээр биш нийт улсын хэмжээнд авч үзэхэд Монголчууд бид яг хөгшин хүн шиг болчихжээ. Эрт дээр үед бид чинь тийм байлаа, Чингис хаан маань тэгж байлаа гээл онгирох сайрхах зүйл дэндүү ихтэй. Яг л амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өнгөрөөж буй, түүнийгээ хэтэрхий сайн мэдэж буй хөгшин шиг л.
Өнгөрсөн баларснаа ярихаа болиод ирээдүйнхээ талаар ярьж мөрөөдөцгөөе өө. Чингис хаан дэлхийн талыг эзэлж байсан гэж хэлээд хэн ч өнөөдөр биднээс айхгүй, Пифагорын теоремыг эхлээд монгол хүн нээсэн гэж хэлээд хэн ч бидэнд юу ч төлөхгүй.
Мөрөөдөлтэй улс орон хөгждөг, дурсамж нь мөрөөдлөөсөө ихсэхээрээ улс сөнөдөг гэдэг.
Read more

Thursday, May 21, 2009

Обама өөрчилсөн, харин бид?

Тэртээ 15-р зуунд Колумб гэж нөхөр Европоос Энэтхэг орох гээд явжээ. Тэр үед дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг болчихсон байсан болохоор тойроод яваад оччих нь гэж бодож л дээ. Харамсалтай нь дэлхийг одооныхоос арай л жижигхэн гэж бодож байсандаа алдаж Америк тивийг нээчихжээ. Колумбаас өмнө Америка гэж хүн энэ тивд очоод үзчихсэн байсан болохоор уг тивийг Америк гэж нэрлэсэн гэдэг.
Энэтхэгийг англи хэлэнд Индиа гэдэг, Америкт очтол байж байсан уугуул хүмүүсийг нь тэгээд Индиан гээд нэрлэчихэж. Их гүрний дээрэнгүй зан гэдэг шиг тухайн үеийн Европ харсан зүйлээ өөрсдийн дураар нэрлэдэг байжээ. Үүнээс нь болоод заримдаа энд тэнд Indian гэдэг үг орсон хэлц үгийг энэтхэгчүүдийг хэлээд байна уу, америк тивийн уугуулуудыг нэрлээд байна уу гэдэгт эргэлзээд ойлгодоггүймаа. За гэхдээ энэ ч яахав.
Ингээд нөхөр Колумб эх орондоо иржээ. Хаандаа бараалхаад би танд шинэ газар олсон гээд их бахархангуй байж. Гэтэл хааных нь түшмэд нь их л дурамжхан байгаа юман дээр очиж ирчихээд сайрхах хэрэггүй, наадхыг чинь далайд гарч чадах хэн ч чадна гээд атаархангуй байжээ. Харин Колумб хариуд нь, өндөг аваад:
- Өндгийг босоогоор нь тавьж чадах хүн байна уу?
Бүх хүн өндгийг босоогоор нь ширээн дээр тавих гээд чадахгүй байж л дээ. Колумб харж харж байж байгаад, өндөгнийхөө ёроолыг хагалаад босоогоор нь тавьчихаж.
Гэтэл хүмүүс:
-Наадхыг чинь хэн ч чадий шдээ гээд бас л түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж. Колумб маш тайвнаар:
-Тиймээ хэн ч чадна. Гэхдээ хэн ч эхэлж сэтгэж ингээгүй. Эхэлж хийнэ гэдэг чинь ийм үнэ цэнтэй байдаг юм гэжээ.
Энэ түүхийг бодохоор Америк тив анх нээгдсэн шигээ л өнөөдрийг хүртэл хүний оюуны бүтээл, эхэлж хийсэн, эхэлж санаачилсан болгоныг дэмжиж, урамшуулж хөгжиж ирсэн юм шиг санагддаг юм. Чадал нь байвал хэн ч тэнд юуг ч хийж, ямар ч амжилтанд хүрэх боломжтой. Гэтэл бас яг тийм биш байлаа. Европчууд анх газар олжээ.Даанч тэр нь эзэнтэй байжээ. Ингээд эздийг нь устгажээ. Индианчууд цагаан арьстнуудтай, европчуудтай хийсэн 100 100н тулааны ердөө ганцханд нь дийлсэн гэдэг. Европчуудын шинжлэх ухааны хөгжил, зэр зэвсгийн хөгжил нь хол илүү байсан болохоор уугуул иргэд шахагдан ой мод уул руу гаржээ. Ингээд хэн илүү тэр нь үлдэнэ гэдэг дүрэм үйлчилж энэ тивийг эзлэв. Газраа авчихлаа, байшингаа барьчихлаа, идэж ууж тансаглах үлдлээ. Гэхдээ ажлыг хэн хийх үү? Ингээд Африк орж ажил хийх хүнээ хайлаа, оллоо, аллаа, олзоллоо. Африкаас ирсэн хар арьстнууд нь амьтай болохоос ажлын багаж зэвсэг. Хүчтэй нь хүчгүйгээ...
Америк орныг Англиас удирддаг байсанд дургүйлхсэн "нутгийн иргэд" "эх орныхоо" төлөө тэмцэв. Энэ үед удирдагч байсан Авраам Линкольн өөрсдийнх нь хүч хүрэлцэхгүйг мэдэж байсан болохоор хар арьстнуудыг дайнд татан оролцуулав. Гэхдээ байлдсан хар арьстанд эрх чөлөөг нь олгоно гэдэг амлалтаар.
Олон жил тулалдаж 1776 онд тусгаар тогтнолоо зарлав. Хар арьстнууд эрх чөлөөтэй болов. Гэхдээ энэ эрх чөлөө нь ярьдаг багажаас гэрийн тэжээвэр амьтны доох нь хавьцаа дэвшил байлаа. Уул нь толгой дээрх үс нь буржгар, арьсных нь өнгө хар болохоос тэд хүн. Энэ цагаас хойш хар арьстнууд дутуу олдсон эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр.
Алдарт боксчин Мохамед Али олимпын алтан медаль авчихаад ирэхэд нь хар арьстанд үйлчлэхгүй гэсэн ресторанд хооллож чадалгүй хөөгдөж алтан медалиа гол руу чулуудан хаясан түүх бий.
Америкт хүний эрхийн төлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байхын төлөө олон жил тэмцэж, Мартин Лютр Кинг гэгч үнэтэй гавьяа байгуулсан байдаг. Түүний талаар мэдэхгүй хүн байхгүй биз ээ.
Манай оронд ардчилсан хувьсгал ялж, бид дэлхий нийтийн талаар мэддэг болох үед бүх хүн тэгш эрхтэй болсон байлаа. Гэвч 20 жилийн өмнө хэн ч Америкийн ерөнхийлөгч хар арьст хүн болно гэж боддоггүй байв. Хэчнээн тэгш эрх ярьсан ч Америкийн ерөнхийлөгч цагаан арьст яанкууд болж байсан юм. Харин 2009 онд Обама гэж нигер "Бид өөрчилж чадна" гэсээр Америкийн ерөнхийлөгч болчихвоо. Олон америкчууд, америкчууд төдийгүй дэлхий түүнээс өөрчлөлтийг хүлээж буй.
Би хувьдаа түүнээс юу ч хүлээхгүй. Яагаад гэвэл тэр хийдгээ хийчихсэн. Оюутан байхаасаа "анхны хар..." гэсэн тодотголуудыг авсаар анхны хар ерөнхийлөгч болсон. Обама ерөнхийлөгч болсноороо америк болон дэлхий ертөнцийг өөрчилсөн. Хэзээ нэгэн цагт хар арьст хүн ерөнхийлөгч болох нь тодорхой. Гэхдээ тэр яг Колумб шиг анхных нь болсон. Үүгээрээ тэр өөрчлөлтийг хийсэн. Одоо тэр олон сая хар арьстнуудын үлгэр дууриал болсон. Хар арьст жаалууд Майкл Жордан шиг, Тайгэр Вүүдс шиг, Аллен Айверсон, Кобэ Брайнт, Леброн Жеймс, 50 цент, Снүүп Дог шиг байхыг хүсдэг байсан бол одоо бүгд Обама шиг болохыг хүсдэг болсон. Тэд дуу дуулж, сагс тоглож л амжилтанд хүрч болно гэж бодож байсан бол одоо хичээлээ хийж, коллежид сурч, боловсрол эзэмшиж амьдарч болно гэж бодож эхэлсэн. Яг одоо хэдэн хар жаал Обама шиг ерөнхийлөгч болно гэж ярьж байгааг би мэдэхгүй. Гэхдээ л миний чиний хөл гарын хуруунуудаас олон гэдэгт би итгэлтэй байна.
100 жилийн өмнө дэлхийн эдийн засгийн 70 хувийг байхаа, 90-ээд оны үед талыг нь, 10-аад жилийн өмнө 40 хувийг, харин одоо 3-ны 1-ийг нь хийж байгаа энэ улс өөрчлөгдөж байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бид ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй. Бүгдээрээ өөрчилье!

Read more

Tuesday, May 19, 2009

Би архичин л даа, гэхдээ...

Зун цаг сайхан шүү. Ер нь дулаархаар би гадаа гарж гүйдэг юм. Орой гараад гүйж байхад гудамжинд янз янзын л зүйлүүд харагдах юм. Гуйвсан архичид, сайхан шоучид, дулаарч байгаа болохоор гадны жуулчид ч үзэгдэж эхэлж байх шиг.
Энэ жилээс харин өмнө нь ажиглагддаггүй байсан нэг зүйл нүдэнд их туслаа. Ажиглагддаггүй ч юу байхав, би л олж хардаггүй байсан байх. Шар толгойтой гадны залуу монгол бүсгүйг хөтөлчихсөн, 2лаа инээчихсэн их л баяр баясгалантай явж байгаа харагдаад байнаа. За нөгөөх чинь монгол хүүхнүүд рүүгээ дайрч давшлах нь гэж бодож байна уу? Үгүй шүү үгүй. Хүний хувийн амьдрал руу өнгийдөг хүн би бишээ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү надад хамаагүй гэдэг шиг, тэр хүүхнүүд хаанах хүнтэй юугаа хийж явах нь надад ёстой хамаагүй шүү.
Харин хөөе залуусаа! Та нарыг гудамжинд нь сайхан хүүхэн байнадаа гээд шүлсээ гойжуулаад харж байхад чинь өөр улсууд аль хэдийнэ өөрийн болгоод авчихаад байна айн. Манай нэг найзын хэлдгээр тэнэг чинь төдий чинээ байна даа. Худлаа баахан Оюу Толгой, Таван толгой, миний толгой гэж байхаар эхлээд хүнд тоогдохоор болвол яасан юм бэ айн? Нээх сүрхий монгол хүний ген, бидний цэвэр цус энэ тэр гэж лут лут юм ярьж байхаар өөрөө өөрийгөө авч явах чадалтай болцгооё оо бүгдээрээ айн? Би нээх тэнгэрт гарчихсан лут нөхөр юм болохоороо ингээд байгаан биш шүү. Яг л чамтай адилхан, гудамжинд харагдсан сайхан хүүхний бөгс рүү гөлөрч шүлсээ гойжуулдаг, Энхбаяр Элбэгдорж муу сайн луйварчид гэж том том баадаг чамтай л адилхан нөхөр. Гэхдээ ялгаа нь гэвэл чамайг чангаагаад байгаан. Доошоо биш, дээшээ шүү. За дээшээ нь ч юу байхав, ямартай ч муу биш зүйл рүү л чангаагаад байгаан.
Бүгдээрээ өнөөдрөөс эхлээд монгол хүнд ДОХ халддаггүй гэдэг шиг инээдтэй зүйл ярихаа больцгооё. Би архичин л даа, гэхдээ ямар ч баян гадаадаас илүү. Яагаад гэвэл би монгол цустай гэж дэмий агсамнахаа ч больцгооё.

Read more

Friday, May 15, 2009

Юунд ч итгэдэггүй хүн хамгийн чөлөөтэй сэтгэдэг. Учир нь тэр юунд ч итгэхэд бэлэн байдаг.

Юунд ч итгэдэггүй хүн хамгийн чөлөөтэй сэтгэдэг. Учир нь тэр юунд ч итгэхэд бэлэн байдаг. Read more

Tuesday, May 12, 2009

aLoneLy

Хэзээ билээ дээ ийм үг зохиож байсан юм. Зохиох гэж дээ. Харахад л юу гэсэн үг болох нь тодорхой байгаа байх.
alonely = alone+lone+one+only+lonely гэсэн 5 үгний нийлбэр. Ганцаараа байх дуртай, ганцаараа байдаг, маш их ганцаарддаг хүнийг тодорхойлсон үг.
Уул нь би их олон сайхан найзтай, сайхан гэр бүлтэй, тэдэндээ хайртай хүн. Гэхдээ дэндүү гэж хэлэхэд ч багадмаар дэндүү их ганцаарддаг. Хэдэн жилийн өмнө ганцаардаж суухдаа бичдэг байсан зүйлүүдээсээ оллоо.


Амаа биш чихээ илүү ашиглаж сур гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл ярихаасаа өмнө бусдыг, хэн нэгний ярихыг сонс гэсэн үг. Гэвч тэр хэн нэгэн нь би өөрөө яагаад байж болохгүй гэж? Миний 2 чихний хамгийн дуулгавартай үе нь миний ярьж байх тэр үед байдаг.

Хамгийн сайн наймаа бол өөрт хэрэггүй зүйлээ өөр хүний хэрэггүй зүйлээр солилцох. Мөн бие биенийх нь зүйлс хэрэгтэй байхад. Гэхдээ үүнийг дахиад 1 удаа бодож үзэх хэрэгтэй. Учир нь таны хэрэггүй гээд байгаа тэр зүйл чинь танд хэрэгтэй зүйлтэй чинь тэнцэхүйц тийм "хэрэгтэй зүйл" байна. Харин тэр хэрэгтэй гэж авсан чинь таны хэрэггүй зүйлтэй чинь адилхан өртөгтэй "хэрэггүй эд" байна. Тэгэхээр "хэрэгтэй зуйл"-ээ "хэрэггүй эд"-ээр солихыг сайн наймаа гэж хэлж болох уу.........

Хамгийн олон өнцөг булантай зүйлд ямар ч өнцөг булан байдаггүй.

Энэ хорвоод төрөөгүй бүх хүмүүст: Та нар азтай бна

Өөрийн зовлонг бусдад байхгүй гэж бодохоор өөрөөс маань бусад нь жаргалтай юм шиг

Үхэл гэдэг өчүүхэн зүйл, амьдрал гэдэг тэр чигээрээ агуу. Бид тэгэхээр тэр өчүүхэн зүйлээс айгаад байх тийм аймхай юмуу? Бас амьдрал гэдэг агуу зүйлийг амтлах тийм хувьтай хүмүүс мөн үү

Тусгал. Үнэлэмж тусгалаас хамаарна...

Чи үнэхээр л ухаантай бол чамайг дагагсад, болон чамайг эсэргүүцэгчид гэж хүмүүс 2 хэсэг хуваагдана. Тэгээд тэр эсэргүүцэгчид нь үнэхээр тэнэг хүмүүс байна. Учир нь чи ухаантай шүү дээ. Харин дагаж байгаа хүмүүсийг ухаантай гэж хэлж болохгүй, өөрийн бодолгүй бас л тэнэг улсууд. Тэгэхээр ер нь юу болчховдоо!?! энэ чинь?!?!.....

Энэ хорвоод аминдаа хайртай хүн өрөөсөө байхгүй юм. Бүгд л амьдралдаа хайртай юм даа...

Ядуу байж гуйлга гуйдаггуй хүнийг хамгийн баян хүн гэнэ.

Өөрөөсөө өндөр хүнийг дээрээс нь харж чаддаг хүнийг хамгийн өндөр хүн гэнэ.

Read more

Sunday, May 10, 2009

Ерөөсөө сонгуульд оролцохгүй саналаа өгөхгүй ээ

Энэ нээрээ сонгууль болох гээд хэнд саналаа өгөх үү гэж бодоод. Зурагт ч их үзлээ. Хэн нь юу гэх нь үү, хэнийх нь талаар хэн юу гэж ярих нь уу гээл...
Тэгсэн ерөөсөө сонгуульд оролцмооргүй санагдчихлаа. Монгол улс маань саяхан хэд хоногийн өмнө 2сая 700 мянган хүн амтай болжээ. Энэ олон хүнээс хамгийн муу муухай 2хон хүн нь шилэгдэж ерөнхийлөгч болох гэж байгаам шиг. Худалч хулгайч, авлигач дээрэмчин, хууран мэхлэгч, хошгируулагч гээд ерөөсөө хүнд байж болох бүх л муу муухай бүхэн шингэсэн 2 хүн л зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгч хэмээх тодотгол, албан тушаалд дэвшээд байгаан байна.
Багадаа ээжийнхээ түрийвчнээс мөнгө авч байсныг маань хулгай гэж тооцохгүй бол, тэгээд аваагүй гэж мэлзэж байсныг худлаа ярьсан гэхгүй бол, ангийнхаа охинд шоклад өгч бие даалтаа хийлгэж байсныг авлига гэж тооцохгүй бол, найзынхаа идэж байсан зайрмагийг булаагаад идсэнийг дээрэм гэхгүй бол, охин найрах гэж оролдож байсныг хуурсан, хошгируулсан гэхгүй бол би лав энэ 2оос 1000 түм дахин илүү хүн юм шиг байнаа. Ээжийнхээ түрийвчнээс мөнгө зөвшөөрөлгүй авч байгаагүй, хүний зайрмаг булааж идэж байгаагүй бүх хүн надаас илүү. Тэгэхээр бүр тэр илүү хүн нь нэр дэвшээд ерөнхийлөгч болчоосой. Харамсалтай нь үйлийн үртэй юм шиг хамгийн муу 2 хүнээ хэн нь арай дээр вэ гэдэг санал асуулга хийх гэж байгаам шиг л байхийн.
Тэгээд бүр ойрдоо Энхбаяр гэдэг нэртэй л хүн байвал уур хүрээд, ядаж байхад би яасан ч олон Энхбаярыг таньдаг юмбэдээ. Аз болоход Элбэгдорж гэдэг нэртэй хүн мань нэр дэвшигчээс өөр байхгүйм шиг байнаа.
Заза түмний минь сонголт мэргэн байж, төр засаг шударга сонгууль хийгээсэй. Бурхан намайг болон надтай адилхан бүх хүнийг ивээх болтугай. Амээн ч гэх шиг ;-)

Read more